Categories
мэдээ цаг-үе

“Урианханы хөх чоно” Д.Жамъян зохиолчийнд өнжлөө

Соёлын гавьяат зүтгэлтэн, МЗЭ-ийн болон нацагдоржийн шагналт, ШУА-ийн дээд шагналт зохиолч, нийтлэлч Дамдины Жамъяныд өнжлөө. Эрхэм зохиолчийнх XIII хороололд амьдардаг юм байна. Тэрбээр “Манайх энэ сууцанд 30 жил амьдарч байна. Энэбиш гуай хотын дарга байхдаа надад энэ сайхан байшинг өгч байсан юм” гэсээр биднийг угтав. Тэднийх дөрвөн өрөөтэй ажээ. үүднээсээ авахуулаад л бага насны хүүхдүүдийн гутал хувцас, цүнх, тоглоом энд тэндгүй өрөөстэй байв. “Манайх гэдэг айл олон ач, нэг зээтэй. Тэд маань хааяа ирнэ. хүүхдүүд шуугилдахаар сайхан байдаг юм” гэж Д.Жамъян гуай хэлж байлаа.

Биднийг очиход гэрийн эзэгтэй Н.Лхагва эгч байсангүй. Тэрбээр “Их зайсан уул” хувийн эмнэлгийн захирал аж. өдрийн ихэнхийг ажил дээрээ өнгөрүүлдэг бололтой. Д.Жамъян зохиолч говь-алтай аймгийн бугат сумынх. Тэртээх 1954 оны бар жилийн бар сарын бар өдөр буюу зуны эхэн сарын шинийн 15-нд өндөрийн булаг хэмээх зусланд цас бороо холилдон ингэн туйлаадас тавьж байх үед урианханы дархлагдсан бөө, тарнич ламын алган дээр эцгийн буун дуутай цуг хашгиран төрсөн талаараа эрхэм зохиолч хуучиллаа.

Зуны тэргүүн сард түүний аав Дамдин гуайнх Өндрийн булаг хэмээх газарт нутаглаж байжээ. Тухайн үед Дамдин гуайн эхнэр цэвэл юу юугүй төрөх дөхсөн байв. Тэнгэр хангай муудаж, тулгар биетэй Цэвэл өвдөж эхэлжээ.

Ганц гэрээрээ зусландаа буучихсан байсан болохоор Дамдин гуай дэмий л сандарч байтал гадаа дөрөө хангинах чимээ сонстжээ. Нутаг усандаа хүндлэгдсэн мундаг эрдэмтэй Эрдэнэсүрэн гуай ороод ирж гэнэ. Түүнийг нутгийнхан нь бүтэн нэрээр нь барагтаа бол дуудахгүй, Жүмбэ гэж авгайлдаг байжээ. Тэрбээр гэрийн эзэгтэйг төрөх дөхсөн байна гээд гараа угааж, хүүхдийг эх барьж авчээ. Ингээд шинээр мэндэлсэн хүүг хөдсөнд ороож, хөгнөөтэй ишгэн дунд тавьчихжээ. Түүнийг Жамъян гэж нэрлэсэн байна. Өндрийн булгийн хажууд хоёр шовх уул байдаг бөгөөд Их, Бага Жамъян гэдэг ажээ. Энэ хоёр уулын дунд нь Жамъян зохиолч төрсөн болохоор эх барьсан Жүмбэ гуай ийн нэр хайрласан бололтой юм.

Өнөөдөр Жамъян гуай энэ тухай “Тэр хүний эрдэм надад нөлөөлсөн гэж боддог юм. Би таван настайгаасаа нэг сүм зүүдэлдэг байсан. Нуурын хөвөөнд байдаг тэр сүм рүү ороод явж байна гэж 60 нас хүртлээ зүүдэллээ. Улсууд их гайхдаг юм. Тэр хүн Бугатад ганцхан намайг л эх барьж авсан. МСНЭ-ийн тэргүүн асан Б.Галааридын нагац ах нь байгаа юм. Өөрийнхөө ураг төрлөөс нэг ч хүн эх барьж аваагүй нь сонин шүү. Миний үеийн нэг өвгөн “Тэр хүн миний ээжийн ах шүү дээ. Намайг эх барьж авахгүй мөртлөө очиж, очиж, хамаатан нь ч биш, чамайг яагаад эх барьж авдаг билээ” гээд тоглоом хийдэг байлаа” гэв.

Д.Жамъян гавьяат эхээс тавуулаа. Айлын таван хүүгийн хоёр дахь нь. Д.Жамъян гуайн хоёр ч дүү нь эмч. Харин отгон дүү нь Эрдэнэт үйлдвэрт белазны жолооч хийж байгаад тэтгэвэртээ гарчээ. Тэдний аав Дамдин жолоочийг нутаг усныхан нь андахгүй. Мөн байгалиас заяасан анчин хүн байжээ. Д.Жамъян гуай аавынхаа талаар “Эцэг маань өндөрдүү нуруутай дуу цөөтэй хүн байж билээ. Эрэгтэй хүүхдүүдтэй. Тэдний дэггүй нь дэндсэн бөгөөд аав бодол болон дуугүй сууж, хааяа ширүүхэн харц илгээж бид хэдийг номхон томоотой болгоно. Яагаад ганц ч үг хэлдэггүй байсан юм.Этгээд гөжүүд зан түүнд байгаагүй. Угаас их даруухан хүн. Эцгийг шүтэж хүндэтгэдэг анчид,жолооч нар олноороо цугларч түүнээс элдвийг шалгаан асууж тэрбээр инээд алдан дуу шуу орж, дайн байлдааны тухай, ан авын гайхамшгийг сонирхуулан ярьдагсан.

Үргэлж жолоо мушгиж, хэдэн дэггүй банди нар нь түүний чихийг халууцуулж ханахгүй атал тэднийг зоргоор нь орхино.

Намайг охин үртэй боллоо гэж эцэг маань баярласнаа нууж ядан хэлж билээ. Охин хүүхдэд их хайртай байсныг тэгэхэд би ойлгосон юм даа” хэмээн дурслаа.

Түүний аав 1945 оны чөлөөлөх дайнд явж, 1955 онд Алтан гадас одон авч байжээ. Харин түүний ээж Цэвэл 80 наслахдаа хүүхдүүддээ нэг ч удаа уурлаж байгаа харагдаагүй гэдэг. “Ээж маань хорвоогийн хамгийн амгалан хүн байсан даа” гэж тэрбээр ярьсан юм.

Тэдний зочны өрөөний хоймор дахь Д.Жамъян гуай болон түүний эхнэрийн цэргийн хувцастай зураг нүдэнд тод туслаа.

Зургийн талаар лавлахад “Би цэргийн албанд байхдаа зохиол бичдэг л байлаа. “Улаан-Од” сонинд ороод “Шинээлтэй хүмүүс” гэж цэргийн хэлмэгдүүлэлтийн талаар дөрвөн боть роман 20 хэдхэн насандаа бичиж Дотоод явдлын яамаар хянуулж байлаа. Энэ сонин намайг их хөгжүүлсэн дээ. “Улаан-Од” сонин Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Унгарт суугаа Элчин сайд Т.Ганди, Генерал Пүрэвдорж гээд олон зохиолч, генерал төрүүлсэн газар даа” гэв.

Түүний бичсэн өгүүллэг, туужийг тоочоод байвал барахгүй. Өнөөдөр Монголд Д.Жамъян гуай шиг их хаадыг судалж, бичсэн зохиолч ховор. Тэрбээр “Чингис хаан”, “Хубилай сэцэн хаан”, “Галдан бошигт хаан”, “Амбагай хаан”, “Өгөөдэй хаан” гэсэн таван роман туурвиад буй. Мөн “Хулан хатан” байна. Тэрбээр түүхийн тухай ном бичиж эхлэхээс өмнө Хотын Намын хорооны төв хэвлэл “Улаанбаатар” сонинг үүсгэн байгуулалцсан гэдгээр нь хэвлэлийн салбарынхан андахгүй. Тухайн үед МСНЭ-ийн тэргүүн асан Б.Галаарид, яруу найрагч Ү.Хүрэлбаатар, “Өдрийн сонин”-ы Тамгын газрын дарга Т.Дашням нарын хамт “Улаанбаатар” сонинг амжилттай эрхлэн гаргаж байсан талаараа Д.Жамъян гуай дурсаж байлаа. Монгол орон ардчилсан нийгэмд шилжээд хүн бүр хэвлэн нийтлэх эрхтэй болонгуут тэрбээр “Чоно” хэмээх сонин эрхлэн гаргаж байв. Хаалттай байсан нийгэмд аливаа нууцлаг хайр дурлалын романс бүхий сонин нийгэмд гарангуутаа борлуулалтаараа тэргүүлдэг хэвлэлүүдийн нэг байжээ. “Миний тэр сонин бол сэтгэл зүйн эротик бичлэгтэй байсан. Ингээд Ц.Нямдорж Хууль зүйн сайд болоод тухайн үед сонинг маань хаачихсан. Би өөр өнцгөөс нь хараад бичээд байхад, Хууль зүйн яамныхан өөр өнцгөөс нь хараад байж л дээ. Ингээд 2000 оноос би их хаадын түүх рүү орсон юм. Үүнээсээ өмнө ариун библи, коран судар, буддын гүн ухааны сургаал уншиж судалсан. Эдгээр шашнуудын сургаалын 50 хувь нь зохиол, хүний далд ухамсар байна гэж харсан эндээс уран зохиолд хэрэгтэй зүйлийг дээжилж авсан нь зөн билэг. Зөн билэг гэдэг бол хүний ухамсрын чанадад байгаа нарийн нандин зүйл. Түүний их хаадын зохиолууд нь түүх биш. Тэрүүгээрээ бусад түүхийн номуудаас ялгаатай” гэж зохиолч маань өгүүлэв. Тэрбээр хаадын түүхийг уншиж байхдаа амьдрал нь уран зохиол байна гэдгийг олж харжээ. Түүхийг түүх чигээр нь хуулчихвал түүх болно. Тиймээс түүхийг зөн билгийн аргаар зохиол болгодог юм гэж Д.Жамъян гуай нэмж тайлбарлав. Дээрээс нь гавьяат маань хоёр ч түүхэн кинонд ажилласан аж. Япончуудтай хамтарч “Бөртэ чоно”, Орос, Америкчуудтай “Чингnс хааны нууц” хэмээх кино бүтээсэн нь дэлгэцэнд гарсан. “Монголын энэ баялаг түүхийг дэлхий ертөнцөд гаргах хамгийн дөт зам бол кино урлаг” гэж бодсоны үндсэн дээр киноныхонтой хамтарсан нь энэ ажээ.

Д.Жамъян гуай нутгийнхаа зохиолчдыг тэр дундаа Урианхайн гаралтай хүмүүсийг ихэд онцолж, тэднээрээ ч бахархаж суув. Тухайлбал,зохиолчдоос “Зулай цагаан Алтай”-г бичсэн эмч Л.Гүнсэн, түүний төрсөн дүү МУИС-ийн багш Л.Норовсүрэн, Төрийн шагналт Д.Норов, Зохиолчдын эвлэлийн шагналт, Д.Жамъян гуайн дүү Д.Пүрэв нарыг дурдаж байлаа. Тэрбээр зохиолчоос гадна зурхайч юм. Мөн МСНЭ-ий тэргүүн Б.Галаарид, доод үеийнхэн болох өвөрмөц шүлгүүдтэй Х.Нямхишиг нарын зохиолчдыг дурдав.

Д.Жамъян гуайн ажлын өрөөг сонирхлоо. Нэг хана нь тэр чигтээ номын сан ажээ. Нөгөө хананд нь төгөлдөр хуур, ширээ хашиж тавьсан байв. Ганц хүн л алхах чөлөөтэй. Энэ өрөөндөө зохиолч маань уран бүтээлээ туурвисаар иржээ. Хойморьтоо Галдан бошигтын хөргийг байрлуулсан харагдав. Мөн хүүхдүүдийнхээ гэрэл зургуудыг, танилууд, найз нөхдийнх нь бэлэглэсэн дурсгалын зүйлсийг ханандаа өлгөж, заримыг нь тавиур дээр байрлуулжээ. Тэдгээрээс номын багшийнхаа хөргийг өндөрт байрлуулжээ. Гурван жил мянбад суусан Заваадамдин Ренбүчи багш түүний бурхны шашны багш нь юм байна. Д.Жамъян гавьяат багшийнхаа тухай ярихдаа царайнд нь баяр баясал тодорч, “Манай багш дотроосоо гэрэлтдэг. Швейцарийн буддын гүн ухааны сургууль төгссөн. Англи, франц хэлнээс орчуулдаг. Дорно дахинд төвд, хятад, манж хэлнээс орчуулга хийдэг.Нэвтэрхий эзэмшсэн, төгс боловсорсон хүн. Одоо ШУА-ийн академичид байнга л очдог” гэлээ.

Зохиолч Д.Жамъян сонгодог уран зохиол, философи, түүх судалдаг болох нь энэ өрөөнөөс ажиглагдсан юм. Тэрбээр Япон, Хятад, Энэтхэгийн сонгодог зохиолуудыг уншиж байгаа аж. Ширээн дээрээ тэвхийтэл нь өрөөд тавьчихаж. “Орчин цагт уран зохиол оюун санааны уран зохиол руу шилжсэн. Хүний дотоод мөн чанар руу шилжсэн гэлээ. Одоо дэлхий дээр нэн шинэ цагийн уран зохиол бий болж байгаа” гэж тэрбээр яриандаа онцлов.

Д.Жамъян гуай Хубилай хааны түүхэнд гүйцэтгэсэн гайхамшигт үйлсийг нэлээд онцолж ярилаа. Ингэхдээ “Би бол яагаад ч зүгээр байдаггүй хүн шүү дээ, тэрийгээ ч өөрөө ойлгодоггүй юм” гээд гялгар уутнаас тамга гаргаж ирэв. “Хубилай хаан 800 жил үндэсний хороо” ТББ байгуулсан тамгаа үзүүллээ. Тэрбээр “Солонгосууд манай хаант улсыг үндэслэж байгуулсан гэж үзэж байна, оросууд Бат хааны дараа түүний байгуулсан Алтан ордон улсыг Хубилай бэхжүүлсэн гэж үзэж байна, Хятад бол энэ агуу их гүрнийг үүсгэн байгуулсан гэж үзэж байна. Цаашлаад Америк, Италид тэмдэглэж байна, Марка Поло баруунд цацсан. Монгол ийм том агуу хаантай байж нам жим байж болохгүй” гэж Д.Жамъян гуай толгой сэгсэрч байлаа.

Д.Жамъян гуай үеийнхнийхээ хажууд стильтэй хүн. Урт үстэй, этгээд чөлөөт хувцаслана. Залуудаа тун ч дэгжин эр байж. Энэ нь ч түүний ярианаас анзаарагдав. Мань эр “Уран бүтээлч хүн өөрөө ариун байвал тунгалаг бүтээл туурвина. Би нэг хувцсыг долоо хоногт нэг л өмсдөг. Би хувцсаа өдөр өдрөөр нь өмсвөл сар гаруй өмсчихнө” гэв. Харин гэзэгний тухайд ярихдаа “Би аль эртнээс үсээ ургуулж эхэлсэн. Ширүүн үстэй болохоор ингээд ургуулаад боочихоор амар юм. Миний ээж 80 хүрэхдээ борвио хүрсэн гэзэгтэй байж билээ. Би ч бас тэгэх байх” гээд инээлээ. Түүний шавийн талаар сонирхоход “Дэлхийн сонгодгийн хэмжээнд бичиж байгаа Б.Ойдов байна, орчуулагч Ж.Нэргүй байна. Харин зохиолчдоос Аюурзанын номыг их уншдаг, нэг л өөр өгүүлэмж, дүрслэлтэй” гэж байв.

Түүний гэргий Н.Лхагва Ховд аймгийн Цэцэг сумын харьяат ажээ. Тийм ч учраас эмнэлгээ нутгийнхаа шүтээн болсон хайрхан, “Их зайсан уул” гэж нэрлэжээ. Н.Лхагва гуай шүдний эмч мэргэжилтэй. Цэргийн госпитальд хамаг залуу халуун насаа зориулж хөдөлмөрлөснийхөө үр шимийг одоо хүртэж байгаа буянтан. Тэрбээр хөдөлмөрч, дайчин нэгэн болох нь өнөөдөр хувийн эмнэлэг байгуулж, өдий зэрэгт нь хүргэснээс тод харагдана. Эдний эмнэлэг хоёр ч удаа магадлан итгэмжлэгджээ. Мөн тэрбээр Монголынхоо шүдний өвчлөлд санаа зовниж, Японоос орчин үеийн техник, технологиудыг анх удаагаа оруулж иржээ. “Хэдийгээр хувийн эмнэлэг ч гэсэн юм бүхнийг зоосны нүхээр харахыг хүсдэггүй” гэж хэлсэн нь Н.Лхагва гуайн философи. Ер нь эдний эмнэлэг амьд¬ралын боломж тааруу хүмүү¬сийг үнэ төлбөргүй эмчилдэг байна. Мөн хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө шинэ технологийг Монголдоо нутаг¬шуулж ажиллаж байгаа юм байна.

Д.Жамъян, Н.Лхагва гуайн хүү, охин хоёр мөн л шүдний эмч гэсэн. Хүргэн, бэрүүд нь ч ялгаагүй шүдний эмч гэсэн. Зүгээр ч үгүй бүгд хилийн чанадад мэргэжил эзэмшжээ. Ингээд энэ гэр бүлийн зургаан том хүний тав нь эмч, нэг нь зохиолч болохоор гэр бүлээрээ уулзахаар олонхийн мэргэжил давамгайлдаг байна. Эрхэм зохиолч аль болох тэдний яриаг түүх рүү чиглүүлэхийг хичээдэг аж. Дээрээс нь Д.Жамъян гуайн дүү нар болон Н.Лхагва гуайн хамаатнууд дунд эмч нар олон бий. Ямар сайндаа тэд нутагтаа гэр бүлээрээ очиж л дээ. Тэгсэн нутаг усаар нь нэг Дамдин жолоочийн таван хүү ирээд явжээ. Нэг онцлог нь долоон эмч байна гэсэн яриа гарсан байжээ.

Сонирхуулахад, Д.Жамъян зохиолч гэргийнхээ хамт 1986 онд Германд очоод нэг зочид буудалд буухдаа их зохиолч Д.Нацагдорж 1929 онд байрлаж байсан өрөөнд гурав хонож байжээ. Тэр өрөөнд их зохиолч маань буудаллаж байсныг хоёр хоногийн дараа орчуулагчаасаа мэдэж байсан гэнэ. Тэдний өрөөнд нэгэн пайз хадчихсан байсан дээр энэ тухай бичсэн байжээ. “Би Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал аваад зогсож байхдаа тэр өрөөнд хоносных гэж бэлгэшээдэг байлаа” гэж Д.Жамъян зохиолч өгүүлж байлаа. Түүний том ач охин зохиол бичдэг авьяасыг нь өвлөх тун их магадлалтай харагдаад байгаа аж. Д.Жамъян гуай найман настайгаасаа шүлэг бичиж байжээ. Тэрбээр анх “Түмэн олны хөгжил Түүдэг галаас түргэн, Төрүүлж өсгөсөн Чойбалсан” гэж бичиж байсан гэнэ.Төрийн шагналт, Д.Норов гуайн хамт хадан дээр суугаад иймэрхүү шүлэг, зохиол их бичдэг байжээ. Харин, түүний ач охин эссэ бичлэгийн уралдаанд сургуульдаа түрүүлж, шүлэг зохиодог авьяаслаг болохыг өвөө нь бахархан ярив.

Хүний амьдрал, жаргал зовлон ээлжилдэг болохоор том хүүгээ харамсалтайгаар хүний нутагт алдаж, маш их шаналалд автсан ч хөл дээрээ эргэн зогсож чаджээ. Ийм тэнхээ эр хүнээс биш, гэргийгээс нь гарч байсныг Д.Жамъян гуай өгүүлж байв. Тэрбээр хүүгээ Оросын мафиудын гарт алдчихаад цөхөртлөө явсан боловч төр засаг огт анхаараагүйд одоо хэр нь гомдож явдаг юм билээ. Арга ядаад гадаадад цагаачлахаар шийдсэн байхад нь Нямгаваа найруулагч ухааруулж, эх орон руу нь урвуулж чаджээ. Хамгийн гол нь сэтгэлийн хат, амьдралын ухаантай гэргийнхээ хатуужлаар хөл дээрээ зогсож чаджээ. Мөн түүнд бурхны сургаал маш их хүч хайрлаж, сэтгэл зүйн эмч болж чадсан байна. Одоо энэ хоёр хөгшин хүү, охин хоёртой, олон ач, зээтэй өнөр бүл болжээ. Тэднийхээ төлөө хийж, бүтээх үйлс арвин байгаа гэсэн. Уйгагүй хөдөлмөрлөснийхөө үр шимийг хүртэж, эрүүл энхийг эрхэмлэгч сэхээтэн гэр бүлд өнжсөн тэмдэглэлийг хүргэхэд ийм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *