Categories
мэдээ нийгэм

Өрхийн эмч нарыг Солонгост сургана

Нийслэлийн эрүүл мэндийн газрын
харьяа Дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэг, өрхийн эрүүл
мэндийн төвүүдээс жил бүр 10 гаруй эмч, эмнэлгийн ажилчдын зардлыг даан
БНСУ-д сургах, мэргэжилтэн солилцон ажиллуулах хамтын ажиллагааны санамж
бичигт гарын үсэг зуржээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл
Бүгд Найрамдах Солонгос Улсын Гёнги мужийн захирагч Нам Кюм-Пилийг
долдугаар сард эдийн засгийн харилцан ашигтай төсөл хөтөлбөрүүд
хэрэгжүүлэх, эрүүл мэндийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх санамж
бичигт гарын үсэг зурсан.

Энэ санамж бичгийн хүрээнд Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга
Ш.Энхбат энэ сарын 20-24-ны хооронд Гёнги мужид дөрвөн өдрийн ажлын
айлчлал хийж, дээрх санамж бичигт гарын үсэг зуржээ.

Гёнги муж нь 28 хот, 20 дүүрэгтэй, 13 сая хүн амтай Солонгосын
хамгийн том муж бөгөөд эрүүл мэнд, халамжийн газрын дарга И Хан Гёнь
төлөөлөгчдийг хүлээн авсан байна.

Мөн цаашид эмнэлгийн мэдээллийн систем, эмнэлгийн тоног төхөөрөмж, эм,
эмийн бүтээгдэхүүний талаар мэдээлэл солилцох, хавдар, тархи болон зүрх
судасны өвчнөөс сэргийлэх, түргэн тусламжийн системийг нэвтрүүлэх,
эмнэлгийн тусламж үйлчилгээ, сургалт, эрүүл мэндийн салбарын
бодлоготой холбоотой хурал, үзэсгэлэн худалдааг зохион байгуулахад хоёр
тал бие биедээ дэмжлэг үзүүлэх юм.

БНСУ-ын “Мёнжи” эмнэлгийн дарга Ли Жан Хёг ойрын хугацаанд Монголоос 4-5
эмчийг өөрийн эмнэлэгтээ сургах хүсэлттэй байгаагаа илэрхийлсэн бөгөөд
Монгол талаас зөвхөн замын зардлаа хариуцах талаар тохиролцсон байна.

Мөн төлөөлөгчид Korean Drug эмийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцан
цаашид манай улсад хэрэгцээтэй байгаа (томуу, томуу төст өвчин, харшил
гэх мэт) чанарын баталгаатай эмүүдийг Монгол Улсын эмийн бүртгэлд
бүртгүүлэн үйлдвэрийн үнээр нийлүүлэх талаар харилцан санал солилцсон
байна.

Тус айлчлалаар мөн Нийслэлийн Эрүүл мэндийн газартай гэрээтэй хамтран
ажиллаж буй БНСУ-ын Руй Санса корпорацийн төлөөлөлтэй уулзаж, хамтран
хэрэгжүүлж буй “Иргэдийн эрүүл мэндийг сайжруулах” төслийн хүрээнд
хийгдэж буй ажлын үр дүн цаашид энэ төслийг хэрхэн эрчимжүүлэх,
өргөжүүлэх талаар хэлэлцээ хийжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *