Өршөөлийн хууль хэрэгжиж, 2071 хүн хорих ангиас суллагдсан. Өршөөгдөгсдийн 1558 нь одоогоор гэртээ очсон гэдгээ цагдаагийн байгууллагад албан ёсоор мэдэгдэж, бүртгүүлсэн байна. Өршөөгдсөн иргэдийг дахин гэмт хэрэгт холбогдохоос нь урьдчилан сэргийлж, Хөдөлмөрийн яам харьяа хөдөлмөрийн хэлтэс, ажил олгогчтой холбон ажлын байраар хангана гэж мэдэгдсэн. Тэгвэл өнөөдрийн байдлаар суллагдсан иргэдийн 300 гаруй нь өөрийн харьяа хөдөлмөрийн хэлтэстээ бүртгүүлж, ажилд орох анкет бөглөжээ. Харин 100 гаруй нь цалинтай л бол өнөө маргаашгүй ажилд ороход бэлэн гэсэн хүлээлттэй байна. Хүйтний улирал эхэлж, барилга бүтээн байгуулалтын ажил зогсож, ажлын байр хомс тал руугаа шилжсэн. Одоо эрэлттэй ажлын байр нь үйлчилгээ, боловсруулах үйлдвэрийн салбарт гарч буй аж.
Хөдөлмөрийн яамнаас өршөөгдсөн иргэдтэй ганцаарчилсан уулзалтуудыг хийж, тухайн хүн яг ямар мэргэжлээр, аль салбарт хэдэн төгрөгийн цалинтай хөдөлмөр эрхлэх сонирхолтой байна вэ гэдгийг сонсож, ярилцан холбогдох зааварчилгааг, зөвлөгөөг өгч эхэлжээ. Нөгөө талдаа ажил олгогчидтой тохиролцож, нэг жилээс дээших хугацаанд суллагдсан иргэдийг тогтвортой ажлын байраар хангаач гэсэн санал Хөдөлмөрийн яамнаас тавьжээ. Хэрэв ажил олгогч тухайн иргэдийг найдвартай, тогтвортой ажлын байраар хангавал Хөдөлмөр дэмжих тухай хуульд зааснаар хөдөлмөрийн хөлсийг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэхүйц мөнгөн дүнгийн урамшууллыг нэг жилд авах боломжтой.