Categories
мэдээ цаг-үе

Өргөн Сэлэнгэ, томоогүй нас минь

-ӨГӨӨЖ БАЯН БУГАТ МИНЬ-

Өргөн Сэлэнгэ минь холын замдаа

Ойн дундуур шуугин урсана аа

Өтгөн шаргал тариалан минь

Түүний дэнжээр халиуранхан байна

Манай нутгийн нэрт түүхч, зохиолч, багш Галдангийн Даваацэрэн ахын шүлгээр, XX зууны Монголын дууны хөгжмийн алдарт мастер, сонгодог төлөөлөгчийн нэг, хөгжмийн зохиолч  Гончигдамбын Дарамзагдын аялгууг нь зохиосон сайхан дууг сонсох, аялахад энэ хоёр аугаа уран бүтээлчийн сайхан дүр тодорч, Даваацэрэн ахын мандаж, хэлмэгдэж явсныг, Дарамзагд гуайн нийгэмдээ гомдож, гуниж явсаар цэл залуугаараа өргөн Сэлэнгэдээ үйж хорвоогоос буцсаныг санахад нулимс аяндаа асгарч дотор давчиддаг билээ. Улмаар төрж өссөн Сэлэнгийнхээ өтгөн шугуй, мэлмэрэн чимээгүйхэн урсах дөлгөөн Сэлэнгэ, төрүүлж өсгөсөн аав, ээж, ах дүүс, нутгын зон олон минь нүдэнд харагдах шиг болно. 

Миний бие төмөр могой жилд Булган аймгийн Цонхлон сумын Хялганат нугад төрсөн билээ. Бага насандаа аавыгаа халтар арвай, хар будаагаа (чангаамал) тарих хавар цагаар Сэлэнгийн хөвөөнд төрсөн газартаа очдог байлаа. Хавар эрт хааяа модны мөчир тас няс хийн хугарахаас өөр анир чимээгүйн дунд ангир, галуу, нугас, алаг ятуу зэрэг жигүүртэн шувууд гангар гунгар дуугаран хэсэг сүргээрээ нисэн буун, зарим нь хагалсан тарианы гуурсан дээр сууж идэш хоолоо эрэн гунганалдаж байдагсан. 

Аав минь шар хөллөсөн анжисаар газар хагалж, хамт яваа хүн нь үрээ цацаж явсан нь өчигдөрхөн мэт. Хаврын тариалалт дуусч, бид зусланд буусан гэртээ харина. Зун нь аав тариагаа эргэнэ. Намар айлууд ургац сайн бол будаагаа хурааж авах үеэр хоньдуулах гэгч найр хийнэ. Энэ нь нутгийн хүмүүс цуглаад бие биенийхээ будааг ээлжлэн хурааж байгаа хэрэг. Тухайн айл нь хонь гаргаад түрүүлсэн хүнд ууцыг, удаах хүнд өвчүүг, хамгийн сүүлийнхэд нь богтос өгнө.

УДАМ ДАМЖСАН УРГИЙН АЛТАН ХЭЛХЭЭ МИНЬ

Миний аав Жигжидийн Санжаа 1908 оны тахиа жил Хужирын адагт Санж гэдэг айлын гурав дахь хүү болон мэндэлсэн юм гэнэ лээ. Миний аавын ах өндөр Гунгаажав гэдэг том янхигар биетэй, ан гөрөө их хийдэг, арван гурван хүүхэдтэй, эхнэр Баярын хамт мал маллан үр хүүхдээ энх тунх өсгөсөн нэгэн сайхан буурал байж билээ. Тэдний хүүхдээс Нацагдорж ах сумын эвлэлийн үүрийн дарга, Гүндсамбуу ах сүү тосны заводод ажилладаг, сумын начин цолтой бөх Балдандорж ах нэгдлийн Дундатын саалийн фермд малчин, эхнэр Дугарсүрэн нь сайн саальчин байсан. Хэдэн жилийн өмнө хорвоогоос буцаж билээ. 

Миний аав Зад-Барт хавиар нутагладаг Жигжид гэдэг айлд өргөгдөж өссөн юм гэнэ лээ. Үүнээс хойш залуу бага насаа Сэлэнгэ, Зад- Бартын голыг өгсөж уруудан Хайлааст, Өлзийбүрэн, Хялганат, Арцат нуга хавиар малаа маллан, хар будаа, халтар арвай тарин гурил будаагаа хийж амьдарч ирсэн юм. 

Миний ах Ёндонжамц нь Бартын голд төрж, долдугаар анги төгсөөд нэгдлийн тоо бүртгэгч хийж байгаад Архустайн трактор комбайны курст суралцан, Зэлтэрийн сангийн аж ахуйн тракторын жолооч, автомеханик, бригадын дарга, Улаанбаатар  хотноо мянган машины засварын заводод жолооч зэрэг ажил хийж яваад тэтгэвэрт гарч, 71 насандаа өөд болсон. Түүний хүү Ганбаатар, Ганболд нар нь аавынхаа мэргэжлийг өвлөсөн билээ. 

Миний эмээ Тамжав гэдэг өндөр сайхан биетэй, ач зээ нартаа их хайртай хүн байв. Биднийг буруу хэрэг хийвэл ааваас их нуудаг, өөрөө арга хэмжээ авдагсан. Сайндаа үглэнэ, учрыг нь тайлбарлана. Болохгүй хэрэг хийвэл Санжаад хэлнэ шүү гэж бид хоёрыг айлгадаг, ухаантай сайхан эмээ байж билээ. Ахыг арван настай, намайг дөрвөн настай байхад ээж Лхамсүрэн минь нас барж эмээгийнхээ гар дээр өссөн билээ. Эмээ маань их ажилсаг, ямаа хонио хариулна, цагаан идээ сайхан хийнэ. Хааяа “Замагтай нуур”, “Арван тавны сар” зэрэг дууг амандаа аялна, үлгэр домог ярина, хүнээс үлгэр сонсох их дуртайсан. Манай нутагт айл айлаар явж, хоносон айлдаа үлгэр ярьдаг хүн байсан билээ. Тэр хүн шөнө дунд мичид марал голлотол үлгэр ярина. Эмээ маань төвөгшөөхгүй өвлийн шөнийн хүйтэнд өрхөө татаад гал түлж сүүтэй цай чанаад будаатай ааруул, өрөмтэй өгдөгсөн. Үлгэр хэзээ дууссаныг мэдэхгүй, нэг мэдэхэд өглөө болж эмээ минь хонь ямаагаа бэлчээж байдагсан. Одоо эмээгийн минь ачинцар, зээнцэр нь нутаг усандаа сайхан амьдарцгаадаг юм. Миний эмээгийн Бямбаа охин арван гурван хүүхэд төрүүлж өсгөсөн юм. Д.Доржсүрэн ах Цонхлон суманд бага сургууль төгсөөд багшилж байв. Мөн Төв аймагт болон Улаанбаатар хотын 33-р сургуульд багшилж байсан.

Миний ээж Лхамсүрэн Хужирын голд нутагладаг Наваанчүлтэм маарамбын охин юм.  Тэднийх Самбуу, Гомбо, Цэнд, Лхамсүрэн гэдэг дөрвөн хүүхэдтэй айл байжээ. Миний нагац ах Самбуу аймгийн артельд мужаан, цехийн болон бригадын дарга зэрэг ажлыг насаараа хийсэн хүн байлаа. Нагац эгч Цэнд, хүргэн ах мууран Санжаа нь нэлээд малтай Бороодой, Хүрэн шандаар нутагладаг, нэгдлийн сайн малчин байлаа. Түүний хүү миний үеэл ах шар хочит Д.Сэмжид сампинд гарамгай нэгдлийн нягтлан бодогч  гэж магтагдана. Эхнэр Ш.Цэрэннадмид нь уруул дээрээ мэнгэтэй, царайлаг өндөр бор хүүхэн нэгдлийн анхны агротехникч байгаад цэл залуугаараа хорвоог орхиж билээ. 

Миний нагац ах Самбуу 1970-аад онд намайг дагуулан одоогийн Ханд вангийн өргөө байсан хоёр давхар байшингийн дэргэд очоод: 

-Чиний өвөө Наваанчүлтэм маарамба Ханд вангийн оточ байсан гээд санаа алдаж байж билээ. Бодвол миний дүү эмч болсон чинь тун сайн хэрэг, бидний өвлөж аваагүй мэргэжлийг эзэмшлээ гэж бодсон юм болуу.

НУТГИЙН САЙХАН ХӨГШЧҮҮЛ МИНЬ

1950-1958 оны хооронд Цонхлон сум тарж Бугат сумын “Партизан” нэгдэл үүсэж суманд минь бүтээн байгуулалт хэрхэн өрнөснийг мэдэх гэрчийн нэг нь билээ би. 

Ээж минь 1945 онд нас барж аав, эмээ Тамжав, ах Ёндонжамц бид үлдээд Бугат сум “Партизан” нэгдлийн төвийн шавыг тавих тэр үед аав маань нэгдлийн анхны агуулахын сахиул байсан юм. 

Сумын төвөөс доош Бугатын хөл, Хужирын голын дагуу тариа тарьж байсан тарианы гуурсны сул шороо явган байтугай морьтой явахад хэцүү байдагсан. Намар болоход ойр хавийн айлууд намаржаа, өвөлжөөндөө дөхөн бууж ах маань сургуульдаа явж, эмээ, аав бид гурваас өөр хэн ч үлддэггүй байсан цаг өчигдөр мэт. Өвөл болоход хаашаа ч харсан ээрэм цагаан цасан дунд ганц гэрээрээ байх шиг уйтгар гуниг байхгүйсэн. Хааяа арслан нэртэй ганц нохой минь хуцахад гараад харвал ганц нэг үнэг, хярс, чоно шогшиж явдагсан. 

1951 оны хавар Цонхлон сумыг нүүлгэх ажил өрнөсөн билээ. Боломжийн мал хөрөнгөтэй айлуудаас уналга, ачлага гаргуулан ачлага, уналга муутай айлуудаас хүн хүч гаргуулан, ёстой л хөлтэй нь хөлхөж хөлгүй нь мөлхөж байж хуучин сумын хүн, мал эмнэлэг, дэлгүүр зэрэг боломжийн барилгыг буулган ачиж ирж барьж билээ. 

Өндөр Ёндон  даргатай, мужаан бригадын бүх хүмүүстэй миний бага нас амин холбоотой билээ. Өндөр Ёндон, сул Санжаа, шаахнаа Санжаа (миний аав), хазгар Самдан, гахай Цэдэндамба, Жадамба гэх зэрэг арваад хүн Бугатын хоёр давхар контор, сургууль, эмнэлэг, дэлгүүр, клуб барьцгаасан хойч үеийнхэндээ дурсагдах гавьяатай хүмүүс билээ. Тэд л гаднаа шаттай хоёр давхар сургуулийн конторыг барьсан юм. Өндөр барилга үзээгүй бидэнд их л сонин, сүртэй, дээд давхарт нь хичээллэхийг их мөрөөднө. Аймагтаа л анхны давхар байшин гэдэг байсан санагдана. 

Бугат сумын анхны хүн эмнэлгийн эмч бол тухайн үедээ сувилагч байсан Жагзмаа гэдэг намхан цагаан хүүхэн. Гэртээ тариа хийнэ, хүнээ үзнэ, дуудлагандаа явна, эмээ өгнө, бүх юмыг ганцаараа гүйцэтгэдэг байв. Үүний  дараа Гэлэгжамц гэдэг бага эмч ирсэн. Энэ хүн тухайн үедээ бүхий л ажлаа ганцаараа хийнэ. Мэдлэг мэргэжилдээ сайн хүн байсан гэж боддог юм. Хожим оюутан болоод халдвартын больницод дадлага хийж байхад тэрбээр өндөр настай болсон, больницын хашаа цэвэрлэж явж байхад нь таарч билээ. Гэлэгжамц эмч маань насны эцэст больницын хашаанд жижигхэн амбаар барин сууж, тэндээ нас барсан гэдэг. Үр хүүхэд, хань ижилгүй байсан юм болов уу даа, больницын хамт олон оршуулсан юм гэнэ лээ. 

АЛСЫН ЗАМД МОРДУУЛСАН СУРГУУЛЬ МИНЬ

1951 онд Бугат сумын бага сургуулийн сурагч болж үеийн олон нөхөдтэйгээ тохой зэрэгцэн эрдмийн мөр хөөх анхны зам минь нээгдсэн юм. Сургуулийн байшин баригдаж дуусаагүй тул бид гэрт хичээллэж эхлэв.

Манайх Ё.Дондог, Д.Мөнхөө, О.Давааням, Ц.Амгалан, С.Долгор, С.Нямбуу, Ч.Нямаажав, Ц.Буд, С.Хишигт, Д.Ичинхорлоо зэрэг арваад хүүхэдтэй анхны анги байж билээ. 

Манай ангийн багш намуухан дуутай, дөлгөөн сайхан зантай, цагаан царайтай, өндөр нуруутай хөгжилтэй Дашдаваа гэдэг хүн байж билээ. Хожим намайг Анагаах Ухааны Дээд сургуульд оюутан болоод очиход багш маань сургуулийн оюутны байрны жижүүр хийж байсан юм. Анх нийслэлд ирээд хүн танихгүй болоод тэр үү багшийгаа хараад ээж, аавтайгаа уулзсан юм шиг их л элгэмсэг дотно яриа өрнүүлж нутаг усныхаа тухай хуучилж байж билээ.

Хоёрдугаар ангид Санжмятав гэдэг цагаан царайтай залуухан багш хичээл заадаг байв. Тэр багш маань тив дэлхийн хол, ойрын сонин сайхныг, хиймэл дагуулын тухай гэх мэт маш өргөн мэдлэгийг бидэнд өгдөг байлаа. Цэсрэн гэж арай ахимаг насны олон таван үггүй, дуугай томоотой багш сургуулийн захирал хийж байлаа. Мягмаржав, Аюурзана гээд олон сайхан багш нар эрдэм сурах замыг минь зааж өгсөн билээ.  Дашзэвэг гэдэг өндөр туранхай залуухан багш маань баян хуур хөгжим тоглоно. Түүний аянд бүх хүн бүжиглэнэ. Багш минь бидэнд урлаг соёлыг түгээсэн анхны ачтан билээ. 

Тэр үеийн сумын бага сургуулийг төгссөн Ё.Дондог Дархан хотын шугам сүлжээнд цахилгааны инженер, дарга зэрэг ажлыг хийгээд тэтгэвэрт гарч одоо энх тунх сайхан амьдарч байна. Д.Мөнхөө зоотехникч болж Намын дээд сургууль дүүргэж Булган аймагт том дарга явлаа. Миний авга эгчийн охин Ч.Жавзансүрэн арьс өнгө, гоо сайхны нэртэй, тэргүүлэх зэргийн эмч болж одоо хотод амьдардаг юм.

О.Давааням, Н.Шаандар нар маань жолооч, Ц.Буд залуучуудын байгууллагын дарга, Д.Цэндсүрэн,  Ж.Сүхээ, Паламжав нар маань эдийн засагч, Д.Хишигсүрэн Анагаах Ухааны Дээд Сургуульд олон жил ажилласан, Д.Ичинхорлоо, Бор холбооны мэргэжилтэн, Ц.Амгалан оёдолчин, Хөдөлмөрийн баатар болсон, С.Долгор, С.Нямбуу, Ч.Нямаажав, М.Амгалан, Яндаг, Г.Нармандах нар маань нутагтаа малаа малласаар сайхан амьдарцгааж байна.

Тэр үедээ нусаа татсан, ноорхой дээлтэй, маажгий гуталтай тэр олон бор охид хөвгүүд маань сайн эцэг эх, нутгийн сайхан буурлууд, сургуулийнхаа буянаар багш, эмч, инженер, малчин, эдийн засагч, саальчин, хөдөлмөрийн баатар болцгоож үүрээ орхисон шувууд шиг нутаг усаа орхин тал тал тийшээ одоцгоосон билээ. Бид цагийн эрх, насны аясаар настын буурал өтгөс болцгоожээ.

Би 1958 онд Булганы төвд долоо дугаар анги төгсөн, Хүн эмнэлгийн техникумыг дүүргээд Сэлэнгэ аймагт эх баригч, улсын арьс өнгөний диспансерт бага эмчээр ажиллаж байв. Дараа нь АУДээд сургуульд элсэн хүний их эмч болоод Худалдаа Бэлтгэлийн Яаманд мэргэжилтэн, Бактерилогийн төв лабораторид шинжээч эмч насаараа хийж байгаад насны тэтгэвэртээ гарсан билээ. Би дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн. Миний том хүү Э.Гантүвшин Сэтгэл мэдрэлийн больницод сэтгэцийн эмчээр ажиллаж байсан, “Байгалийн гайхамшиг” (Москвад хэвлэгдсэн), “Үргэлжийн залуу Адам”, “Үргэлжийн залуу Эва”, “Сувилагчийн сурах” (Москвад хэвлэгдсэн) зэрэг олон ном орчуулсан авьяаслаг хүү байв. Удаах хүү Э.Сүхбаатар хүүхдийн эмч, одоо Эрүүл мэндийн яаманд мэргэжилтэн, охин Э.Дэлгэрмаа эмч “Ач” Анагаахын Дээд Сургуульд багш, отгон охин Э.Мөнгөнсар Монгол Улсын Их Сургуулийн Худалдаа, Үйлдвэрлэлийн Дээд Сургууль төгссөн багш, эдийн засагч мэргэжилтэй, эдүгээ гадаадын компанид ажиллаж байна. Өнчин үлдсэн би  өнөр өтгөн болж, хүү, охин, ач, зээ, ачинцар, зээнцэр дөчөөд болж дээ. 

Би БНМАУ-ын  худалдаа, нийтийн хоолны ариун цэврийн дүрмийг анх санаачлан батлуулж, хэрэгжүүлсэн бөгөөд “Худалдаа, нийтийн хоолны ажилчдын хөдөлмөрийн эрүүл ахуй” (1982 он), “Цэвэрлэгчийн гарын авлага” (1983 он), “Эмнэл зүйн бичил амь судлал” (1988 он) ном бичиж, судалгаа шинжилгээний олон тооны өгүүлэл нийтлүүлж нийтийн хүртээл болгосон билээ. 

Санжаагийн Хишигт 

Улаанбаатар хот

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *