Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Өнөөдөр “Солгой гартнуудын олон улсын өдөр” тохиож байна

Дэлхийн хүн амын арав гаруй хувь нь солгой гартай байдаг учраас энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлж, баярлахаасаа илүүтэйгээр солгой гартнуудын өмнө тулгардаг асуудлыг шийдвэрлэдэг аж.

Эрт дээр үеэс солгой гартай хүмүүст их л сэжиглэнгүй хандаж иржээ. Европын орнуудад чөтгөрийг солгой гартай байсан гэлцдэгээс үүдэн ийм хүмүүстэй хүнлэг бусаар харьцдаг байж. Хүн яагаад солгой төрдөг болох нь одоо хэр тайлагдаагүй байгаа ба удамшилтай холбож үздэг ч хоёулаа баруун гартай эцэг эхээс солгой хүүхэд төрөх нь ч бий.

Хойд Ирландын эмч Питер Хепперын хэдэн зуун жирэмсэн эхийн урагт хийсэн судалгаагаар нийт ургийн 90 хувь нь баруун гарын эрхий хуруугаа хөхөж, 12 нас хүрэхдээ бараг бүгд баруун, харин солгой гарын эрхий хуруугаа хөхөж байсан ургийн ¾ нь солгой болсон байжээ. Түүний анзаарснаар хүүхэд хоёр нас хүртлээ хоёр гараа адилхан ашигладаг байж болох ч хоёр наснаас хойш ихэнх нь үндсэн гараа сонгодог байна. Хэрэв ээж нь баруун, аав нь солгой бол тэдний хүүхэд солгой байх магадлал 17 хувь, эсрэгээрээ бол 22 хувь, эцэг эх нь хоёулаа баруун бол солгой хүүхэд төрөх магадлал 10 хувь, харин солгой хосоос солгой хүүхэд төрөх магадлал 25 хувь гэж тодорхойлж байна.

Солгой цөөнхүүд баруун гартнуудаас илүү авьяаслаг, ухаалаг байдаг ажээ. Сод авьяастай таван хүн тутмын нэг солгой байдаг нь үүнийг баталжээ. Хүн төрөлхтний түүхэн дэх 400 агуу хүний гуравны нэг нь солгой байсан аж. Тухайлбал, Моцарт, Леонардо да Винчи, Микеланжело, Иван Павлов, Маяковский, Сергей Эйзенштейн, Пол Маккартни, Билл Гейтс нарыг дурдаж болно.

Мөн Юлий Цезарь, Александр Македонский, Наполеон Бонапарт, Карл хаан, Уинстон Черчилль, Жанна Д”Арк мөн Америийн сүүлийн үеийн дөрвөн ерөнхийлөгч Рональд Рейган, эцэг Жорж Буш, Билл Клинтон, Барак Обама нар солгой.

Солгой гартнуудын олон улсын өдөр “Баруун гартнуудын ертөнц”-д амьдарч буй тэдэнд үргэлж ямар нэг байдлаар төвөг, бэрхшээл учирч байдгийг илэрхийлж, төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулдаг ажээ.

Америкийн Арканзас мужийн Топика хотын солгой гартнууд дэлхийн солгой гартнуудыг нэгтгэн, эрх ашгаа хамгаалах зорилгоор анх 1976 оны 8 дугаар сарын 13-нд солгой гартнуудын байгууллагыг Диан Кемпбэл гэдэг хүний удирдлага дор байгуулан, энэхүү өдрийг тэмдэглэж эхэлснээс хойш хэд хэдэн оронд тэмдэглэдэг болоод байв. Харин 1992 оны 8 дугаар сарын 13-нд “Солгой гартнуудын клуб” байгуулагдаж, нийгэмд тархсан солгой гартнуудын талаарх хандлагыг өөрчлөх ажлыг ихээр явуулдаг болсон байна. Дэлхий даяар баруун гараар ашиглахад зориулагдсан багаж хэрэгслүүд, компьютерын хулгана, хайч түгээмэл байдгаас гадна авто замд баруун гарын дүрмийн дагуу машин жолооддог гэх мэтээр солгой гартнуудыг “ялгаварлаж”, үүнээс үүдэн солгой гартнууд осолд илүү их өртдөг байна.

Зарим нэг мэдээлэлд, эрэгтэйчүүд ихэвчлэн солгой байдаг бөгөөд амьтад ч бас солгой байх боломжтой. Солгой гартнууд баруун гартнуудаас илүү харшил, астмад өртөмтгий байдаг аж.

Сонирхуулахад, Эртний Ромчууд анх зүрхэнд илүү ойр тул солгой буюу зүүн гарын ядам хуруунд хуримын бөгж зүүдэг болжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *