Categories
мэдээ нийгэм

​Урд зүгийн “уудаг” ус

БНХАУ-ын хилээс 4.5 км-ийн зайд оршдог Дорноговь аймгийн Замын-Үүд сумын усны хэрэглээний өнөөгийн байдлыг судлахаар бид аялалаа эхлүүлсэн юм. Энэхүү сэдвийг хөндөх болсон гол шалтгаан нь хэрэглээний усаа хэт гүнээс олборлодог. Үүнээс болж усны хэрэглээ, ус олборлох зардал нэлээд өндөр гардаг төдийгүй оршин суугчдын эрүүл мэнд, гоо сайханд сөргөөр нөлөөлдөг гэх иргэдийн санал, гомдол юм.

Замын-Үүд сумд нэг хүнд ногдох ундны усны хэмжээ, нөөц маш бага. Усны өнгө, амт чанарын шаардлага хангахгүй байгаа нь судалгаа хийх явцад анзаарагдсан ба усыг нь ууж үзэхэд давс амтагдаж, шууд хэрэглэх боломжгүй мэт санагдлаа.

Ингээд бид өглөөний 8 цагийн алдад Замын-Үүд өртөөн дээр бууж зорьсон газраа ирсэн юм. Замдаа өлсөж, цангасан оюутнууд хамгийн түрүүнд зоогийн газар бараадах нь дамжиггүй. Харин бидний хайж очсон мөнөөх хуурай уур амьсгал, зорилгогүй хэсүүчлэх элс, хатуулагтай ус галт тэрэгнээс буухад л өөрсдөө биднийг тосоод авах нь тэр.

Ингээд бид судалгааны ажлынхаа албан ёсны эх сурвалжуудтай уулзахаар Замын-Үүд сумын ЗДТГ-ыг дараагийн зогсоолоо болгов. Ажилтан албан хаагчид биднийг оюутан гэж голоогүй. Харин ч тохилог уулзалтынхаа танхимд биднийг хүлээж авсан бөгөөд ирээдүйн сэтгүүлчдийн асуултад их л хичээнгүйлэн хариулж байсан нь талархууштай.

ЗДТГ-ын орлогч дарга Б.Батдулам “Замын-Үүд, Эрээн хот нь цаг агаар болон усны хомсдлын хувьд адилхан шинж чанартай. Хэдэн жилийн өмнөөс Эрээн хот 100 метрийн зайтай газраас ундны усаа зөөвөрлөдөг асуудлаа шийдсэн юм. БНХАУ нь өндөр хөгжилтэй орон учраас уг асуудлаа шийдвэрлэж чадсан. Судалгаанаас үзэхэд Замын- Үүд сумын усны нөөц ойрын 20 жил хүрэлцэхүйц хангалттай байгаа бөгөөд байнга усны түвшинг тогтоодогмониторингийн төхөөрөмжхоёр жилийн өмнөөс ашиглалтанд орсон. Говийн нутгуудаар усны түвшин муу байна гэж ярьдаг гэхдээ мониторингоор тогтооход тийм асуудал гараагүй. Манай сумын ус хатуулаг ихтэй учиркрантны хоолой байнга зэвэрдэг. Зэврэлт нь хоолойг цоолдог учраас ойр ойрхон сольход төсөв мөнгө их гардаг. Гэхдээ манай сум 5 ус цэвэршүүлэх байгууламжтай. Ихэнх айл ундандаа цэвэршүүлсэн боллонтой усыг авч хэрэглэдэг” хэмээн бидэнтэй ний нуугүй ярилцлаа.

Дассан газрын даавуу зөөлөн


“Цуйван хаус” төмөр замын өртөөнөөс чанх урагшаа алхахад л нүдэнд торно. Энд зөвхөн цуйван биш төрөл бүрийн шөл гарж байсан нь биднийг аргагүй татав. Тэнд сэрүүхэн, шигүүхэн салхи үргэлж биднийг дагаж байсан нь цаанаа л нэг жихүүдэс төрөм. Харин манай анги хотын эсвэл төв, баруун аймгуудын хүүхдүүдийн бүрэлдэхүүнтэй болохоор эндхийн хоол нь шорвог талдаа санагджээ. Энэ бол тус сумын усны давслаг шинжийг илтгэх бодит жишээ.

Усны давслаг болон шүлтлэг чанар нь байх ёстой хэмжээгээ давбал ундандаа хэрэглэх боломжгүй болдгийн зэрэгцээ кальци, магни их хэмжээгээр агуулдаг тул хүний эрүүл мэнд, гоо сайханд хор хөнөөл учруулдаг гэж мэргэжилтнүүд анхааруулж байна.

Бидний дараагийн бай бол цэвэр ус шүүгүүрийн газрууд. Нутгийн хэмжээнд нийт ус цэвэршүүлдэг таван компани үйл ажиллагаагаа явуулж байгаа. Харин бидэнд төвөгшөөлгүй үйл ажиллагааныхаа тухай ярьж өгсөн “Чандмань Эрдэнэ” компаний захирал Б. Батчулуунд талархснаа илэрхийлэх байна.

Тэрээр “Ус цэвэршүүлэх байгууламжууд нь гүнээс нөөцөө татаж, дахин цэвэршүүлснээр иргэдэд хүргэдэг. Нэг боллонтой ус (20 литр) 1800 төгрөгөөр үйлдвэр дээрээсээ худалдаалагддаг бол хүргэлтээр авбал 2500 төгрөг байдаг. Өдөрт дунджаар 70-aaс 80 ширхэг боллонтой ус зарагддаг. Цэвэршүүлэлтийн газрууд усаа тогтмол мэргэжлийн хяналтын газар шинжилгээнд өгдөг. Харин дутагдалтай тал нь нутгийн иргэд уснаас авах ёстой эрдэс бодисоо авч чаддаггүйд л байгаа юм. Бид гүнээс татаж байгаа усны хоолой, шугамаа байнга шинэчилдэг ч гэсэн ус нь хатуулаг ихтэй учир бидний ажилд ч хүндрэлтэй байдаг” хэмээн ярьлаа.

“Уудаг” ус


Замын-Үүд сум нийт 42 худагтайгаас 18 нь бэлчээрийнх. Ус цэвэршүүлэгч компаниуд айл өрх бүртэй гэрээ байгуулан тоолууржуулж төлбөр авдаг байна. Мөн тус сум нь 2017 онд байгалийн нөөц ашигласаны 12 сая төгрөгийн төлбөр төлж байсан бол мөн энэ онд адил хэмжээний төлбөр төлөхөөр болоод байгаа гэнэ. Иймд оршин суугчид хэрэглээний усаа худгаас эсвэл цоргоноос авч хэрэглэдэг аж. Өмнө нь Эрээнээс цэвэршүүлсэн усыг 5 юуанаар (1900 төгрөг) худалдаж авдаг байсан Замын-Үүдын иргэд гүний худгаас усаа авдаг харин орон сууцны иргэд цэвэршүүлсэн ус авч хэрэглээд 10 гаруй жил болсон байна.

Нутгийн иргэн Б. Чулуунсайхан: “Би оёдолчин хүн л дээ. Тэгээд уурын индүүг байнга ашигладаг. Индүүндээ крантны ус хийчихвэл доторх хоолой нь зэвэрч, эвдэрч мууддаг. Харин индүүдсэн хувцас маань шарлаад толбо болчихдог” гэв.
Ахуйн хэрэглээнд мөнөөх усыг хэрэглэхэд шүд шарлаж цоорох, толгой эргэх, ойр ойрхон ам цангах, ходоод гэдэс, цөсөнд чулуу болон элс үүсгэх сөрөг нөлөө үзүүлдэг. Тиймээс уг суманд гэдэс дотрын өвчлөл харьцангуй их байдаг нь ундны устай шууд холбоотой юм.

Албаны хүний мэдээлснээр Замын-Үүд сумыг 2014 он гэхэд эдийн засгийн чөлөөт бүс болгох төлөвлөгөө бий. Гэтэл 20 мянган хүнийг 20 жилийн турш цэвэр усаар хангахад их хэмжээний хөрөнгө мөнгө шаардагдана.

Жижигхэн тосгонд таксины бизнес өргөн дэлгэржээ. Жирэмсэн, хөгшин, залуухан, нялх биетэй гээд эмэгтэй жолооч нар дийлэнхдээ таарч байв. Тэнд хаашаа ч явсан таксины үнэ 1000 төгрөг. Жолооч эгч төрөөд удаагүй бололтой толгойгоо хүүхдийнхээ даавуугаар ороосон байв. Нялх биетэй хүн таксинд явж байгаа нь их хачирхалтай санагдаж байснаас гадна эндхийн хатуулагтайусаар төрөөд эмзэг болсон арьсаа угааж арчилахадхүндхэн байдаг байхдаа гэсэн бодол төрж эгчээс асуухад “Говь газар ер нь давсархаг устай байдаг. Би лав амтгүй, өнгөгүй цэвэр ус энд ер ууж үзээгүй. Нэг их юм бодохгүй уучихдаг л юм чинь нүүр гараа угааж, усанд орох бол асуудал бишээ, өөр арга байхгүй хойно яах вэ дээ. Зарим газар нь бүр гэдэсний хижиг үүсгэдэг устай шд.” гэв. Байгаа байдалтайгаа дасан зохицсон ч цаашдынхаа эрүүл мэндийг огтхон ч хайхраагүй мэт энэ хариулт биднийг дараагийн хүн юу гэж хэлэх бол гэсэн айдаст автуулан үлдээв. Шороон шуурганд замын хүнээс эмнэлгээ хайж асуух завдалдаа мөнөөх гүний худгийн тухай лавлаж амжлаа. Тэндхийн иргэд толгойдоо алчуургүй, нарны шилгүй байх нь маш цөөхөн. Замд таарсан нэгэн эмэгтэй “Замын-Үүдэд байдаг ундны усны худагт хараа хяналт байдаггүй. Стратегийн хувьд төрийн хамгаалалтанд байх ёстой боловч худагт ганц слесар өвгөн манаач хийгээд сууж байдаг. Яг Хятад Монголын хилийн ойролцоох худагт ажлаар очиж үзсэн юм. Слесарт хор өгөөд худаг руу ямар ч хүн ороод бактери хийхэд асуудал үүсэхгүй юм шиг санагдсан” гэж шулуухан хэлэв.

Ингээд тус сумын иргэдийн эрүүл мэндийн нийтлэг өвчлөлийн талаар лавлахаар сумын Нэгдсэн Эмнэлэгт ирлээ. Хамгийн түрүүнд дотрын эмчтэй уулзахаар төлөвлөсөн байсан ч эмч нь өвчтөн ихтэй байгаа тул уулзах боломжгүй хэмээн түтгэлзсэн юм. Гадна оочирлож суусан нэгэн иргэнээс ямар шалтгаанаар эмнэлэгт ирснийг нь тодруулахад “Дотор гэлтгүй шүд ч мөн адил гэмтэж байна гэж охиныхоо тухай ярилаа. Миний охин багадаа худгийн ус их уудаг байсан юм. Гэтэл том болоодирсэн шүд нь шаралж паалан нь ямар ч өнгөгүй болсон. Одооохин минь Европт амьдардаг тэндхийн олон эмнэлэгээр явсан боловч 25 нас хүрээдарилгах боломжтой гэсэн. Ямар ч үнэтэй шүд цайруулагч хэрэглээд нэмэргүй байна гэнэ лээ” гэв.

10.9 сая ам долларын өртгөөр баригдсан ус цэвэршүүлэх, үйлдвэрийг 2012 онд барьж эхэлсэн бөгөөд 2016 онд БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын шийдвэрийг Улсын комисс хүлээн авсан хэдий ч хэрэглэгч байхгүйн /ашиглалтын зардлыг эргүүлж олох боломж байхгүйн/ улмаас ашиглаагүй өдий хүрчээ. Замын-Үүдийн гүний худгийн ус нь Атлантын далайн усны хатуулагтай адилхан хэмжээнд байдаг аж. Өөрөөр хэлбэл маш өндөр хатуулагтай усыг хамгийн сүүлийн үеийн шүүх технологиор зөөллөж, тунгааж, хийн технологийн аргаар эрдэс бодисыг дахин сэргээж, стандартад нийцүүлэн хэрэглэгчдэд хүргэх боломж уг нь тэдэнд байгаа юм байна.

Сэтгүүл зүйн III анги

Б.Билгүүн

Ц.Мишээл

Б.Ялгуун

Л.Амарцэцэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *