Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Уран дархан Д.ПҮРЭВСҮРЭН: Баянаа аварга миний урласан малгайгаар хөшөөнийхөө нээлтэд гоёсон

Урт цагааны баруун урд талд “Хөөрөг” нэртэй урлангийн газар бий. Энд олноо уран Пүүжээ гэж алдаршсан Д.Пүрэвсүрэн ажилладаг. Түүнтэй уулзаж хөөрөг, алт мөнгөн аяга, даалин тэргүүтэй уламжлалт эд зүйлстэй холбоотой яриа өрнүүлэхээр гэрт нь очлоо. Эднийх Нүхтийн аманд хоёр давхар хувийн орон сууцанд амьдардаг ажээ. Гэрийн эзэгтэй үүдээ нээж өгөөд зочны өрөө рүүгээ дагуулан оров. Мэнд усаа мэдэлцэн ширээний ард сууж байтал Д.Пүрэвсүрэн дээд давхраасаа бууж ирээд мэндэлж байна. Гэхдээ зүгээр нэг “За сайн байцгаана уу. Ажил төрөл өндөр үү” гэсэнгүй. Монгол түмний эртнээс нааш уламжилж ирсэн ёсоор хөөрөглөж “Тарган тавтай сайхан намаржиж байна уу” гэж мэндчилэв. Мэнд усаа мэдэлцэх хооронд гэргий нь цай аягалж тавгийн идээ тавьжээ.

Д.Пүрэвсүрэн Архангай аймгийн Эрдэнэбулган уулын өвөрт төржээ. Бага байхад нь гэрийнхэн нь хот руу нүүж ирснээр Дарь-Эхийн хүүхэд болсон байна. Хүүхэд байхын л юм юманд гарын уртай байсан бөгөөд дархан болоход ээжийнх нь нөлөө их байсан гэнэ. Түүний ээж гар урлалын үйлдвэрт чимэглэгч хийдэг байж. Хааяа нэг ээжийгээ дагаж ажил дээр нь очих үед монголын шилдэг дархчуул гайхалтай бүтээл туурвин суудаг байсан гэнэ.

Түүнийг нь харж сонирхсоор дархан болох мөрөөдөлд автжээ. Тухайн үед дунд сургуулийн сурагч байсан хэдий ч алх, дөшний чимээ дотно санагдах болсон байна. Улмаар наймдугаар ангиа төгсөөд 16-хан настай байхдаа Монгол Улсын начин, улсын алдарт уяач Гарамжавын Ганхүүгийн гарын шавь болжээ. Дархан хүмүүс аливаа зүйлд тун хүндэтгэлтэй ханддаг учраас билигт сайн өдрийг хүлээн алд цэнхэр хадагтай очиж байсан нь Д.Пүрэвсүрэнгийн сэтгэлд өнөө хэр тод дурсагддаг гэсэн. Урт цагаанд байрлалтай багшийнхаа ажлын өрөөнд анх очиж уулзахад “Гартаа овоо эвтэй хүүхэд байна” гэсээр шавиа болгожээ. Багшийнхаа өгсөн үүрэг даалгаврыг түргэн шуурхай мөртлөө нягт нямбай гүйцэтгэдэг байсан болохоор овоо тоогддог байж. Ажилд ороод удаагүй байхад багш нь өрөө цэвэрлэх, хоол хийлгэх, дэлгүүр явуулах гэхчилэн ойр зуурын ажилд байнга дайчилна. Тэгэхээр нь дотроо “Хар бор ажилд л зараад байх юм” гэж дурамжхан маягтай боддог байсан ч энэ нь цаагуураа аливаа зүйлд тууштай, шантрахгүй байхыг сургасан нэг төрлийн хичээл байсныг ухаарчээ. Ингэж ойр зуурын ажилд дайчлахын зэрэгцээ мөнгө давтах, эд зүйл өнгөлүүлэх зэргээр сургаж эхэлсэн байна. Хамт ажиллаж байх үедээ “Дархан хүн алх, дөшөө эрхэмлэх хэрэгтэй” гэх юмуу “Дархан хүнийг мөнгөө хэрхэн давтаж буйгаар нь шинждэг” гэхчилэн сургааль хэлнэ. Тэгсэн нэг өдөр 80 ширхэг мөнгөн бугуйвч хийх захиалга орж иржээ. Мөнгөө хайлаад ажлаа эхлүүлж байтал захиалагч талынхан “Бугуйвчаа болилоо. Аяга хийлгүүлье” гэжээ. Ингээд хамгийн анхныхаа мөнгөн аягыг хийж байсан түүхтэй. Энэ цагаас хойш мөнгөн аягаар мэргэшин нэг хэсэг “аяганы” Пүүжээ гэдэг хочтой болсон гэнэ. Гэтэл удалгүй Монголын үндэсний бөхийн холбооноос бөхчүүдийн малгайн оройг титэмтэй болгож цолоор нь ялгая гэсэн санал гарчээ. Улмаар бөхчүүдийн малгайн титмийг хийж эхэлжээ. Анхны малгайн титэм О.Балжинням аваргынх байсан гэнэ. Тухайн үед О.Балжинням аварга арслан цолтой байж. Бөхчүүд ч аварга, арслан гэлтгүй бүгд нэг ижил загвартай жанжин малгай өмсдөг байв. Үүнийг шинэчлэн аваргууд дөрвөн талдаа хангарьдтай малгай өмсдөг байя гэж тогтжээ. Улмаар эрийн гурван наадамд алдар суугаа бадруулан цолонд хүрсэн хүмүүсийн малгайн оройны титэм хийж эхэлсэн байна. Энэхүү ажлыг Г.Ганхүү багш нь санаачилж, загварыг нь гаргаж байсан гэнэ. Тэр цагаас хойш “Хөөрөг” урлангийн дархчуулаар улсын цолонд хүрч байгаа бөхчүүд, уяачид, сур, шагайнхан бүгдээрээ эднийд ирж малгайн титмээ хийлгэх болжээ. Улсын баяр наадам дууслаа л бол бөхчүүд, сур, шагайнхан хамгийн түрүүнд эднийхийг зорьдог юм байна. Тэрээр аливаа зүйлд нухацтай, нягт нямбай, шударга ханддагаа гэр бүлийнхээ хүмүүжилтэй холбон тайлбарлаж байна лээ. Түүний өвөө нь Лхагвасүрэн гэж нутаг усандаа нягт нямбай, цэвэрч, шударгаараа алдартай хүн байсан гэнэ. Дээл хувцсаа цэвэрхэн өмсдөг болохооор нутгийнхан нь ганган Лхагвасүрэн гэж хүндэтгэдэг байжээ. Өвөө нь Д.Пүрэвсүрэнгээр гуулин данхаа байнга өнгөлүүлнэ. Нүүрээ тольдож болох хэмжээнд өнгөлүүлдэг байсан нь түүнийг дархан болоход нөлөө үзүүлсэн гэж ярьж байна лээ. Бас хүүхэд байхын л гар хурдтай, аливаа зүйлийн эвийг олохдоо чадамгай байж. Тиймээс багш нь яаралтай, эсхүл нарийн хийцтэй аливаа ажлыг Д.Пүрэвсүрэнд даатгадаг байсан гэнэ. Тухайн үед багшийнх нь өрөөгөөр халхын сайхан аваргууд байнга зочилдог байжээ. Тэд малгай, бүснээс эхлээд хөөрөг, мөнгөн аяга хийлгэхээр ирнэ. Ирэх бүртээ сайхан яриа хөөрөө дэлгэн сууна. Дарийн Дамдин, Жигжидийн Мөнхбат тэргүүтэй аваргууд багшийнх нь өрөөнд хүрч ирээд идээ будаа, архи дарс болно. Аваргууд нэг уухаараа ганц, хоёр шил архиар тогтохгүй. Арав, хорин шилээр нь уудаг байж. Өглөө нь ирээд багшийнхаа өрөөг цэвэрлэн хоосон архины шилийг тушаахад ямартай ч хоолны мөнгөтэй болчихдог байжээ. Бас банкны захирал тэргүүтэй алдар цуутнууд байнга хүрч ирнэ. Өрөөгөөр шагайхад дүүрэн хүнтэй л сууж байдаг байжээ. Тэр хэрээр өдөрт л нэг бүтээл төрдөг байсан гэнэ. Түүнийг нь харсаар багш шигээ олонтойгоо байдаг дархан хүн болох юм шүү гэсэн бодол Д.Пүрэвсүрэнд суужээ.

Ийн хуучлах хооронд гэргий Б.Гэрэлчимэг борцтой будаатай цай чанав. Эднийх дөрвөн хүүхэдтэй өнөр өтгөн айл. Том охин П.Номинчимэг арваннэгдүгээр анги. Аав ээжийгээ эзгүйд дүү нарынхаа хичээлийг давтуулах, гэр орноо цэвэрлэх зэрэг үүрэг хүлээнэ. Дүү нарыг нь П.Түмэндэмбэрэл, П.Энхномин, П.Отгонтэнгэр гэдэг ажээ. Гурван том нь ерөнхий боловсролын сургуулийн сурагчид бол отгон хүү П.Отгонтэнгэр цэцэрлэгт явдаг юм байна. Тэрээр аавынхаа улаан фэн гэсэн. Аав нь хөх өнгөтэй дээл өмсвөл яг ижлийг хийлгээд өг гэж ээжээсээ гуйна. Хар өнгийн хослол өмссөн өдөр нь бас л дуурайж хувцасладаг гэсэн. Аавынхаа урлан дээр хааяа нэг очихоороо “Би яг тан шиг ийм мундаг хүн болно” гэдэг ажээ. Гэргий Б.Гэрэлчимэг нь нөхөртэйгөө хамт “Хөөрөг” урландаа ажилладаг юм байна. Тэрээр урлангийнхаа менежерээр ажилладаг гэсэн. Д.Пүрэвсүрэн, Б.Гэрэлчимэг хоёрын танилцсан түүх ч ажил, мэргэжилтэй нь холбоотой. Б.Гэрэлчимэг өөрийнхөө төрсөн өдрөөр ээмэг хийлгүүлэхээр Д.Пүрэвсүрэн дээр иржээ. Захиалсан ээмэг нь түүний сэтгэлд ихэд нийцсэн болохоор төрсөн өдрийнхөө баярт Д.Пүрэвсүрэнг урьжээ. Улмаар нэг нэгэндээ сэтгэл алдарч Д.Пүрэвсүрэнгийнх гэх айлын өрхийг хамтдаа татсан түүхтэй. Гэр бүл зохиогоод удаагүй байхдаа хоёр талынхаа аав ээжийнд нэг хэсэг амьдарч байгаад Дарь-Эхэд гэр барьж тусдаа гарчээ. Гэрт амьдарч байхдаа өвлийн хүйтэнд “Чи орондоо хэвтэж бай, би босож галаа түлье” гэлцэн даарч хөрч байсан хөгжилтэй түүхээсээ хуваалцлаа. Дарь-Эхэд тав, зургаан жил амьдарч байгаад банкны зээлээр “Баянмонгол” хороололд орон сууц худалдан авч нэг хэсэг амьдарч байгаад өнгөрсөн жил одоогийн амьдарч буй газраа нүүн иржээ. Анх айл гэр болон гал голомтоо бадрааж байхад нэгэн ахынх нь бэлэглэсэн морин хуур эдний гэрийн нандин өв болж хойморт нь залагджээ. Д.Пүрэвсүрэн “Үнэтэй цайтай эд зүйл гэхээсээ хүний сэтгэл шингэсэн бэлэг эрхэм санагддаг” гэж байв.

Дархан хүн аливаа нэгэн бүтээл эхлэхдээ луу өдрийг сонгодог ажээ. Луу өдөр дарх хийхэд сайн гэсэн лусын буулттай байдаг юм байна. Тиймээс чухал, нандин зүйл урлахдаа өдөр судраа нарийн хардаг гэсэн. Бас сэтгэл зөвтэй байж гэмээнэ сайн бүтээл төрдөг гэнэ. Бүтээл урлаад эхэлсэн л бол муу зүйл ярихгүй, хүнтэй муудалцахгүй байхыг эрхэмлэнэ. Бас багшийнхаа захьсан “Хүнд эд зүйл хийж өгөхдөө нүнжигтэй хандаж байгаарай. Эдэлгээ даахгүй, хэтэрхий нимгэн зүйл хийвэл буян заяанд чинь муу” гэх захиасыг байнга дагадаг гэсэн. Түүнчлэн хүний эд зүйл хийж өгөхдөө материалыг нь хольж сольж болохгүй гэх зарчмыг хатуу баримталдаг юм байна. “Манай ээжийн алтан ээмэгний өрөөсөн нь энэ. Үүгээр хөөрөгний нуух хийлгэе” гэх зэргээр ирэх хүн олон. Тэр бүрт тухайн хүний авчирсан материалыг заавал өөрийнх нь захиалсан зүйлд шингээнэ. Учир нь үнэт эдлэл маш их энерги дагуулж байдаг болохоор тун хариуцлагатай хандахгүй бол болдоггүй гэсэн.

Д.Пүрэвсүрэн эхээс тавуул. Нэг ах, хоёр эрэгтэй, нэг эмэгтэй дүүтэй. Тэд бүгдээрээ “Хөөрөг” урланд ажилладаг юм байна. Эднийхэн бүгдээрээ нийлж олон сайхан бүтээл туурвиснаас өнгөрсөн цагаан сараар Хакухо аваргад зориулан хийсэн аягыг онцлон ярив. Мэргэжлийн сумогийн их аварга Хакухо М.Даваажаргал хөдөлмөрийн баатар болоход Ч.Санжаадамба тэргүүтэй үеийн найзууд нь хаш аяга хийлгэжээ. Уг аягыг Д.Пүрэвсүрэн “Монгол дархны ур ухаан харагдахаар хийнэ” гэж тооцоолжээ. Ингээд Их наран улсын бэлгэ тэмдэг нарыг бадмаараг эрдэнийн чулуугаар төлөөлүүлж, 69 дэх аварга болсон бэлгэдэлт тоог нь арга, билгээр хослуулан танаар хийжээ. Монгол төрийнхөө алтан соёмбыг алтан дээр суулган, мөнхөд ноён байхын бэлгэдэлтэй ноён сэврээ хийцтэй сүүн цагаан сэтгэл, найз нөхдийн бэлгэдэл болсон хаш аяга урлажээ. Энэ мэт олон бүтээл туурвисан. Өнгөрсөн зун гэхэд дархан аварга Х.Баянмөнхийн малгайн чимгийг бүтээж өгчээ. Х.Баянаа аварга Увс аймгийнхаа 90 жилийн ойд зориулан дөрвөн хүчтэнтэй малгай хийлгэсэн байна. “Увсын 90 жилийн ойн үеэр Баянаа аваргын хөшөөний нээлт болсныг сүүлд мэдсэн. Тэгэхээр аварга маань миний урлаж өгсөн малгайгаар гоёж хөшөөнийхөө нээлтэд очжээ” хэмээн инээмсэглэв.

Хөөрөг түүх болж үлддэг. Асашёорюү Д.Дагвардоржид манлай баатар Дамдинсүрэнгийн хар хас хөөрөг байдаг гэнэ. А.Сүхбат аваргад “Даян халтар” хөөрөг байдаг. Архангайн Хотонтоос гаралтай тэрхүү хөөрөг үнэхээр аварга хүнд байхаар хийцтэй сайхан хөөрөг гэнэ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга Б.Билэгт хар обсиден буюу хувилгаан эрдэнийн хас хөөрөгтэй. Тэрхүү хөөрөг хар өнгөтэй мөртлөө долоон өнгөөр солонгорч харагддаг тун ховор чулуутай гэсэн. Ингэж гоё хувирдаг чулуу дэлхий дээр тийм ч олон байдаггүй юм байна. Харин сүүлийн үед монголчууд хөөрөг цуглуулах сонирхолтой болж байгаа ажээ. Да.Ганболдын цуглуулгад 300 орчим хөөрөг байдаг гэнэ. Хөөрөгний үнэ цэн чулуу, хийцэндээ ч бий. Эдэлж хэрэглэж байсан эзэндээ ч байдаг гэнэ. Ардчилсан нийгэм гарахаас өмнө хөөрөгний үнэ цэн тийм ч өндөр байгаагүй байжээ. Хүмүүс өв уламжилж ирсэн хөөрөгнийхөө үнэ цэнийг сайн мэдэхгүйгээс болоод урд хөршийнхөнд нэлээд зарж байсан гэнэ. 1990-ээд оны эхээр ч гэсэн аав, өвөөгийнхөө эдэлж хэрэглэж байсан хөөргийг Эрээн рүү гаргаад хэдэн шуудай оймсоор сольдог байж. Тэр үед буюу 1994 онд Д.Пүрэвсүрэн ах, дүү нартайгаа нийлэн мөнгөн аяга хийж хар зах дээр гарган худалддаг байв. Нэг аягыг 50 мянган төгрөгөөр зарна. Тэгсэн нэг өдөр Балган гэж өвгөн томоо модны дор гадил жимс идэн сууж байгаа мичний дүрстэй халтар манан хөөрөг 200 мянган төгрөгөөр зарж байсныг худалдан авчээ. Уг хөөргөө 10 гаруй жил хадгалж байгаад 2005 онд нэгэн танилдаа зарж байсан гэнэ.

Түүний яриан дунд “Хүнд хөөрөг, аяга тэргүүтэй үнэт эдлэл хийж өгөхдөө чин сэтгэлээ шингээж маш сайн чанартай хийх ёстой” гэх зарчим байнга гарч ирж байв. “Үнэт эдлэл, тэр дундаа хөөрөг бол монголчуудын уламжлалт хэрэглээний зүйл. Манайхаас өөр эрдэнийн чулуугаар мэнд мэддэг газар хаа ч байхгүй. Англи, Итали гээд олон улсад хөөрөг сонирхдог хүмүүс бий. Гэхдээ тэд манайхан шиг уулзсан хүмүүстэйгээ хөөргөө зөрүүлэн мэндэлдэггүй. Зүгээр л цуглуулдаг. Дэлхийд ганцхан соёл, уламжлалыг тээж яваа агуу түүхтэй ард түмэн шүү дээ бид” гэлээ. Чанар, чанар гэх түүний яриаг сонсож суухад уран Пүүжээ биш, чанар Пүүжээ гэж нэрлэмээр санагдаж байлаа. Угаасаа ч түүний “Хөөрөг” урлан “Дэлхийд ганцхан монгол дархны ухаанаар цор ганцыг бүтээв” уриатайгаар үйл ажиллагаагаа явуулдаг гэсэн. Мөн тэрээр бүтээл бүрээ “Монгол хийморь, монгол нүнжиг” гэж бодон ур ухаан, мэдлэг чадвараа шавхан хийдэг ажээ. “Та Монголын алдар цуутай ямар, ямар хүнд үнэт эдлэл урлаж өгөв” гэж асуухад “Төрийн өндөрлөгүүд, УИХ-ын гишүүд, монгол бөхийн аварга, арслан, алдар цуутай уяачид гээд олон хүн бий. Надаар юм хийлгүүлсэн гэхээсээ хийлгээгүй хүнийг тоолбол амархан биз” гэж байна лээ. Ийн хуучлаад Д.Пүрэвсүрэн­гийнхээс явах боллоо. Тэрээр “Монгол дархчуудын маань хараа хурц, үйл нь уран, дөш нь дуутай байх болтугай” гэж ерөөсөөр хоцорсон юм.

Гэрэл зургуудыг Г.ЛХАГВАДОРЖ


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *