Categories
мэдээ цаг-үе

Уран бүтээл хийхийн тулд сэтгэл зүрхээ хөглөх хэрэгтэй

“Маск продакшн”-ий жүжигчин П.Эрдэнэзаантай ярилцлаа.

-Танай үеийнхэн ажил амьдралынхаа гарааг 90-ээд онд нийгэм солигдож байсан хэцүү үед эхэлжээ, залуу хүн уран бүтээлийн гараагаа том мөрөөдөлтэй эхэлсэн байх?

-1994 онд СУИС-ийг төгсөөд “Орчин үе” гэж театрт орж байлаа. Хуучин Армийн драмийн театр гэж байгаад 90 оны үед зах зээлд шилжихэд татан буугдсан юм. Түүний суурин дээр “Орчин үе” театр маань байгуулагдахад жүжигчнээр орж байлаа. Тэнд дөрөв таван жил ажиллаад Драмийн театрт жүжигчнээр орсон. Драмд мөн дөрөв таван жил ажиллаад “Өнгөт инээд” хамтлагт орсон. Тэндээсээ “Маск” продакшнаа байгуулаад өдий болж байна даа.

-Яг одоо тоглолтынхоо бэлтгэлийг хийж байгаа юм байна. Ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?

-Наймдугаар сарын 7-нд “Маск” продакшны 10 жилийн ой болно. 10 жилийн ойгоо угтаад наймдугаар сарын 19-нээс нэг шинэ уран бүтээл шоу тоглолт хийх гээд бэлтгэл ажил ид дундаа явж байна. Жанраа дагаад инээдмийн тоглолт хийнэ. Сар гаруй тоглох байх.

-Уран бүтээл хийхэд хөдөлмөрлөж байнгын бэлтгэл хийгээд маш их энерги зурцуулдаг нь харагдаж байсан. Эрч хүч, онгод хийморио юунаас авдаг вэ?

-Уран бүтээл хийхийн тулд эхлээд сэтгэл зүрхээ бэлдэх хэрэгтэй. Хөглөх ёстой. Тэгж байж уран бүтээл төрдөг. Тэрнээс биш зүгээр цаасан дээр биччихсэн юмнуудыг уншаад гаргачихдаг юм биш л дээ. Тийм учраас уран бүтээлч хүн уран бүтээлдээ эхлээд дурлах хэрэгтэй. Тэгж байж юм гардаг. Зүгээр л бодож суугаад гараад тоглочихдог юм биш. Уран бүтээлдээ хөглөгддөг байх хэрэгтэй. Багаасаа зураг зурдаг байсан. Зураг зурж байгаа маань жүжигчний мэргэжилд маш их хэрэг болдог. Зураг сэтгэлгээг өсгөдөг давуу талтай.

-Маш өвөрмөц санаа олсон үедээ бушуухан шиг тоглолт болгочих юмсан гээд л яарна биз?

-Энэ зунжингаа л эрэл хайгуул хийлээ. Ер нь бол байнга л эрэл хайгуул хийж байдаг даа. Бүгдээрээ уншиж судална, уулзах хүмүүстэйгээ уулзана. Бас ийш тийшээ хөдөө гадаа явна. Хүмүүстэй уулзана. Ерөнхийдөө байнгын судалгаа, эрэл хайгуул хийж байгаад намар бүгдээрээ цуглаад зохиол дээрээ ярилцана даа. Ер нь би уран бүтээл хийж байх үедээ алхах дуртай. Алхахаар янз бүрийн санаа орж ирдэг юм. Жишээ нь “Нинжа” гээд манай нэг номер байдаг. Золбин нохой хүний аяганд байсан алтыг залгиад зугтчихсан явдлаас сэдэвлэсэн юм. Хүмүүс тэр нохойг хайж эхэлснээр өнөө нохой хамгийн үнэтэй нохой болсон байдаг. Гол санаа нь бол нохой байтугай алт залгичих юм бол хүн ч юу ч биш болдгийг харуулах гэж зорьсон. Алт гэдэг бол тийм хүчтэй зүйл. Ядарсан нэг тэнэмэл хүний гэдсэнд алт орчихвол хүмүүс яаж хандах бол. Үүгээрээ хүний үнэ цэнийн асуудлыг хөндөж байгаа юм. Инээдмийн төрөл боловч цаанаа маш том зүйлийг дуугарч байгаа юм даа.

-Нэг хүний жүжгийн уралдаан СУИС дээр болоход та шүүгчээр ажилласан шүү дээ. Энэхүү жүжгийн талаар юу гэж боддог вэ?

-Моно жүжгийн хувьд уран бүтээлч хүн заавал орж өөрийгөө сорих нэг төрөл гэж боддог. Яагаад гэвэл ганц хүн, ганц уран бүтээлч тайзыг эзэгнэж, үзэгчдийг байлдан дагуулна гэдэг бол тухайн жүжигчнээс чадвар, авьяас зэрэг маш олон зүйл шаарддаг. Тийм учраас маш их дэмждэг. Би өөрөө “Маск”-д ажиллаж байгаа залуучуудыг ч гэсэн моно жүжигт орж өөрийгөө сорих хэрэгтэй гэж хэлдэг. Ингэснээрээ туршлага сууна, чадварын хувьд өснө. Хувь хүний бие даасан уран чадварын хувьд бол хэрэгтэй.

-Монголд моно жүжгийн төрөл хөгжих боломж харагдсан уу?

-Монголд моно жүжгийн төрөл дөнгөж эхэлж байна. Драмын театрын жүжигчин Баясгалан олон улсын тэмцээнд орж том амжилт гаргасан. Моно жүжгийг хөгжүүлэхийн төлөө хүчин чармайлт гаргаж явдагт нь талархдаг даа.

-Ингэхэд танд энэ төрөл тохирох юм шиг санагддаг. Энэ төрөлд хүчээ үзье гэсэн бодол бий юу?

-Одоохондоо яг санасан бодсон юм алга. Гэхдээ тоглож үзэх юмсан гэж бодож л байна. Тогловол ямар ч дүрд тоглож болно. Жүжигчнээс ямар ур чадвар гарч болохыг харуулсан тийм зохиол байх юм бол тоглоно.

– “Хайр харуусал” кино үзэгчдийн үзэх дуртай кино болсон. Дахиад кино хийх талаар төлөвлөсөн юм байгаа юу?

-Манай “Маск” продакшн киноны төрөлд нэг юм хийх гээд үзээд л байна. Одоохондоо боломж нь болж өгөхгүй байна. Тийм учраас хойшлуулаад байгаа.

-Мэдээж танд киноны санал тасардаггүй байх?

-Киноны санал бол их ирдэг. Гэхдээ бид энэ ажилдаа дарагдчихаад боломж, цаг зав гарч өгөхгүй л байна. Кино бол ямар л сэдэв байна бараг бүх чиглэлээр хийгдэж байна.

-Сүүлийн үед кино, жүжгийн зохиол ховордлоо, сайн зохиол төрөхгүй байна гэх юм. Үнэхээр тийм байна уу, танд ямар бодол байна вэ?

-Зохиолчид янз бүрийн санал тавьдаг. Бид эндээ ирээд, уншаад үзээд судалдаг. Гэхдээ инээдмийн төрлөөр чанарын шаардлага хангахуйц бичдэг зохиолч алга.

-Цаашдаа олон улсад уран бүтээлээ таниулах тал дээр бодсон юм байгаа юу?

-Мэдээж бодсон мөрөөдсөн юм байгаа. Хошин урлаг гэдэг энэ төрөлд олон жил үнэнчээр зүтгэсэн байна. Тийм учраас өөрийнхөө тоглож байгаа энэ төрлийг тодорхой хэмжээнд гадаадын зах зээлд яаж гаргах вэ гэж бодож санаж явдаг. Олон орны уран бүтээлчидтэй уулзаж, гадаад дотоод явж судалгаа хийж л байна. Энэ гэхдээ тийм амар ажил биш. Ямар ч байсан олон жил зүтгэснийх эхлэлийг нь тавьчих юмсан. Цаашаа хөгжөөд явах байлгүй л гэж бодож байна. “Маск” продакшны уран бүтээлчдийн хийх гэж бодож төлөвлөсөн зүйлс зөндөө бий. Мөн хувь уран бүтээлчийн хувьд ч хийх юмсан гэж бодож мөрөөдөж яваа зүйлүүд ч байна. Ямар ч байсан тэр санаанууд маань хэрэгжих байхаа. Мэдээж хэлний асуудал бэрхшээлтэй байгаа. Гадаадад тоглоно гэдэг чинь гадаад хэлээр л тоглоно гэсэн үг. Тэгэхээр тийм амар зүйл биш. Гэхдээ энийг давж туулж болохоор болсон гэж бодож байгаа. Одоо манай уран бүтээлчид бүгд хэлтэй болж байна.

-Уран бүтээлч хүн уран бүтээлээ дэлхийд гаргахад мэдээж монгол ахуй, ёс заншлаа түлхүү судлах шаардлагатай. Та энэ талаар юу гэж бодож байна вэ?

-Хүн юу сонирхох вэ гэдгийг л их бодох хэрэгтэй. Цаашлаад монголчуудын онцлог юу билээ, ахуй соёл нь юу билээ, болбол тэрийг л тусгаж үзүүлбэл мэдээж сонирхоно. Тэрнээс биш Английн зохиолоор уран бүтээл хийгээд Англид тоглох бол хэн ч үзэхгүй шүү дээ. Тэгэхээр монгол хүний сэтгэлгээ, өв соёл зэргийг тусгаж өгвөл илүү сонирхох болов уу, ялангуяа нүүдэлчид гэж хэн байсан юм бэ, тэдний зан заншил, өв соёлыг сурталчилбал зүгээр болов уу гэж боддог. Одоо дэлхийн хөгжил өөрөө зогсонги байдалд орчихоод байна. Хүмүүсийн сэтгэлгээ ч өөр болчихож. Хүний мөн чанар гэдэг зүйл газарт уначихсан байна. Монголчуудын нүүдлийн соёлыг гадныхан сонирхоод эхэлчихлээ. Үүн дээр л ажиллаж өгөх хэрэгтэй. Нүүдлийн соёл иргэншил гэдэг чинь зүгээр нэг хэдэн хүн хөдөө тэнээд явж байсан юм биш байхгүй юу. Монголчуудын амьдрал байгаль дэлхийтэйгээ хамааралтай байж ёс заншил нь уламжлагдаж явдгийг гадныхан мэдээд сонирхоод эхэлчихлээ. Тэгэхээр тэр талынхаа юмнуудыг илүү сурталчилж, ойлгуулах хэрэгтэй юм болов уу. Мөн аль ч урлагийн хувьд энэ талаас нь чухалчлан уран бүтээлээ хийгээсэй гэж уран бүтээлч хүнийхээ хувьд боддог.

-Мюзикл хийнэ гэж та өмнө нь ярьж байсан. Ямархуу шатандаа явж байгаа бол?

-Мюзикл хийнэ гэхээр нэлээн өргөн хэмжээний юм болчих гээд байна. Өнөө маргаашдаа яриад хурдан хийчихдэг асуудал биш л дээ. Гэхдээ явагдаж л байна. Зохиол, хөгжим гээд. Болвол үндэсний хэмжээний монгол сэтгэлгээ орсон гоё юм хийчих юмсан гэж бодоод л байна. Уран бүтээлчидтэйгээ санал бодлоо солилцоод явж байна. Болох байхаа.

-Гадуур хошин шогийн зарим хамтлагууд салж нийлээд байгаа сурагтай. Танай хамтлагийн хувьд бүрэлдэхүүн нь хэвээрээ байгаа юу?

-Манай хамтлагийн гишүүд хэвээрээ байгаа. Мөн шинэ залуу жүжигчид нэмэгдэж орсон. Болбол залуу уран бүтээлчдийг дэмжих юмсан гэж боддог. Өнөөдөр олон уран бүтээлч төгсч гараад ажлын байргүй яваа.

Бидний хувьд төрөөс дэмжлэг хүсээд юм шаардаад байдаггүй. Боломжоороо ажиллаад залуусаа амьдралтай, ажилтай болгочих юмсан гээд зүтгэж байна.

-Та ямар шашин шүтдэг вэ, танай хамтлагт бөө нэлээд байдаг гэж сонссон…

-Шүтээд сүйд болоод байхгүй ээ. Буддын шашныг хүндэтгэж явдаг. Зүг чигээ гаргах ч юм уу, ээждээ зориулж зул өргөх ч юм уу тиймэрхүү хэмжээнд л шүтдэг. Манай хамтлагт бөө байгаа. Ганзориг, Дэлгэрсайхан нар бөө шүү дээ. Тиймээс энэ хүмүүстэй их ойр байгаа учраас бөөгийн шашныг бол хүндэтгэж үзнэ. Байгаль дэлхийтэй холбоотой онгод бөө гэдэг чинь байх л ёстой зүйл. Анхнаасаа л байсан юм чинь. Яахав сүүлийн үед олшроод үндсэн мөн чанарыг нь алдагдуулаад байгаа юм болов уу гэж боддог. Энэ бол хаана ч байх ёстой зүйл. Ганцхан Монголд биш дэлхийн олон оронд байдаг зүйл шүү дээ.

О.ӨНӨРЦЭЦЭГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *