Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алдарт “Алтан дагина” цом Монгол Улсад ирж байна. Алтан цомыг Монголын хөлбөмбөгийн холбооны талбайд 11.00 цагт, Шангри-Ла зочид буудалд 13.00 цагт танилцуулах юм. МХБХ-ны ногоон талбайд болох арга хэмжээний хөтөлбөрийг танилцуулж байна.
10:00 Оддын хөлбөмбөг
11:00 ДАШТ-ий цом талбайд ирэх (МУ-ын ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлнэ)
12:30 МХБХ-ны супер цомын тоглолт (Эрчим – Улаанбаатар Сити)
Энэхүү үйл ажиллагаа нь үнэ төлбөргүй болно. “Алтан дагина” цом 2017 оны есдүгээр сард ОХУ-аас гараанаасаа гарч зургаадугаар сарын 3-нд ОХУ-ын нийслэл Москва хотод бариандаа орно.
“Алтан дагина” цом нь 6,1 кг жинтэй, 36,8 см өндөртэй, 18 каратын таван кг алт орсон бөгөөд хүн төрөлхтний хамгийн олон хүнийг хамруулж чаддаг хөлбөмбөгийн спортын оргил болсон уг нэр хүндтэй цомд ДАШТ-д түрүүлсэн хөлбөмбөгчин, эсвэл тухайн улсын Ерөнхийлөгч л гар хүрэх эрхтэй байдаг. “Алтан дагина” цом энэ онд дэлхийн 53 улсад зочилж байгаагийн нэгээр Монгол Улс тодорсон байна.