Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр

Бүгд Найрамдах улс тунхагласан өдөр буюу 11 дүгээр сарын 26-ныг дахин Нийтээр тэмдэглэх баярын өдөр болгож, хуульчлан баталсан.

1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Монгол улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Хаант засгаас Бүгд найрамдах засаглалд шилжиж, хамжлагат ёсыг халан, үндэсний ардчилсан өөрчлөлт, эрхзүйн чухал зарчмууд, улс төрийн цоо шинэ тогтолцоог хуульчлан баталгаажуулсан нь Монголын түүхийн асар том үйл явдал юм.

Анхдугаар Үндсэн хууль батлагдсан нь нийгэм эдийн засгийн олон ололтыг манай улсад бий болгон батжуулсан төдийгүй Монголын газар шороо, хөрсөн доорх баялаг, ой мод, ан амьтан зэргийг ард түмний өмч гэж зарлаж байжээ. Түүнчлэн иргэдийн сонгох сонгогдох эрхийн асуудлыг хуульчлан, Азид анх удаа Монгол Улс эмэгтэйчүүд эрчүүдтэй адил тэгш эрхтэй байх явдлыг хангаж өгсөн юм.

Харилцан шүтэлцээ бүхий энэхүү түүхэн үйл явдлын үр шимээр өнөөдөр монголчуудын эдэлж буй олон эрх, эрх чөлөөг хуульчлан тогтоосон байдаг. Тухайлбал, бүх нийтээрээ бичиг үсэгт суралцах, эрэгтэй, эмэгтэй хүмүүс адил эрх тэгш байх, шашин шүтлэг болон хэвлэн нийтлэх эрх чөлөөний суурь чухам энэ цаг үеэс л тавигджээ.

Иймд он цагийн урсгалд баларч гээгдэхийн аргагүй энэ түүхэн үйл явдал бол 1924 оны 11 дүгээр сарын 26-ны энэ өдөр тохиож Монголын түүхэнд бичигдэж үлдсэн юм.

Монгол Улсыг тусгаар тогтносон улс болоход томоохон хувь нэмэр оруулсан анхны Үндсэн хууль мэндэлсэн, хамжлагат ёсыг халан хаант засгаас Бүгд Найрамдах засаглалд шилжсэн баярыг монголчууд хотол олноороо тэмдэглэх нь ихээхэн ач холбогдолтой юм. Дэлхийд данстай бүх улс дотоодын хэм хэмжээг зохицуулах тулгуур хуультай, тэрхүү хуулийг батлан мөрдсөн өдрийг ард нийтийн баяр болгон тэмдэглэдэг уламжлалтай.

Манай улс Бүгд Найрамдах Улс тунхагласны баярын өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгон ёслол төгөлдөр тэмдэглэж ирсэн уламжлалтай ч 2012 оноос уг өдрийг “тэмдэглэлт өдрийн” түвшинд өнгөрөөх болсон юм. Энэ нь түүхийн чухал үйл явдлыг ач холбогдлыг багасгаж, түүх уламжлалыг бүдгэрүүлэх алдаатай шийдвэр болсныг ард иргэд шүүмжлэн, эрдэмтэн судлаачид байр сууриа илэрхийлсээр байгаа тухай хууль санаачлагчийн илтгэл танилцуулсан юм.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *