Өнөөдөр шатрын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Архангай аймгийн Цэцэрлэг хотод нээлтээ хийнэ. Эрэгтэйчүүдийн 58, эмэгтэйчүүдийн 50 дахь удаагийн тэмцээнд шилдэг 24 шатарчин өрсөлдөх аж. Энэ жилийн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй шатарчид Гүржийн Батуми хотод болох дэлхийн шатрын олимпиадын эрхийн төлөө өрсөлдөж буйгаараа онцлогтой юм байна.
УАШТ-нд ФИДЕ мастер Б.Баярмандах хамгийн олон удаа буюу 15 дахь удаагаа оролцож байгаа бол ФИДЕ мастер М.Гүнбаяр, олон улсын мастер Н.Баттулга нар 14 дэх удаагаа өрсөлдөхөөр болжээ. Тэгвэл эмэгтэйчүүдээс олон улсын мастер Б.Анхчимэг 22, Д.Янжиндулам 18 дахь удаагаа оролцоно. Харин дэлхийн шатрын холбооны дэд мастер Г.Халиунаа 11 настайдаа насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөхөөр шалгарсан бөгөөд тэрбээр энэ тэмцээний хамгийн залуу оролцогч аж.
Шатрын спортыг хөдөө орон нутагт хөгжүүлэх зорилгоор сүүлийн жилүүдэд Говь-Алтай, Завхан, Хэнтий аймгуудад зохиосон байна. Орон нутагт шатрын спортыг хөгжүүлэх, бүс нутгаа сурталчлах, аялал жуулчлал, түүх соёлын өвийг 180 гаруй оронд танилцуулахад тэмцээний гол зорилго оршиж байгаа юм байна.