Categories
мэдээ улс-төр

Өнөөдрөөс эхлэн согтуурсан этгээдийг эмнэлэг хүлээн авахгүй

УИХ-ын чуулганы хуралдаанаар Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлав.

Цагдаагийн алба хаагч согтуу иргэдийг шууд эмнэлэгт авчирч байгаа нь эмнэлгийн өдөр тутмын үйл ажиллагаанд хүндрэл учруулдаг байна. Согтуугаар эмнэлэгт хүргэгдэн ирсэн иргэд эмч нарт үзүүлэхгүй агсам тавих, зодох, зүй бусаар авирлах, эмнэлгийн багаж төхөөрөмж, эд хогшлийг эвдэх, эмнэлгийн орчныг бохирдуулах, эмч, эмнэлгийн ажилчдыг доромжлох, заналхийлэх, зодож гэмтээн эрүүл мэндээр хохироогоод зогсохгүй бусад эмчлүүлэгчдийн амгалан тайван байдлыг алдагдуулдаг аж. Агсам согтуу тавьсан этгээдийн эсрэг хүч хэрэглэх боломж, өөрсдийгөө хамгаалах арга хэрэгсэл, эрх зүйн орчин эмч, эмнэлгийн ажилтнуудад байдаггүй тул өөрсдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсоор байгаа юм. Тиймээс эрүүлжүүлэх асуудлыг цагдаагийн байгууллагад шилжүүлэхээр хуулийн төсөлд тусгасан байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух, үг хэлэх гишүүн байсангүй. Ийнхүү санал хураалт явуулахад гишүүдийн 71.4 хувь дэмжиж, батлав. Хуулийг баталсан өдрөөс буюу өнөөдрөөс эхлэн дагаж мөрдөх юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *