Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Бадарчийн Бямбабаяр. Энэ хүн бол Монголын орчин цагийн хөгжмийн урлагт өөрийн өнгө аялгууг цацруулж, ард түмний сэтгэлд хоногшсон олон дууны аялгууг бүтээж яваа өнөө цагийн шилдэг хөгжмийн зохиолчдын нэг билээ.
Товлосон ёсоор хөгжмийн зохиолчийнд очлоо. “Морин хуур” наадмын тэргүүн шагналтанд гардуулдаг морин хууруудаа хүндэтгэлтэйгээр хоймортоо байрлуулжээ. Хөгжмийн наадам, уралдаануудаас хүртсэн цом, шагнал, батламжуудаа ч ихэд нандигнан залжээ. Гавьяат маань эхээс долуулаа. Айлын дундах. Б.Бямбабаяр “Би чинь их азтай. Айлын дундах хүүхэд болохоор гэр орны хар бор ажилд нэг их гар хүрдэггүй байлаа. Бага насандаа амьдралын хатуу хөтүүг туулсан гэж хүмүүс ярьдаг. Гэтэл би ерөөсөө тийм юм үзээгүй. Ах, эгч, дүү нар минь бүхнийг хийгээд явчихдаг байлаа. Би болохоор хөгжим тоглоно. Бурхан цаанаас нь тэгээд хуваарилчихсан юм шиг санагддаг. Энэ Бямбабаяраар элдэв ажил битгий хийлгэ. Хөгжмөө л тоглог гээд цаанаасаа зурчихсан байх. Манай том ах, дүү нарынхаа ажил амьдралыг төвхнүүлэхэд их анхаарал хандуулна. Харин хөдөө байгаа дүү маань бид хэдийн мах шөл, цагаан идээг бэлтгэж мал хуйгаа өсгөдөг юм. Эндээс очсон хүмүүсийн хоол цайг бэлтгэдэг ажилтай даа” гэсээр том ах Бямбаа, дүү Баасансүрэн, ээжтэйгээ хамт авахуулсан зургаа үзүүлээд “За нөгөө, ачаалалтай хоёр маань энэ хоёр шүү дээ” хэмээн инээгээд “Дүү маань Өвөрхангай аймгийн Хужирт сумын хоёрдугаар багийн малчин” гэж товч танилцуулав.
Хөгжмийн зохиолчийн аав нь жинхэнэ улаан коммунист хүн байсан гэнэ. Хужиртдаа алдартай. Нам, төр засгаас зохион байгуулсан бүхий л ажилд сум, багийнхнаа хошуучилж, оройлж уриалж дууддаг, нягтлан мэргэжилтэй нэгэн байжээ. Хүмүүс ирж зовлон гунигаа хуваалцаж өргөдөл хүсэлт бичүүлдэг байж. Ардын их хурлын депутат болохоор бусад нь түүнийг ихэд хүндэтгэнэ.
Хот хүрээ рүү хурал семинарт явах хүмүүс аав дээр нь ирж костюм пиджак, цагаан цамц сэлтийг нь гуйж өмсдөг байж. Зохиолч Ц.Гайтавтай хамт Санхүүгийн сургуулийг нягтлангаар төгсч байсан гэнэ. Тэр хоёр нэг өрөөнд амьдардаг байсан бөгөөд Ц.Гайтав гуай шүлэг бичээд хужаагийн гуанзнаас боов, мантуу зэргийг сольж авдаг байсан тухай аав нь дурсч ярьж байжээ. Харин ээж нь их сайхан исгэрдэг байсан гэнэ. Гүүгээ сааж байхдаа исгэрнэ. Ямар нэг дуу исгэрээд байна уу гэхээр ер тийм биш. Өмнө нь сонсч байгаагүй гоё гоё ая сонсогддог байсан болохоор ээжийгээ ая зохиогоод л исгэрдэг байсан болов уу гэж Б.Бямбабаяр гавьяат маань хэлээд “Манай ээж их сайхан исгэрдгээс гадна бэлэн цэцэлдэг байсан юм. Уурласан ч, инээсэн ч толгой холбоод л бэлэн цэцэлнэ дээ. Ээжийн тэр сайхан далд авьяас, билгийг нь би өвлөж авсан байх. Би чинь таван настайдаа хөгжим тоглоод сурчихсан юм. Тэр үед байсан даа, гармошик гэж. Тэрийг тоглоно. Сумынхаа клубт сандал дээр суугаад хөгжмөө дарна. Миний хөл газар хүрэхгүй, тэгсэн хэрнээ өвөр дээрээ том хөгжим тавьчихсан. Яг үүнийг дүрсэлсэн модон сийлбэрийг манай сумынхан гавьяатын найран дээр бэлэглэж билээ” гээд “Надаас урлагт хэдэн оноос зүтгэсэн бэ гэвэл 1967 оноос хойш зүтгэж явна гэх нь байна шүү” гээд инээлээ. Хүүхдүүд нь салхин цэцэг тусчихаж. Салхи савир авахуулахгүй гээд ээжтэйгээ нөгөө өрөөндөө байх. Гэрийн эзэн гадуур дотуур явдаг завгүй ажилтай ч эднийх ер нь тэмдэглэлт баяруудыг гэр бүлээрээ хамтдаа өнгөрүүлдэг юм байна. Танайд цагаан сараар дуучдаас эхлүүлээд таны шавь нар гээд олон хүн ирнэ биз. Хэдэн мянган бууз хийдэг вэ гэж асуувал өрхийн тэргүүн “Үхрийн нэг гуя. Бас хонины нэг гулууз мах гэхээр хичнээн бууз болох вэ. Тав, зургаан зуу орчим бууз гарч байна гэсэн үг үү” гээд инээснээ “Арай тийм биш юм аа. Би нээрээ яг хичнээн бууз хийдгийг мэддэггүй юм байна шүү. Би буузанд хийх өөх сүүлийг нь дөхүүлдэг юм. Би ер нь гэрийн ажлаас хол хүн шүү дээ. Нэг хэсэг ганцаараа амьдардаг байлаа. Тэр үед ах маань хоол хүнс, ахуйн хэрэгцээний зүйлүүдийг минь дөхүүлж өгдөг байсан юм. Намайг уран бүтээлээ тасралтгүй хийж, олон сайхан бүтээл гаргахад хамгийн ихээр тусалж, намайг ойлгож явдаг хүн бол миний ах шүү дээ. Харин гэргийтэйгээ учраад хорвоогийн сайн сайхан бүхнийг мэдэрч явна. Миний гэргий чинь Алунгоо, Мандухай хатад шиг л гэртээ үр хүүхдээ өсгөдөг гэрийн хүмүүнлэгийн их сургуулийн захирал хийж байгаа. Мандухай чинь Багшийн сургуулийг төгсөөгүй, Алунгоо чинь анагаахыг дүүргээгүй шүү дээ” гэж хошигнолоо.
Өдөржингөө ажил төрлөө эмхэлж уулзалт хийж яваад орой чөлөөтэй болно. Хүүхдүүдээ унтсан хойгуур, нам жим болсон хойно төгөлдөр хуурын өмнө сая сууж хөгжмөө зохионо. Гэхдээ нялх хүүхдүүдтэй болохоор ажлынхаа төгөлдөр хууран дээр ихэвчлэн зохиол бүтээлээ туурвиж байгаа аж. Чимээгүй аниргүй цагаар л хөгжмийн бүтээл дээрээ суувал гараас нь юм гардаг гэнэ. Тэгээд нэг мэдэхэд өглөө болж нар мандахад сая нэг өндийнө. Хөгжмөө зохиогоод шөнөжингөө суучихсан байхад маргааш нь ядарна гэж ер байхгүй. Улам л эрч хүч орж, дотор байсан зүйлээ гадагшлуулчихаар сэтгэл нь ч уужирчих шиг санагддаг гэнэ. Яг зохиол дээрээ суусан тохиолдолд тамхи бараг татахгүй. Харин бусад үед тамхийг нэлээд баагиулдаг аж. Уран бүтээлчдийн хувьд зарим үед нэг бүтээл гаргах гэж олон цаг, олон сар бүр хэдэн ч жилээр шаналах үе бий. Энэ тухай Б.Бямбабаяр зохиолчоос сонирхвол “Би ерөөсөө зовдоггүй. Хэзээ ч гараасаа зовж байж бүтээл гаргаж байгаагүй юм байна” гэлээ. Өөртөө итгэлтэй, нээлттэй ямар ч сэдвээр ярьсан түүнтэй холбоотой хөгжилтэй түүх ярьж чин сэтгэлээсээ инээнэ. Дээр үеийн мундгуудтай холбоотой сонирхолтой үүх түүх ярихын зэрэгцээ өөрт тохиолдсон хөгжилтэй явдлаа ярьж дэргэд байгаа хүндээ аз жаргал бэлэглэхийг хичээдэг нь анзаарагдаж байв. Өөрийгөө “Би чинь бас тийм ч сайхан зантай хүн биш ээ. Хямсгардуу хүн шүү дээ” гээд инээлээ. “Аз жаргалтай хүн чанга, тасхийтэл инээдэг гэдэг. Ах нь хүнийг цочтол чанга инээнэ шүү” хэмээлээ.
Та хойно хөгжмийн сургуульд сурч байгаад хаяад ирсэн гэл үү, хөөгдөөд ирсэн гэдэг бил үү. Тиймэрхүү зүйл сонсч байсан юм байна гэвэл “Свердловскт хөгжмийн зохиолчоор сурч байсан юм. Зодоон хийгээд хөөгдөөд ирэхгүй юү” гэлээ. Хэддүгээр курстээ вэ гэж асуутал “Ерөөсөө нэгдүгээр курстээ. Очоод их л гайгүй байсан юм байлгүй. Мэргэжлийн багш маань намайг Монголын Моцарт гэж хөөргөөд л. Би мэргэжлийн хичээлээсээ өөр ямар ч хичээлд суудаггүй, тийм танхай. Монгол оюутнуудтай сургуулиудаар явж уригдаад л гитар барьж дуулаад явдаг. Тэгж яваад согтуудаа хэтрүүлээд зодоон хийгээд хөөгдөхгүй юү. Ирээд Монголд дүүргэсэн ухаантай” гэлээ.
“Би чинь их орой өрх тусгаарласан хүн шүү дээ. Аавынхаа өвөрт байж байгаад л 1976 онд наймдугаар анги төгсөөд Багшийн сургуульд ороод ахынхаа өвөрт шилжсэн хүн. Аавын хайраар халамжилж өдий болтол л явж байна шүү дээ. Миний ах чинь их мундаг. Евразийн шинжлэх ухааны академич, доктор, профессор, НҮБ-ын Шинжлэх ухааны алтан медальтай академич. Малын гавьяат эмч. Нэг хэсэг ахын минь тухай муугаар их шуугьсан даа. ХААИС чинь миний мэдэхийн хонины хашаа шиг хашаатай, хэн ч ордоггүй сургууль байсан юм. Манай ах захирлаар нь очоод сургууль шиг сургууль болгоодохсон чинь эзэн суух хүн нь олон болоод ил далдаар хилс хэрэгт хутгаад балласан ш дээ, муу ахыг минь” гэж өгүүллээ. Б.Бямбабаяр “За ах нь ингээд гэртээ тогтдоггүй юм. Одоо студи руу явахгүй бол болохгүй нь” гэлээ. Ингээд бид түүнтэй студиэр нь орлоо. Дараа нь Соёлын төв өргөөн дэх ажлын өрөөнд нь зочлов. Хоёр дахь гэр нь болсон энэ өрөөний хананд 2014 онд хийсэн “Дэндүү дээ дэндүү” тоглолтын тайзнаа Төрийн соёрхолт Д.Сосорбарам, Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар нартай хамт авахуулсан зурагтай жааз, “Морин хуур 96” наадмын тэргүүн байрын шагналын морин хуур, номын сангийн тавиурууд дээр нь дурсамж, бэлэг дурсгалын зүйлс өрөөтэй байв. Ширээн дээгүүр нь ноттой цааснууд, бас В.Э.Мейерхольдын өгүүлэл, захидал, хэлсэн үг, яриатай зузаан ном дэлгээтэй байх. Харин төгөлдөр хуурын нот тавьдаг тавиур дээр “Бүрдийн бөхчүүд” гэдэг нэртэй шүлэг бичсэн цаас байв. Хөгжмийн зохиолч маань уг шүлэгт ая зохиосноо бидэнд сонсгов. Б.Бямбабаяр гавьяатын эгч Б.Баяртогтох нь их сайхан дуулна. Эгч нь тухайн үедээ хит болж байгаа дуунуудыг дуулдаг байсан гэнэ. Эгчийгээ дуулахыг сонсоод л тэдгээр дууг нь сураад авчихдаг байж. Тийм болохоор эгчийгээ өөрийнхөө анхны багш хэмээн боддог гэнэ. Энэ тухайгаа ч гавьяатынхаа найран дээр эгчдээ хэлжээ. “Тэгэхээр албан ёсны бус багш маань миний эгч болж таараад байгаа юм. Сургуульд ороход дуу хөгжмийн багш маань Очирбат гэж ёстой алдартай багш байсан даа. Н.Жанцанноров гуайн багш. Сургуулийн “Хангийн цуурай” чуулгын багш, жүжиг тавина, үлээвэр хөгжмийн дугуйлан ажиллуулна. Ёстой тал бүрийн авьяастай багш байсан. Тэгээд дараа нь бадрангуй алдарт Багшийн сургуульд орлоо. Ангийн багш маань Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Ц.Чинзориг. Дөрөвдүгээр курсээсээ Н.Жанцанноров багш дээр очсон, мэргэжлээрээ. Сургуулиа төгсөөд сургуульдаа үлдэж насаараа багшиллаа даа” гэж өөрийнхөө намтрыг өгүүлэв. Одоо Б.Бямбабаяр гавьяат маань MOSCAP буюу Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн даргын албыг хашдаг. Ажлын өрөөнийхөө хойморт уг нийгэмлэгийнхээ логог байрлуулжээ. Энд буй төгөлдөр хуур дээрээ сүүлийн үеийн олон мундаг зохиол бүтээлээ туурвижээ. “Хязгааргүй” ганц хүний мюзикл, “Хүннү” бүрэн хэмжээний дуурь түүнчлэн олон арван сайхан дууны аялгуу төрсөн ийм ерөөлтэй хуур юм байна.
Гавьяатаас “Морин хуур” наадамд түрүүлсэн болон шагнал авсан бүтээлүүдээ нэрлэхийг хүслээ. Тэгтэл “Замбараагүй ш дээ” хэмээс-нээ эхнээс нь нэрлэв. “1990 онд “Ээжээс ерөөл хүсэх дуу” тусгай шагнал, 1991 онд “Эрийн сайхан хийморь” үзэгчдийн нэрэмжит шагнал, 1992 онд “Орхон түшээ мөрөн” тэргүүн шагнал, 1993 онд “Үйлс цагаан Монгол” дууг поп хатагтай Б.Сарантуяа дуулж үзэгчдийн нэрэмжит шагнал, 1996 онд “Эзэн заяа” дууг Ч.Мөнхшүр эгч дуулж тэргүүн шагнал, 1997 онд “Газрын цэнхэр нүдэн” дуу дэд байр. Их сүртэй. Их шуугиулсан дуу. Талийгаач П.Ганбат гавьяат дуулсан юм. Гадаадаас ирж ганц дуу дуулаад буцлаа гэж бөөн шуугиан дэгдээж байлаа. 1998 онд “Тэнгэрийн хишиг” дуу тусгай шагнал, 1999 онд “Хүйн хайр” бас тусгай шагнал. 2000 онд “Эрхлэхийн заяатай хорвоо” тэргүүн шагнал. 2001 онд “Алтанхан орчлонг хэн гийгүүлэх юм бэ” дэд байр, 2004 онд “Сэрүүн саран дор” тусгай шагнал, 2006 онд дөрвөн номинациар зохиогдоход хоёрт нь түрүүлээд, хоёрт нь дэд байрт орж байлаа” гэлээ.
“Ундааны дээж архийг болбол хө” гэж эхэлдэг “Гунигт сэтгэлийн дуу” 1990-ээд оны эхээр жинхэнэ хит болж хүн болгон л дуулдаг байлаа. Энэ дуутай холбоотойгоор найз нөхөд танилууд нь “Энэ дуу чинь ёстой хит болж хүн бүхэнд хүрсэн дээ. АПУ-г хөл дээрээ бостол нь дуулсан шүү” гэж цаашлуулж байжээ. Энэ мэтээр бөхчүүдийн талаар, Ж.Мөнхбат аваргатай “Сайн байна уу” хэмээн мэндэлтэл өөдөөс нь “Солиор” гэж хэлүүлж байсан тухай, энэ улстөрчид урлагийн мэдрэмжээ сайжруулж хөгжмийг нэгэн том зэвсгээ болгох тухай ч ярилцсаар бид түүний ажлын өрөөнөөс 20 цагийн үед гарахад хөгжмийн зохиолч маань тамхиа татангаа “За дараа баяртай уулзъя” хэмээсээр өрөөндөө, ноттой цааснуудынхаа дунд инээмсэглэсээр үлдсэн юм.
Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН