Өнөөдөр бол “Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх өдөр” юм.
Энэ өдөр Замын цагдаагийн газраас хүүхдийг ослоос сэргийлэх өдөрлөгийг
13.00 цагт “Хүннү малл” төвд зохион байгуулна.
Жил бүрийн энэ өдрийг нийслэлчүүд таагүй мэдээллээр угтаж байгаа юм.
Учир нь зам тээврийн осол, зөрчил дундаас ганцхан хүүхдийн гэх
тодотголтой нь буурахгүй, эсрэгээрээ өссөн дүр зураг гарчээ.
Уг нь замын хөдөлгөөний тухай шинэ хууль, мөн жолооч нарын зөрчлийн
оноог тооцох журам гээд эрхзүйн хувьд хяналт сайжирсантай холбоотойгоор
зам тээврийн осол, зөрчил буурсан гэх эерэг дүн гарсан. Гэвч бага насны
хүүхэд зам тээврийн осолд өртөх явдал буурахгүй, эсрэгээрээ он дараалан
нэмэгдсээр байна. Сүүлийн 10 жилд хүүхэд өртсөн зам тээврийн осол
тасралтгүй өсчээ.
Зам тээврийн ослоор амиа алдсан хүүхдийн тоо 2010 онд 28, 2011 онд 40,
2012 онд 43, 2013 онд 37, 2014 онд 48, 2015 онд 54-д хүрчээ. Зам
тээврийн ослын улмаас 2015 онд Гэмтэл согог, судлалын үндэсний төвд
гурван мянга гаруй хүүхэд ирсэн байна.
Осолд орсон хүүхдийн 65.7 хувь нь явганаар зам гарах үедээ, 31.8 хувь
нь автомашинд зорчиж явахдаа, 2.5 хувь нь дугуйтай явах үедээ зам
тээврийн осолд өртсөн байна. Зам тээврийн ослын 90 гаруй хувь нь
сургуулиасаа гэр рүүгээ, гэрээсээ сургууль руугаа явах замдаа гарсан аж.
Иймээс Замын цагдаагийн байгууллагаас урьдчилан сэргийлэх цуврал арга
хэмжээг зохион байгуулах гэж байгаа юм. Гэхдээ эцсийн дүнд эцэг, эхчүүд
өөрсдөө хүүхдэдээ тавих хяналтаа сайжруулж, зөв дадал, хэвшлийг биеэрээ
үлгэрлэх нь хамгийн том хамгаалалт гэдгийг санах хэрэгтэй.