Монгол Улсын өдөр тутмын топ хэвлэл “Өдрийн сонин” өнөө жилийн наадмын бөхийн тухай хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Энэ жилийн наадам Ардын хувьсгалын 95 жилийн тэгш ойтой учраас 1024 бөх зодоглох юм. Наадмын түрүү бөхөөр хэн тодрохыг бөхөд хайртай ард түмэн таамаглаж эхлээд байгаа. Залуу арслан Э.Оюунболд, П.Бүрэнтөгс нар 10 давж түрүүллээ гэхэд шууд даян аварга, С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр нарын аваргууд түрүүлбэл дархан аварга, заан Ч.Санжаадамба, харцага Ц.Содномдорж нар түрүүлбэл улсын аварга цол хүртэх өндөр магадлалтай байгаа юм.
Энэ талаар МҮБХ-ны дэд тэргүүн СГЗ Д.Данзан, улсын арслан Л.Сосорбарам, Ж.Хайдав, улсын начин гавьяат дасгалжуулагч Г.Пүрэв-Очир, бөх судлаач Б.Цогтбаатар нарын олон хүн санал бодлоо хэлэхээр “Өдрийн сонин”-ы “Асуух эрхийн танхим”-д цуглаад байна. Хэлэлцүүлэгт мөн хэвлэл мэдээллийн байгууллага болоод бөх сонирхогчид олноор оролцож байна.