Categories
мэдээ спорт

Өнөөдөр Дэлхийн жүдочдын өдөр

Жил бүрийн аравдугаар сарын 28-ны өдрийг 2011 оноос хойш дэлхийн жүдогийн өдөр болгон ёслон тэмдэглэж иржээ. Учир нь энэ өдөр жүдо бөхийг үндэслэгч, 1909-1938 онд Олон улсын олимпийн хорооны гишүүнээр ажиллаж байсан Жигоро Каногийн мэндэлсэн өдөр юм. Жүдо бөхийг үндэслэгч Жигоро Кано өөрийн амьдралаа жүдо бөхийн спортыг хөгжүүлэх, барилдааны ёс жаяг, өв уламжлал, соёлыг дэлгэрүүлэн, дэлхийн өнцөг булан бүрт хүргэхэд зориулсан хүн юм. Түүний зорилго өдгөө биеллээ олж, барилдааны хэв маяг, хурд, уран мэхээр гайхуулсан барилдаан дэлхийн сая сая үзэгчдийн талархлыг хүлээгээд байна.

Жүдо бөх Монголын топ дөрвөн спорт нэгд зүй ёсоор тооцогддог. Олимп, дэлхий, тивийн аварга гээд дэлхийн бүх л том тэмцээнээс бид жүдочдоо медаль хүртэнэ хэмээн итгэл төгс найддаг болжээ. Жүдо бөхчүүд ч ард түмнийхээ итгэлийг алдалгүй, 2008 оны олимпийн наадмаас Монголын тамирчдын анхны алтан медалийг хүртэж, энэ баярт өдрийг /08.14/ бид Монголын жүдочдын өдөр болгон тэмдэглэдэг болсон билээ.

Монголын жүдо бөхийн шигшээ багийн тамирчид Дэлхийн жүдо бөхийн холбооноос гаргасан чансаанд жин бүрт тогтмол дээгүүр жагсч, хэд хэдэн тамирчин дэлхийн шилдгүүдийн эгнээнд зүй ёсоор бичигддэг болжээ. Монголын жүдочдоос олимпийн наадмын анхны медалийг 1980 оны Москвагийн олимпод өрсөлдсөн Ц.Дамдин /мөнгө/, Р.Даваадалай /хүрэл/ нар хүртэж байсан юм.

Олимпийн наадмаас медаль хүртсэн Монголын жүдочид:

Ц.Дамдин: “Москва-1980”. Мөнгөн медаль.
Р.Даваадалай: “Москва-1980”. Хүрэл медаль.
Д.Нармандах: “Атланта-1996”. Хүрэл медаль.
Х.Цагаанбаатар: “Афин-2004”. Хүрэл медаль.
Н.Түвшинбаяр: “Бээжин-2008”. Алтан медаль.
Н.Түвшинбаяр: “Лондон-2012”. Мөнгөн медаль.
С.Ням-Очир: “Лондон-2012”. Хүрэл медаль.

ДАШТ-ээс медаль хүртсэн Монголын тамирчид:

1. О.Балжинням: 1989 он. Мөнгөн медаль.
2. Д.Баттулга: 1989 он. Хүрэл медаль.
3. Х.Эрдэнэт-Од: 2005 он. Хүрэл медаль.
4. Х.Цагаанбаатар: 2009 он. Алтан медаль.
5. М.Бундмаа: 2010 он. Хүрэл медаль.
6. Х.Цагаанбаатар: 2010 он. Хүрэл медаль.
7. М.Уранцэцэг: 2013 он. Алтан медаль.
8. Д.Амартүвшин: 2013 он. Мөнгөн медаль.
9. Г.Болдбаатар 2014 он. Алтан медаль.

Баг:

Эмэгтэй баг 2007 он. Хүрэл медаль.
Эмэгтэй баг 2014. Мөнгөн медаль

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *