Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр олон улсын сайн дурынхны өдөр

Олон Улсын Сайн дурынхны өдөр энэ өдөр тохиож байна. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 1985 оны 212 дугаар тоот тогтоолоор жил бүрийн 12 дугаар сарын 5-ны өдрийг “International volunteer Day” буюу Олон улсын сайн дурынхны өдөр болгон тэмдэглэж ирсэн билээ. Монгол Улсын хувьд энэхүү өдрийг 2003 оноос тасралтгүй өргөн цар хүрээтэйгээр тэмдэглэж иржээ.

Энэхүү өдрийг өөрөөр нийгэм, эдийн засгийн хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулагчдын Олон улсын өдөр ч гэж нэрлэдэг аж. Энэхүү өдөр сайн дурын байгууллагууд бүтэн жилийн турш хийсэн ажлуудаа олон нийтэд нэгтгэн танилцуулж, сайн дурынхны хүчийг улс нийгэмд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд чиглүүлэн дайчлах, дэмжихэд анхаарлыг татах кампанит ажил болгон өрнүүлдэг.

Сайн дурынхан гэдэг нь нийгмийн болон бусдын сайн сайхны төлөө өөрийн хүч чадал, амьдралынхаа нэгээхэн хэсгийг хариу нэхэлгүй сэтгэлээсээ зориулах хүсэл эрмэлзэлтэй хүмүүс юм. 2016 оны байдлаар дэлхийн 6 тивийн 202 улсын 2,8 сая сайн дурынхан 1 тэрбум нэг зуун сая цагийн ажил хийгээд байна гэсэн тооцоог НҮБ-аа гаргаад байна. Харин жил бүр НҮБ-ын сайн дурын ажилтнууд 150 гаруй оронд очиж ажилладаг. Сайн дурын үйл ажиллагааны 4 хэлбэр голлон зонхилдог.

Үүнд:

– Харилцан туслалцаа үзүүлэх буюу өөртөө туслах сайн дурын үйл ажиллагаа
– Бусдад энэрэн нигүүлсэх үйлсийн үйлчилгээ үзүүлэх сайн дурын үйл ажиллагаа
– Нийгмийн төлөөх аливаа үйл ажиллагаанд оролцох сайн дурын үйл ажиллагаа
– Бусдыг өмгөөлж, тэднийг хамгаалах, кампанит ажилд оролцох сайн дурын үйл ажиллагаа зэрэг болно. Гэвч энэхүү сайн дурын үйл ажиллагааны хэлбэрүүд улс үндэстэн бүрт өөр өөрийн онцлог ялгаатай байж болно.

Өөрөөр хэлбэл, сайн дурын үйл ажиллагаанд тухайн орны эдийн засаг, нийгэм улс төрийн нөхцөл байдал, түүний хөгжлийн үе шат зэрэг нь нөлөөлөх хүчин зүйл болдог байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *