УИХ-аар Өршөөлийн тухай хууль батлагдаж, Монгол Улсын Ерөнхийлөгч уг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 7 дугаар зүйлд хэсэгчлэн хориг тавиад багагүй хугацаа өнгөрч байна. Хэдийгээр уг хуулийн зарим хэсэгт Ерөнхийлөгч хориг тавьсан ч хоригийг УИХ-аар хэлэлцсний дараа хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хуулийн байгууллагууд хангаад явж байгаа аж.
Өчигдөр ШШГЕГ-ын дэд дарга хурандаа Г.Туулхүү энэ талаар албан ёсны мэдээлэл өглөө. Тэрбээр “Өршөөлийн хуулийн ажлын хэсгийн комисс хуралдаж, Өршөөлийн тухай хуулийн хориг тавьснаас бусад заалт нь хэрэгжээд явж байх ёстой гэж үзэн, хуулийн байгууллагуудад ийм чиглэл өгч ажиллахаар боллоо.
Жишээлбэл, цагдаагийн байгууллагад захиргааны журмаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулчихсан 82 мянга орчим хүн байна. Тэнсэнгийн ялтай сургуульдаа явах гэсэн ч гэрээсээ гарч чадахгүй байгаа хүн байна. Ерөнхийлөгчийн хоригт ороогүй зүйлүүд бол хэлэлцэгдэж, хийгдээд явах ёстой. Угаас хуульд Өршөөлийг үзүүлэхэд шүүхээс ямар нэгэн шийдвэр гаргах шаардлагагүй бөгөөд цагдаагийн байгууллага энэ хуулийн заалтыг баримтлан ялтны хувийн хэрэг, ял шийтгэлийн тухай тэмдэглэлд өршөөл үзүүлсэн тухай зохих тэмдэглэгээг хийнэ. Ялгүй болох хугацаа, тэнсэн харгалзсан хүний үлдсэн хугацаа, хорих ангиас тэнсэн суллагдсан хүний эдлээгүй үлдсэн ялыг тэнссэн хугацаа болон бага насны хүүхэдтэй, жирэмсэн гэх шалтгаанаар ял хойшлогдсон эмэгтэйчүүдийн шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгох зэрэг нь хоригт хамаарахгүй. Нэгэнт хүчин төгөлдөр болчихсон хууль учраас хэрэгжүүлээд цаашаа явах чиглэл өглөө. Эдгээрт хамаарч байгаа хүмүүс өнөөдөр харьяа дүүргийн цагдаагийн байгууллагадаа очиход хувийн хэрэг дээрх тэмдэглэл хөтлөгдөж, Өршөөлийн хуульд хамрагдана” гэв.