Categories
мэдээ цаг-үе

Өнөр бүлийн тэргүүн улсын начин Г.Ганжадынх

Олон хоног үргэлжилсэн борооны ар дээр бага үдийн хурц нар эгц дээрээс толгой манартал төөнөнө. Найр хуримын сар эхэлсэн энэ цаг дор хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж хөдөө орон нутгийг зорьжээ. Битүү хүн холхидог хотын гудамж нэг л эль хуль.

Баяр наадмын тухай амттай яриа татарч хараахан амжаагүй үед улсын начин Галсан-Очирын Ганжадынд өнжлөө. Начингийнх 13 дугаар хороололд байрлах 12 давхар улаан байрны сэлүүхэн хоёр өрөө сууцанд амьдардаг юм байна. Ганжад начин наадмын дараахан хөдөө орон нутгийг зорьж хэд хэдэн барилдаанд зодоглочихоод сая нэг гэрийн бараа хараад байгаа нь энэ ажээ. Өмнөговийн Хүрмэн суманд болсон барилдаанд үзүүрлэж, Атрын сангийн аж ахуйд болсон Төв аймгийнхны барилдаанд улсын заан Б.Батмөнх, аймгийн хурц арслан Э.Ууганбаяр нарыг өвдөг шороодуулж түрүүлж, ганзага дүүрэн яваад иржээ.

Эднийх амралтын өдөр халуун бүлээрээ цугласан байна. Гэрийнхээ хойд хананд медалийнхаа туузыг өлгөчихөж. 10 жилийн жаахан хүү байхаасаа л тэмцээн, уралдаанд орж түрүүлж үзүүрлэсэн олон медаль цуглуулгад нь харагдлаа. Эдэн дунд дээхнэ үеийн үнэ цэнэтэй жижигхэн хар, хүрэн өнгөтэй медаль өлгөөстэй нь начингийн аавынх нь ажээ. Үндэсний бөх, олс таталт, гимнастик, математикийн олимпиад, урлаг, уран сайхны гээд төрөл бүрийн медалийг эгнүүлээд битүү өлгөчихсөн байв. Хажууханд нь байрлах сервантны дээхнэ талд Ерөнхийлөгчөөс улсын начин цолны үнэмлэх тэмдгээ гардаж буй торгон агшинг, тав даваад туг тойрч буй зурагтайгаа хамтад нь залжээ. Доод талд нь аймгийн арслан болон улсын начин цолны тэмдэгтэй хоёр малгайгаа зэрэгцүүлээд тавьчихаж. Начин олон малгай сольж өмсдөггүй юм билээ. Улсын цол хүртээд л шинэ малгай авсан гэнэ лээ. Харин доохно талд нь нямбайлж эвхсэн зодог шуудаг хэд хэд харагдсан шүү. Багадсан зодог шуудгаа хувцас шиг үрэн таран хийгээд амьтан хүнд тараачихалгүй, эвхээд хадгалдаг юм билээ. Хажууханд нь өнгө өнгийн хадаг давхарлаад тавьчихсан байв. Барилдааны байнд ирсэн хадаг аа цуглуулсан нь энэ ажээ. Барагцаалбал 30 орчим хадаг давхарлаастай харагдсан шүү.

Улсын аварга Ч.Санжаадамбыг өвдөг шороодуулсны дараа. Улсын заан Б.Батмөнх, улсын өсөх идэр начин Ч.Батчулуун нарын хамт

ЛАМ БОЛОХ ХҮҮ БӨХИЙН СПОРТЫГ СОНГОЖЭЭ

Ганжад начин Төв аймгийн Сүмбэр суманд төрж, өсчээ. Начинг хүүхэд байхад нь мэргэн хүнд үзүүлэхэд “Энэ хүү мундаг лам болно” гэж айлдаж байсан аж. Хэлсэн ёсоор нь лам болохоор сэтгэл шулуудаад байсан ч өвөө нь бурхны оронд одсоноор нийслэл орж номын дуу сонсох төлөвлөгөө нь жилээр хойшилсон байна. Энэ хугацаанд шийдвэрээ өөрчилж аав, ээж нь том хүүгээ бөх болгохоор зорьж “Аварга” биеийн тамирын дээд сургуульд элсүүлж улсын начин Б.Адьяахүүгийн шавь болгожээ. “Аав маань сум орон нутагтаа сайн барилдаж байсан сумын заан цолтой бөх хүн байсан. Өвөө маань ч нутаг орондоо наадам алгасалгүй барилддаг, түрүүлж үзүүрлэдэг бөх байсан гэдэг. Удмынхаа зодогны хөлсийг хатаахгүй гэсэндээ намайг бөхийн сургуульд оруулсан юм билээ, аав маань.

Улсын начин Б.Сангисүрэн, Өмнөговийн Б.Шоовдор начны хүү Б.Дарханбат, аймгийн хурц арслан Б.Баттүвшин, аймгийн арслан Ж.Наранбаатар, Б.Тайван, У.Батгэрэл, Г.Ганцоож нарын өнөө цагийн мундаг бөхчүүд нэг ангид орж байсан юм даа. Тухайн үед бүгд л 60 гаруйхан кг жинтэй жаахан хүүхдүүд байлаа” гэж начин оюутан ангийнхаа нөхдийг дурслаа. “Аварга” дээд сургуулийн үндэсний бөхийн ангийн анхны элсэгчид болох эдний ангийн хамт олноос Б.Сангисүрэн, Г.Ганжад, Б.Дарханбат улсын начин цол хүртсэн юм. Улсын цолны тааварт нэр нь орж буй олон шилдэг аймгийн цолтнууд эдний ангийнхан дунд бий. “Нэгдүгээр курст орсон жилээ өвлийн амралтын үеэр сумынхаа цагаан сарын барилдаанд түрүүлчихээд данагар амьтан аав ээждээ очиж байлаа. Тэр жилийн зун төрж өссөн нутаг Сүмбэр сумын маань түүхт 30 жилийн ой тохиосон юм. Би ч бүтэн жил бэлтгэл хийгээд бие хаа чангарчихсан сумынхаа наадмын түрүүг алдахгүй гэж тооцож зодоглолоо. Тэгш ойтой жил зэргэлдээ Зүүнхараа, Хонгор, Борнуур сумдаас ч олон бөх цугласан том наадам болж билээ. Би шөвгийн дөрөвт үлдээд Зүүнхараагийн аймгийн арслан Б.Нямлхагва ахад уначихсан юм. Залуу хүүхэд ааг омогтой, хор шартай ч байж. Наадамчид дунд суугаа аав руугаа уйлаад очиход “Аавыгаа алдчихсан уу чи, юундаа уйлдаг юм” гээд зандарч байсан нь санаанаас гардаггүй юм. Аав маань миний сайн сайхан явааг харж чадаагүйд нь харамсдаг юм. Сүүлд аймгийн наадамдаа түрүүлж арслан болж аавынхаа нэрийг Цэнгэлдэхэд дуудуулаад асгартал уйлсан даа” гэж Ганжад начин аавынхаа талаар дурсав. Шилдэг сумын заан Г.Ганжад 2012 онд Төв аймгийнхаа наадмын даваа бүрт тунаж барилдсаар аймгийн заан Х.Мөнхжаргалыг давж түрүүлж аймгийн арслан цол хүртэж байсан юм.

Сар шинийн баярт зориулсан сумын цолтнуудын барилдаанд түрүүлэв. Зүүн гар талаас Т.Баттулга, Б.Энхсайхан, Т.Эрдэнэбаатар нарын хамт. 2011 он.

ӨНӨР БҮЛИЙН ТЭРГҮҮН Г.ГАНЖАД

Эднийх дөрвөн хүүтэй өнөр бүл. Начингийн гэргий Д.Азжаргал өнгөрсөн жил одонгийн хүүхдээ өлгийджээ. Инженжер мэргэжилтэй тэрбээр наадмын өмнөхөн Төрийн ордондоо бараалхаж Ерөнхийлөгчийн гараас авсан “Алдарт эх”-ийн одонгоо ханын шүүгээндээ хүндэтгэн байршуулжээ. Дунд сургуулийн сурагч Ганжад Сэлэнгэ аймгийн Сайхан сум руу зуны амралтаараа авга ахындаа очих үедээ ирээдүйн эхнэртэйгээ танилцжээ. Арван хэдхэн настайдаа эхлүүлсэн эдний үерхэл арав гаруй жил үргэлжилж хөнжлөө дүүрсэн хүүхэдтэй, аз жаргалтай өнөр бүл болжээ өнөөдөр. “Бид оюутан байхдаа байр түрээслээд л өрх тусгаарлаж байлаа. Бэлтгэлээ хийнэ, хичээлдээ явна, хажуугаар нь амьдрал ахуйгаа зохицуулах хариуцлага нуруун дээр бууж байгаа юм. Ар гэрийнхэн маань жижиг машин авч өгсөн юм. Өнөөхөөр нь л халтуур хийж аж амьдралаа залгуулдаг байлаа. Өдөр нь бэлтгэлээ хийж орой нь таксинд явдаг их л завгүй оюутан байсан даа, би. Ингэж явахад л бидний том хүү мэндэлсэн. Амралтын өдрийн барилдаануудыг их хүлээнэ. Хүлээж байгаад очиход “Бөхийн өргөө”-ний хамгаалагч нар нь “Ийм бөх гэж юу байдаг юм” гэж хэдэрлээд ойртуулахгүй. Эртхэн очоод завсар зайгаар нь шургаад орчихвол аманд гарна. Ингээд л ангийн нөхөр Сангисүрэнгээ дэмжээд суучихна шүү дээ. Биднийг бодвол аймгийн арслан цолтой заалны барилдаанд хэд давдаг болчихсон байлаа. Туг тойроход нь нижгэнэтэл алга ташина. Оюутан ахуйн өдөр хоног нэг иймэрхүү л өнгөрнө. Бэлтгэлээ хийж яваад нэг мэдэхэд л илт сайжирсан байсан. Үеийнхээ залуусаас хэнтэй ч таарсан эн тэнцүү сайхан барилдчихдаг, сумын цолтнуудын барилдаанд түрүүлж, үзүүрлэдэг болсон” гэв. Биднийг ийн хөөрөлдөх зуур гэрийн эзэгтэй гарын хоолоо бэлтгэжээ. Өнөр бүлийн үдийн зоогийн ширээний ард амттай яриа өрнөнө. Санжаадамба аваргыг давж улсын начин цол авсан барилдаан руу ярианы сэдэв чиглэжээ. “Тэр жил Завханы Ш.Жаргалсайхан гарьдтай дөрвийн даваанд оноолт таарсан юм. Гарьд ч улсын наадамд үзүүрлэчихсэн иртэй байсан үе. Арайхийж аргалчихаад амраад хэвтэж байхад манайхны зарим нь “Чамайг Санжаадамба аварга амласан байна. Ингээд дууслаа даа” ухааны юм ярьж байна. Би ч нэг их ач холбогдол өгч хүлээж авсангүй. Хажууд том шилэн савтай хоол байхад нь бүгдийг нь идчихээд гарлаа. Аваргатай үзсээр байгаад зүүн давхар золгоонд хүрлээ. Шуудагны барьцыг маань халж тавиулаад алсын сүвээний барьц атгачихлаа. Хашаад мордоход нь дэгээ ороогоод эргэчихсэн. Босоод ирсэн чинь засуул Гантогоо ах “давсан” шүү гэж байна. Би ч туг руу гүйчихлээ. Эргээд иртэл Б.Бадам-Очир ах дуудаж баяр хүргээд “Давсан шүү, очиж тахимаа ав” гэж хэлсэн дээ. Ингээд олон жилийн хөлс хөдөлмөрийн минь үр шим гарч улсын цол авсан юм даа” гэв. Начны эхнэр “Би гэр бүлийн хүнийхээ барилдаж байгааг харж чаддаггүй юм. Түгшээд их хэцүү. Манай хүн чинь их тайван шүү. Уналаа гээд харамсаад байхгүй. Давлаа гээд “дэвээд” байхгүй. Тэр жилийн наадмаар Санжаадамба аварга амласныг сонсоод зурагтаа унтраачихсан. Гарч цайныхаа дээжийг өргөчихөөд л энэ тэр ажлаа хийж байгаад улсын цол авсан мэдээг нь сонссон. Их баярласан даа” гэв. Энэ гэр бүлийн хоёр том хүү нь бөх гэхээс илүү оюуны спортод дуртай юм билээ. Ширээн дээр нь даамын хөлөг наагаад өгчихөж. Барилдаж “гэрээ нураахаас” илүү шатрын хөлөгний ард сууж өдрийн талыг өнгөрүүлдэг гэсэн. Том хүү Мөнх-Эрдэнэ нь тооны хичээлдээ шаггүй юм билээ. Олимпиад алгасалгүй орж авсан медалиуд нь ч аавынх нь туузанд гялалзаж байсан. Арвин-Эрдэнэ нь ч ахтайгаа адилхан. Харин Очир-Эрдэнэ хүү бөхөд их дуртай. Аавынхаа өврөөс сална гэж үгүй. Барилдаанд явахад нь л дагаад машинд нь суудаг аж. Начин хүүгээ намраас “Хуйрнан шуугигч” хүүхдийн барилдаанд сойх юм гэсэн. Дөрвөн хүүгээсээ бөх болчих болов уу гэж горьдож хардаг нь Очир-Эрдэнэ юм билээ. Ах нарыгаа айлгадаг “атаман” бол бага хүү Номин-Эрдэнэ. Ахтайгаа барилдахаар өрөөд зогсох энэ хүү хэзээний бөх болчихсон юм шиг л эвсэлтэй. Аавынхаа малгайг хазгай тавьчихаад ширээ тойрч дэвэх нь өхөөрдмөөр.

Гэрийн эзэгтэй Д.Азжаргал ч бөхийн гэр бүлд өсч хүмүүжжээ. Түүний өвөө нь Баатар гэж сум орныхоо наадмуудад алгасалгүй барилдаж түрүүлж, үзүүрлэдэг бөх хүн байсан гэнэ. Аав нь ч арал бяраараа гайхагддаг сумын заан цолтой бөх хүн ажээ. “Бөх хүний гэргий байна гэдэг том хариуцлага дагуулдаг. Дэвжээнд гарч барилдахгүй ч арынх нь ажлыг бат даана. Бэлтгэлээс ядраад ирэхэд нь хоол цайг нь халуун байлгахаас эхлээд ажил их. Наадамд барилдахаар явахад нь цайныхаа дээжийг өргөөд л хүлээнэ” гэж хэлсэн юм. Тэрбээр Хүүхдүүдээ заавал бөх бол гэж албадахгүй ээ. Хүсэл сонирхлыг нь харж байгаад дэмжээд өгнө дөө” гэж хэлсэн юм.

Ганц нэгхэн наадамд барилдчихаад нутгийн ах нараараа дэмжүүлээд улсын цол авчихдаг бөхчүүд бий. Ганжад тийм биш. Сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаанд олон жил тогтвортой сайн барилдаж байсан шилдэг хүчтэн. Тэр сумын заан цолтой байхдаа аймгийн цолтнуудын барилдаанд шөвгөрч байсан зартай бөх юм. 10 гаруй жилийн хөлс хөдөлмөрийнхөө үр шимийг үзэж улсын цолтнуудын эгнээнд багтсан. Начин цолны даваанд нутгийн ах нараа царайчилж, гуйж, гувшиж гүйгээгүй. Өөрийн чадлаараа үнэн хүчийг үзэж энэ цагийн идэр хүчтэн улсын аварга Ч.Санжаадамбатай тэнцүүхэн барилдаж дээр нь туссанаар Төв аймгийн Сүмбэр сумаас төрсөн анхны улсын цолтой бөхөөр өргөмжлүүлсэн юм. Г.Ганжадын улсын цол авах зам тийм ч дардан байгаагүй. Хоёр ч удаа хүнд бэртэл авчихаад дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу санагдаж байсан үе түүнд бий. Гэхдээ тэр бууж өгөлгүй зүтгэсэн учраас түмэндээ хүндлэгдсэн том бөх болоод байна.

Тэрбээр “Аймгийнхаа наадамд түрүүлчихээд одоо улсын наадамд барилдана гэж их баярлаж билээ. Бэлтгэлийн ачааллаа ч нэмж өгсөн. Гэтэл гарынхаа савх ясыг хугалчихсан. Нарийхан яс учраас бороолох гэж их уддаг юм билээ. Их тэвчээр шалгасан даа. Арайхийж илааршуулаад сая нэг юм зодгоо өмслөө. Бэлтгэлийн үеэр дахиад л өвдгөндөө хүнд гэмтэл авсан. Жил орчим бөхийн дэвжээний гадна үлдэх шаардлага гарч байгаа юм. Үеийнхэн улсын цол аваад дээшээ яваад байхад бэртэлтэй гээд зүгээр суугаад байж чадаагүй ээ. Фитнесс зааланд очоод бэртэлтэй хөлөндөө ачаалал өгөхгүйгээр хөнгөхөн бэлтгэл хийдэг байлаа. Энэ хөдөлмөрийн маань үр шим гарч цол хүртсэн болов уу гэж одоо боддог юм. Зүгээр хэвтээд байсан бол жин масс нэмнэ. Намайг ямар ирээдүй хүлээж байсныг таашгүй ” гэж ярьсан юм. Түүнчлэн өнөөдөр дан ганц бөх барилдаад амьдрал ахуйгаа зохицуулаад явах боломж хомс. Спорт чинь залуу насны л ажил. Ах нь хөдөө хэдэн малтай. Үүнийгээ л бараадах байх даа. Одоо намрын ажилдаа явахаар зэхэж байна. Эргээд ирэхэд заалны барилдаанууд эхлэх байх. Бэлтгэлээ хийж байгаад л барилдаан алгасахгүй зодоглоно доо. Нас 30 гарчихсан байна. Одоо хэдхээн жил бэлтгэлээ чамбай базааж байгаад зүтгээд дуусна даа гэсэн юм.

2000 оны оны эхэн үед Сүмбэр суманд үхэр тэрэгтэй мод зөөж явсан хүү өнөөдөр том бөх болжээ. Өнөөгийн нийгэмд зөв үлгэрлэж яваа залуу үеийн нэгэн төлөөлөл, түмэндээ хайрлагдаж, төрдөө хүндлэгдсэн үлгэр жишээ өнөр бүлийн нэг өдрийг сурвалжлахад ийм байна.

Гэрэл зургийг Б.НАМСРАЙ


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *