Categories
мэдээ цаг-үе

“Ургацын далай” дууны түүхээс улбаалаад…

Монгол орон даяар удахгүй ургацын далай долгилж, газар сайгүй амуу тариа шаагиж эхэлнэ. Намрын ийм л алтан цаг мөч “Ургацын далай” дуутай хамт ирдэг. Монголын радиогийн бүдүүн дуут гэгдэх Базарын Цэдэндамбаа өнөө л аргил хоолойгоороо “Ургацын далай” нэвтрүүлгээ эхэлж, үргэлжлүүлээд “Намрын салхинд үелзсэн Найгал сайхан долгиотой, Наран хурын шим юм аа, Навч ногооны дээж юм аа” хэмээн “Ургацын далай” дуу эгшиглээд эхлэхээр жинхэнэ намар ирснийг мэдэрдэг дээ. Ард олны сэтгэл зүрхэнд алтанхан намрыг зарлан тунхагласан уг дууны үүх түүхээс улбаалаад уран бүтээлчдийнх нь бичилхэн хөргийг хүргэюү гэсэн юм.

“Ургацын далай” дуу эдүгээгээс тавин дөрвөн жилийн өмнө буюу 1965 онд төрсөн түүхтэй. Шүлгийг нь Монголын радиогийн “Ургацын далай” нэвтрүүлгийн анхны ерөнхий редактор Бүрэнжаргалын Дэндэв бичсэн байдаг. Эл эрхэм бол яруу найрагч хүн байгаагүй нь мэдээж. Бараг л амьдралдаа ганц шүлэг бичсэн нь тэр байх. “Ургацын далай” нэвтрүүлэг өөрийн гэсэн дуутай байх ёстой гэж бодоод “Шаварт унасан шарын эзэн” Дэндэв гуай өөрөө гурван бадаг шүлэг бичжээ. Тэгээд алгын чинээхэн цаасан дээр бичгийн машинаар цохисон гурван бадаг шүлгээ радиод хамт ажилладаг хөгжмийн зохиолч Чимэддорждоо явуулсан байна. Тухайн үед Чимэддорж гуай “Оргил” рашаан сувилалд эмчлүүлж байсан гэдэг. “Оргил”-д амарч байгаа Чимэддоржид дууны шүлгийг хүргэж өгсөн хүн нь зохиолч Зулын Далхжав гуай юм гэсэн. Дэндэвээсээ шүлэг хүлээн авсан Чимэддорж нь тэр шөнөдөө л хөгжмөө биччихсэн гэдэг. Бүтээл төрнө гэдэг тийм сонин сайхан. Намрын намар монгол түмнийг найгуулдаг “Ургацын далай” тийнхүү “Оргил” рашаан сувиллын өрөөнд төрсөн юм билээ. Шүлэг найргаас хол Дэндэв гуай тухайн шүлгээ ийм сүрхий дуу болж, жил жилийн хонгор намраар дуурсагдана чинээ бодоогүй нь лавтай.

УГЗ Л.Эрдэнэбулган хөдөлмөрийн баатар дуурийн нэрт дуучин Ц.Пүрэвдоржийн хамт

Ер нь ганцхан шүлэг бичээд тэрхүү бүтээл нь Монгол даяар алдаршсан тохиолдол бас бий. Ардын жүжигчин, хөдөлмөрийн баатар Б.Зангад гуайн нэрийн хуудас болсон “Тунгалаг Буянт”-ын эзэд нь гэхээр хэн байдаг билээ. Балдан, Лхашид гэж олонд тэгтлээ танигдаагүй хоёр хүний нэр гардаг. Ховдын Соёлын ордны хоёр уран бүтээлч л Буянт голынхоо тухай нэг дуу хийгээд сурагч Зангадаар дуулуулсан нь хожмын ийм алдар цуутай бүтээл болж мандсан юм. Баруун хязгаар Ховд нутгийнхны сүлд дуу нь болсон. Мөн “Айргийн амт нь чимчигнэсэн алтан намрын өнгө” дууны шүлгийг ч эгэл жирийн жолооч Цэрэндэндэв гэж хүн бичсэн байх жишээний.

“Ургацын далай” дууны хөгжмийг туурвисан Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Төмөрийн Чимэддорж гуай Монголын радиогийн хөгжмийн редакцийн даргаар тасралтгүй 20 шахам жил ажилласан нэгэн. Тэр бүр олны өмнө гараад байдаггүй ч Монголынхоо өв соёлын төлөө, ялангуяа хөгжмийн алтан сан хөмрөгийн төлөө нэгэн насны амьдралаа зориулсан ёстой л нэг болц нь гүйцсэн тариан түрүү шиг сайхан хүн байжээ. Үнэндээ даруухан хүн байж. Ардын хувьсгалтай нас чацуу тэрээр бага залуугаасаа Цэргийн морьт хорооны клуб, Улсын циркт хөгжимчин, Улсын хөгжимт драмын театр, Улсын ардын дуу, бүжгийн чуулгад хормейстерээр ажиллаж байсан. Монгол урлагийн жинхэнэ алтан үеийн гол төлөөлөл түүнийг найрал дууны урын санг баяжуулсан гэж үздэг. Хөгжим судлаач гавьяат Ч.Буянхишиг Чимэддорж гуайн тухай олон дурсамж дурдатгалыг дэлгэж, Монголын хөгжмийн урлагт оруулсан гавьяаг нь үргэлжид үнэлдэг юм.

Өдгөө дөчин жилийн ойтойгоо золгож буй “Улаан бүч” чуулгыг гэхэд Чимэддорж хөгжмийн зохиолч, Д.Нацагдоржийн шагналт хүүхдийн зохиолч Мөнгөний Чимэд, нийслэлийн 39 дүгээр сургуулийн дуу хөгжмийн багш Галсандорж нар нийлж байгуулсан байдаг. Зөвхөн наад захын жишээ гэхэд л ийм байна.

За тэгээд Чимэддорж гуайн хөгжмийг нь бичсэн Шаравын Сүрэнжавын шүлэг “Торгон хилийн зүг”, Зундуйн Доржийн шүлэг “Нас тогтох сайхан” гээд дууг нь нэрлэвэл зөндөө. Мөн Сормууниршийн Дашдооровын шүлэг “Торгон туузаар ороосон талын анхилам цэцэг, тоос шороонд дарагдан замын хажууд хэвтэнэ…” гэх “Зам дээр гээгдсэн цэцэг” гэж нарийн торгон хоолойд зориулсан уран шаглаа дуу бий. Ийм л олон сайхан бүтээлийн эзэн Чимэддорж гуай “Ургацын далай”-г долгилуулжээ. Уг нэвтрүүлэгт зориулсан бүтээлгүй байхад дорнын их найрагч Явуухулан, төрийн шагналт найрагч Цэгмидийн Гайтав нараар дөрвөн мөр шүлэг зохиолгон нэвтрүүлгийнхээ өмнө уншуулж, ард түмний сонорт хүргэдэг байсныг мэдэх хүмүүс нь хэлдэг.

“Ургацын далай” дууг анх дуулж радиогийн алтан фондонд бичүүлсэн хүн нь урлагийн гавьяат зүтгэлтэн Лхагвын Эрдэнэбулган. Ард олны сэтгэлд Хатанбаатарын дүрээр мөнхөрсөн энэ хүн амьдралдаа хоёрхон дуу дуулсны нэг нь Хорьдугаар зууны манлай “Халуун элгэн нутаг”, нөгөө нь “Ургацын далай” юм. “Нэг өдөр хичээлийн дараа Лууяа багш (Дагвын Лувсаншарав) өрөөндөө дуудаад “Яг одоо Намсрайжав дээр яваад очоотох” гэв. Би тэр хүнийг нь таних ч үгүй, хаана суудгийг нь ч мэдэхгүй. Хүнээр заалгаж аваад гарлаа даа. Одоогийн Гадаад яамны баруун талын саарал байшин. Хуучнаар бол хөгжмийн зохиолчдын хорооны байр. Нэг өрөөнд яваад ортол хоёр хүн уриалгахан угтаж авлаа. Тэр нь алдарт Цэгмидийн Намсрайжав, Жамцын Бадраа гуай нар байжээ. Ингээд надад “Халуун элгэн нутаг” дууны шүлгийг өгч, аль газар нь, ямар нотон дээр эгшгийг яаж дуудах, гийгүүлэгчийг хэрхэн хэлбэл чихэнд сонсголонтой байх талаар нэг бүрчлэн зааж өглөө. Хоёр, гурван цаг хэртэй ноцолдоод ерөнхийдөө сурчихсан” гэж Эрдэнэбулган ах “Халуун элгэн нутаг”-ийг дуулснаа хэлдэг.

“Хоёр сайхан дууг амьдруулж Монголын ард түмэнд хүргэх хувь заяа надад оногдсон” гэж бахтай нь аргагүй хэлдэг нь энэ хоёр бүтээлээ хэлж байгаа юм. “Түмний нэг” кинонд Чимид багш “Элэг зүрхнээс уяатай энхрий Монгол орон минь, Эцэг эхээс заяатай эрдэнийн алтан өлгий минь…” хэмээн дуулаад хатирч сайхан хүлэг морьтой галгиулж яваа нэгэн хэсэг гардаг. Тэр бол Эрдэнэбулганы хоолой юм. Яг тэрхүү хэсгийг киноноос олж хараад, шимтэж сонсоод “Ургацын далай”-гаа би ерөөсөө Эрдэнэбулганаар л дуулуулах нь зөв юм байна гэх бодол Чимэддорж гуайд төрсөн байж мэдэх. “Миний хийсэн намрын энэ өнгийг ганцхан Адараа л гаргаж чадна” гээд агуу их Мөрдорж Адарсүрэн дуучныг хайгаад, “Алтан намрын өнгө”-өө дуулуулахаар эрж сураад явж байсан гэдэг шиг хөгжмийн зохиолч хүнд бүтээлээ хэнээр дуулуулах вэ гэдэг зүйл төрдөг байх нь. Агуу их Гончигсумлаа гуай “Жаргаах зүрхэн” дууныхаа нот дээр “Эрхэм дүү Зангадын хоолойд зориулж бичив” гээд гарын үсгээ зурсан байдаг нь бас л нэгийг хэлнэ.

“…Алгаа тосоод авахад минь

Ариун сүүний үнэртэй юм аа

Атар хөрсний амт юм аа

Адуу буудайны сан юм аа

Ургацын далай, ургацын далай

Цайдам талдаа дуурсгалсан

Цалгих дууны эгшигтэй

Очтой залуусын хүч юм аа

Олондоо хүртээх тус юм аа

Ургацын далай, ургацын далай” гэж найгуулан дуулсан Эрдэнэбулганы хоолой яалт ч үгүй дуундаа наалдаж өгсөн байх шүү. Бүхий л насаараа найрал дууны багш хийсэн Чимэддорж гуай түүнийг юу эс андах билээ. Ёстой нөгөө Баатар ванг чинь “элдэж” өгөөд ургацын далайг долгилуулсан нь мэдээж.

“Монголын радиогийн бүдүүн дуут” СГЗ Б.Цэдэндамба

Намрын алтан шаргал тариан тухай ярихаар яалт ч үгүй Базарын Цэдэндамбаагийн хүнгэнэсэн сайхан хоолой сонсдох шиг болдог. Монголын радиогийн “Ургацын далай” нэвтрүүлгийн нэр нүүр нь, нэрийн хуудас нь явсан энэ хүний дуу хоолой өдийд л “араажав”-ынхаа цаанаас хүнгэнэж, эх орон даяар намар болсныг зарлан тунхагладаг билээ сэн. “Бүдүүн дуут” Дамбааг “Ургацын далай”-тай уулзуулсан хүн нь явж явж Жамсрангийн Самбуу гуай болоод явчихдаг нь сонин. “Нэг өдөр Утга зохиол сонинд ажиллаж байсан чинь Удвал дарга цуваа өглөө. “Май, энийг өмсөөд яв. Сайд нарын зөвлөлийн хянан шалгах хорооны орлогч дарга Жамъян гэдэг хүн дуудаж байна, цаана чинь” гэдэг юм. Яваад очсон чинь Жамъян гуай “За чамайг Цэдэндамба гэдэг үү. Өнөө сайхан дуутай залуу юу. Самбуу гуай хэлсэн. Тэр залуу л таалагдаад байх юм. Тэрийг нэг радиод авч газар тариалан, өвс хадлан гэдгийг яриулахсан гэж”. Ингэж л далан нэгэн оноос хойш радиод хулхиа эдэлсэн шүү дээ” хэмээн өөрийн шавь Лханаагийн Мөнхтөрд ярьсан байдаг. Тэр хоёрын хөөрөлдөөн 2008 онд “Өдрийн сонин”-д хэвлэгдэж байсан. Мөнхтөр бол “Ургацын далай” хэмээх буянтай нэвтрүүлгийн алтан тоостой микрофоныг багшаасаа хүлээж авч гуч шахам жил тариан түрүү сугсруулсан нэгэн.

Амуу тариа шаагиж ургацын далай долгилохын өмнөхөн “Ургацын далай” дууны түүхээс хуваалцлаа. Жилийн жилд алтанхан намрыг зарланхан дуудсан “Ургацын далай” минь. Хүмүүний зүрхэнд тариан түрүү шиг найган ганхаж, амьдралын баяр баясгаланг авчирсан “Ургацын далай” минь.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *