Тариаланчдын тариа ногоогоо хураах их ажил ямартай ч ард үлдлээ. Улсын хэмжээнд ургац хураалтын ажил бүрэн дуусаад байна. Хэн хэдэн га талбайгаас хичнээн тонн үр тариа авсан гэх тоог тус бүрдээ тариаланчид гаргаж суугаа. Харин улсын хэмжээнд хичнээн тонн ургац хураасан болох нэгдсэн мэдээллийг Хүнс, хөдөө аж ахуйн яам энэ сарын 20 гэхэд гаргахаар бэлтгэж байна. Тодруулбал, хөдөө орон нутгуудад газар тариалангийн холбогдох мэргэжилтнүүд ажиллаж байгаа гэсэн үг.
Ямартай ч Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас урьдчилсан баланс мэдээллийг гаргажээ. Өнөө жил улсын хэмжээнд нийт 512 мянган га талбайд тариалалт хийсэн байна. Ингэхдээ 360 мянган га-д улаан буудай, 12.9 мянган га-д төмс, 7.1 мянган га-д хүнсний ногоо тарьсан байна. Харин 78.5 мянган га-д тосны ургамал, 19.5 мянган га-д тэжээлийн ургамал, 5.4 мянган га-д эмийн ургамал тарьсан юм байна. Ийм хэмжээний тариалалт хийгээд ургац хураалтын үеэр хичнээн тонн үр тариа авахаа мэдээж тооцоолж гаргасан байдаг. Урьдчилсан байдлаар 400 мянган тонн буудай, 117 мянган тонн төмс, 75 мянган тонн хүнсний ногоо хураахаар тооцоо гаргажээ. Түүнчлэн 28 мянган тонн тосны ургамал, 53 мянган тонн малын тэжээлийн ургамал хураан авах урьдчилсан баланс гаргасан байна.
Тэгвэл хамгийн сүүлийн мэдээгээр улсын хэмжээнд 278 мянган га талбайгаас 200 мянган тонн буудай хураан авчээ. Мөн 163 мянган тонн төмс, 71 мянган тонн хүнсний ногоо, 42 мянган тонн малын тэжээл, 21 мянган тонн тосны ургамал тус тус хураан аваад байна. Үүнээс харахад буудайн хураалт тооцоолсноос 50 мянган тонноор бага байна. Харин өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад 289 мянган тонноор бага байгаа юм. Учир нь өнгөрсөн онд 489 мянган тонн буудай хураан авч байжээ. Тосны ургамал, малын тэжээлийн тухайд урьдчилсан байдлаар гаргасан тооноос 4-5 мянган тонноор буурсан үзүүлэлттэй байна. Гэхдээ энэ жил төмс ургац сайтай байсан талаар тариаланчид ярьж байсан. Тэгвэл төлөвлөснөөсөө 50 мянган тонноор илүү төмс хурааж авчээ. Одоогоор дотоодын гурил үйлдвэрлэлд 108 мянган тонн буудай нийлүүлээд байгаа аж.
Ургац хураалтын талаар Хүнс, хөдөө аж ахуйн Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуунаас тодрууллаа.
-Энэ жилийн тухайд өмнөх жилүүдээс ургац хураалт харьцангуй багатай байна гэсэн урьдчилсан тоо гарсан байна. Үүнд цаг агаарын нөхцөл байдал голчлон нөлөөлсөн гэх юм?
-Тариалалт хийснээс хойш тав, зургадугаар сарын сүүлээр тариалангийн бүс нутгуудаар хур бороо ороогүй. Ерөнхийдөө 50 гаруй хоног бороо ороогүй. Таримлын ид бутлалт, соёололтын үед хөрсний чийг, хур бороо маш чухал байдаг. Тэгвэл энэ жил үр тариа зөвхөн хөрснийхөө чийгээр дээшээ зүтгэж ургасан. Таримлын өсөлт 14-20 хоног зогсонги байдалд орсон. Тариалангийн бүс нутгаар долдугаар сарын 7-ноос бороо орсон. Үүнээс хойш тариа нэлээн сэргэсэн.
-Мэдээж урьдчилсан балансыг гаргасан байсан биз дээ?
-Цаг агаарын нөхцөл таагүй байсан ч энэ жилийн ургацын урьдчилсан балансыг гаргасан байгаа. Наймдугаар сарын 25-нд гарсан урьдчилсан балансаар 297 мянган га талбайгаас тариа хураахаас 278 мянган га-аас буудай хураана. 12.1 мянган га-гаас төмс, 6.6 мянган га талбайгаас хүнсний ногоо, 53 мянган га-гаас тэжээлийн ургамал, 55 мянган га-гаас тосны ургамал хурааж авна гэсэн урьдчилсан баланс гарсан. Баланс гарсны дараа есдүгээр сарын 3-наас ургац хураалт улсын хэмжээнд эхэлж 7-н гэхэд ерөнхийдөө жигдэрсэн байгаа. Гэтэл наймдугаар сарын сүүлээр ихэнх нутгаар бороо орсон. Уг борооны улмаас хавар өсөлт нь зогссон тариа хэнзэлж урган ургац хураалтад нэлээд бэрхшээл үүсч удааширсан.
-Ургац хураах үеэр ихэнх нутгаар нойтон цас орж, цочир хүйтэрсэн. Энэ үеэр тариаланчид хэр хэмжээний хохирол амссан бэ?
-Хураалт жигдрээд явж байтал есдүгээр сарын сүүлийн арав хоногт газар тариалангийн бүс нутгуудаар хур тунадас их орлоо. Зарим газраараа нойтон цас орсон. Мөн аравдугаар сарын сүүлийн хоёр гурав хоног усархаг бороо орлоо. Үүний улмаас ургац хураалт багагүй хугацаагаар хойшилсон. Зарим тариаланчид тариагаа цасанд даруулсан гээд бидний балансаар тогтоосон ургацын хэмжээ буурсан.
-Энэ жилийн ургац хураалт тооцоолж байснаас хичнээн хувиар багассан бол?
-Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд ургац хураалт дуусаад байна. Хөдөө орон нутгийн үтрэмд буудайгаа цэвэрлэх, ялгах ажил явагдаж байна. Одоогийн байдлаар нэгдсэн мэдээлэл гараагүй байна. Энэ сарын 20-н гэхэд яаманд тодорхой болно. Бид ямар ч байсан энэ сардаа багтаагаад орон нутгуудаас ургацын дүнг авч нэгтгээд Засгийн газарт танилцуулах болно. Өнөөдрийн байдлаар 200 мянган тонн улаан буудай үтрэм дээр буусан гэсэн мэдээлэлтэй байна. Анх яамны зүгээс 300 мянган га-д улаан буудай тариална гэж төлөвлөгөө гаргаж байсан. Ингээд 360 мянган га талбайд улаан буудай тариалсан. Үүнээс 400 гаруй мянган тонн улаан буудай хурааж авах бөгөөд дотоодын үйлдвэрүүдэд 320 мянган тонн буудай нийлүүлнэ гэсэн төлөвлөгөө байсан. Харамсалтай нь энэ тоондоо хүрээгүй. Урьдчилсан балансаар дотоодынхоо гурилын хэрэгцээний 58 хувийг хангана гэж үзэж байсан бол өнөөдөр 50 хувьд ч хүрээгүй л сууж байна.
Сүүлийн жилүүдэд цаг агаар тааламжтай байсан. Үүнээс гадна тариаланчид дахин цаг агаар тааламжтай байх юм шиг бодож сэлгэн тариалалтыг нэг их илүүд үзэхгүй өмнө тарьсан гуурсандаа тариалалт дахин хийсэн. Энэ нь өнөө жилийн ган гачигтай холбоотойгоор ургацын гарц муудсан байх жишээтэй. Мөн балансад орсон талбайд тариа хэнзлээд ирэхээр тэжээлд бэлтгэх зориулалттай хураадаг ч юм уу. Ийм байдлаар урьдчилан тооцоолж гаргасан баланс өөрчлөгдөж байна л даа. Төмсний гарц бол энэ жил сайн байсан. Харин хүнсний ногооны хувьд хавар бороо хургүй байсантай холбоотойгоор мөн өсөлт буурч гарц багассан. Мөн эмийн ургамал ургалт муу жил байлаа.
-Тариаланчид бүгд л ерөөсөө хур бороогүй ороогүй гэж байна. Яг аль нутгаар илүү гантай байсан бол?
-Тариалангийн бүс нутаг болох Сэлэнгэ аймгийн ихэнх сум, Төв аймгийн хойд тариалан бүхий зургаа, долоон сум, Булган аймгийн хойд сумд, Хөвсгөл аймгийн зүүн хойд сумд, Хэнтий аймгийн зарим сум байна. Яг эдгээр нутгаар хур бороо багатай байсан гэсэн үг. Тэр дундаа Сэлэнгэ аймгийн Сант, Баруунбүрэн, Номгон сум болон Дарханы Орхон сум ганд хамгийн их нэрвэгдсэн. Долоон сарын бороо ч дээрх сумдад ороогүй.
-Зарим тариаланчид ургацынхаа 70-90 хувийг алдсан гэх мэдээлэл цацах боллоо. Яг хэдэн хувиар алдаад байна вэ?
-Би дээр хэлсэн. Зарим аж ахуйн нэгж ургацынхаа 80 хувийг ч алдсан тохиолдол байна. Гэхдээ нэг аж ахуйн ургац хураалтын байдлаар улсын хэмжээний хохирлыг тооцох боломжгүй шүү дээ. Мэдээж зарим тариаланчид хүнд байдалд ороод байгаа нь үнэн ч нийтэд улс тэр чигтээ ургацаа алдчихсан мэт ташаа ойлголт төрүүлж болохгүй. Яамны зүгээс шат дамжлагатай балансын мэдээллийг гаргадаг. Би ганцаараа нэгдсэн тоо цээжээрээ гаргачихдаг юм биш. Нэгдсэн тоо гараагүй байхад би худлаа тоо хэлэх эрхгүй. Нэгдсэн мэдээлэл энэ сарын сүүлээр тодорхой болно гэв.
Энэ жилийн тухайд ургац хураалтын гол шалтгаан нь тав, зургадугаар сарын олон хоног үргэлжилсэн бүгчим халуун байсан гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Тухайн үед хөрсөн дээр 60-64 хэм хүрч халсан байна. Энэ нь гангийн нөхцөлийг үүсгэсний зэрэгцээ найм, есдүгээр сард орсон их хэмжээний хур тунадас нь тариа хэнзлэх, хогийн ургамал их хэмжээгээр ургах нөхцөлийг бий болгожээ. Ингээд тариа хураах үеэр их хэмжээний нойтон цас орж, хөрсөнд цочир хүйтэрсэн гээд цаг агаарын эдгээр үзэгдэл нь урьдчилсан балансаар тогтоогдсон ургац хураалтын тоо 30 орчим хувиар буурах нөхцөлийг үүсгэсэн байна. Тодруулбал, аравдугаар сард 50.7 мянган га-г ангилан хадаж, 50 мянган га-г цайруулан, 228.4 мянган га-г шууд хураалт хийсэн юм байна. Сэлэнгэ аймаг нийт 242 мянган тонн, Төв аймаг 113 мянган тонн, Булган 47 мянган тонн тариа, ногоо хурааж эхний гуравт бичигдэж байна. Өнгөрсөн жил улсын хэмжээнд нийт 489 мянган тонн буудай, 164 мянган тонн төмс, 102 мянган тонн хүнсний ногоо, 51 мянган тонн тосны ургамал, 40 мянган тонн тэжээлийн ургамал хураан авч байсан юм. Энэ нь сүүлийн 20 жилд хурааж байгаагүй их хэмжээний ургац хураасан тохиолдол болсон билээ.
Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН