Бүх нийтийн автомашингүй өдөр буюу есдүгээр сарын 22-нд болох гэж байгаатай холбогдуулан өртөөт марафон зохион байгуулна. Нийслэлийн иргэдэд эрүүл амьдралын хэвшлийг суулгах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, биеийн идэвхтэй дасгал хөдөлгөөн хийлгэх зорилгоор Биеийн тамир спортын газраас өртөөт марафоныг зохион байгуулах гэж байна. 2017 онд анх зохиож 700 гаруй хүн оролцож байсан бол энэ жил олон улсад сурталчлах зорилгоор дөрвөн насны A, B, C D гэсэн ангилалд нийтдээ 4000 мянган хүн оролцох бөгөөд “Үзэсгэлэнт Улаанбаатарын цом- Нэг бүс-Нэг зам” нэртэйгээр БНХАУ-тай хамтран зохион байгуулж байна.
Өртөөт марафонд багаар оролцох боломжтой бөгөөд нэг багт хоёр эрэгтэй, хоёр эмэгтэй байна. Дөрвөн насны ангилал тус бүрийг А шар, B улбар шар, C хөх, D ягаан гэх өөр өөр өнгөөр ангилж байгаа бөгөөд уралдааны замууд тус өнгөөрөө хоорондоо ялгагдана. Өртөө тус бүр насны ангиллаасаа хамаараад харилцан адилгүй байна. Гараа хоорондын зай найман минутын зайтай байхаар зохицуулагджээ.
- А буюу Сурагч ангилалд 14-17 насны хоёр сурагч (Өртөө хоорондын зай 1-1,6 км)
- B буюу Залуучууд ангилалд 18-34 насны оюутан, ажилчин, гадаад иргэдээс бүрдсэн 2 гишүүн – (Өртөө хоорондын зай 1.8-2,8 км)
- С буюу Ахмадууд ангилалд 55-аас дээш насны 2 иргэн – (Өртөө хоорондын зай 2 км хүртэл)
- D буюу Нээлттэй ангилалд 35-54 насны гэр бүл, гадаадын иргэдээс бүрдсэн 2 гишүүн – (Өртөө хоорондын зай 2 км хүртэл)
Оролцогчид Чингисийн талбайгаас өөрсдөд нь тараасан хугацаа болон газрын зургийн тохиргоо бүхий чипийг авч ангиллын дагуух маршрутаар дамжих ба дөрвөн өртөөг сонирхолтой дарааллаар олж өртөө тус бүрт чипээ уншуулснаар барианд ирнэ. Ингэхдээ өртөө алгасахыг хориглоно. Маршрутыг Улаанбаатар хотын түүхэн дурсгалт газруудаар дайруулахаар сонгосон иргэдэд хотын гудмуудыг илүү танин мэдүүлэхэд чиглэгдсэн байна.
Марафоны үеэр зүүн дөрвөн замаас баруун дөрвөн зам болон Сөүлийн гудамж, мөн Сансарын тунелээс Намянжугийн гудамж хүртэлх замыг хаахаар болжээ. Марафоны бүртгэл өнөөдөр 17:30 минут хүртэл Спортын төв хорооны нэг давхарт явагдаж байгаа бөгөөд бүртгүүлэхэд регистрийн дугаар, овог нэр, харъяа аймаг, дүүрэг, хорооны хаяг, утасны дугаар, нэг хувь цээж зураг шаардлагатай. Бүртгүүлсэн иргэд есдүгээр сарын 22-ны өглөө Чингисийн талбайд ирж маршрут болон чипээ авч бүртгэлээ баталгаажуулан 10.00 цагаас уралдаан эхэлнэ.