Categories
мэдээ нийгэм

Өнө эртний түүх соёлт өмнөд Хятадын нутгаар

Монголын сэтгүүлчдийн эвлэл, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн албаны хамтын ажиллагааны хүрээнд Хятадын Өмнөд мужийн зарим хотоор Монголын сэтгүүлчдийн төлөөлөл саяхан аялаад ирсэн. Дэлхийн эдийн засгийг хөгжлөөрөө тэргүүлж АНУ-ыг ардаа орхино гэсэн томоохон зорилт тавьсан урд хөршийн маань нэн хурдацтай хөгжил нүднээ илхэн байлаа.

Монголчуудын сайн мэдэх Тьянжины боомтын хүчин чадлыг хоёр нугалах дайны дэлхийд эхний тавд жагсдаг чингэлгийн тээврийн далайн усан боомт Нингбогоор бид зочилсон. Өдөрт л 10 мянган чингэлэг оруулж гаргадгаараа үнэнхүү нүсэр боомт аж. Дэлхийн 100 гаруй орны 600 усан боомттой худалдааны сүлжээгээр шууд холбогдон хамтарч ажилладаг Нингбо нь далайн тээврийн хамгийн орчин үеийн техник технологиор тоноглогдсон бөгөөд зүүн Хятадын чиглэлд газрын тос, нүүрс тээвэрлэх томоохон бааз суурь болдог юм байна. Нүүрс гэх энэхүү гайхалтай байгалийн түүхий эдийг далайн усан боомтоор маш бага өртгөөр тив алгасан арилжаалах хамгийн тохиромжтой байгалийн өвөрмөц тогтоц газар зүйн байрлал Нингбо боомтод цогцолсон нь эдийн засгийн хувьд нэн таатай өндөр ашигтай байх боломжийг нэгэнт хэдэн үеэрээ бий болгож чаджээ.

Мөн Жоүшань хотын ойролцоо орших буддын алтадсан бурхны сүрлэг биширмээр байдал нь тэрхүү агуу бүтээн байгуулалт нь хүмүүсийн сүсэг бишрэл сайн сайхны оргилд хүрч орших гэсэн агуу тэмүүлэл, итгэл үнэмшил ямар агуу гайхамшгийг бүтээж чаддагийн нэгэн тод жишээ байв. Зөвхөн хөшөөний цогцолбор хэсэгт 200-гаад сая юанийн хөрөнгө оруулалт хийж өөрсдийн хөрөнгөөр босгосон Хятадын хоёр бизнесмений тухайд сонсоход мөн л бахархах сэтгэгдэл төрсөн юм. Харин сүсэгтэн олон 800-гаад сая юанийн хөрөнгө цуглуулж хандивласан гэнэ лээ. Жил бүр 6-8 сая жуулчин Дарь эхийн энэхүү бурханы цогцолборт ирж мөргөн сүсэглэдэг.

Далайн эрэг дээрх буддын диваажин гэгдэх энэхүү бурханы хөшөө дурсгал нь Хятадын дөрвөн том буддын төвийн нэг бөгөөд өршөөл энэрэл, сүр хүч эерэг энергийн бэлгэдэл болдог аж.

Бид Жежьян муж Ханжоу, Жөүшань, Шаошинь гээд түүхийн дурсгал соёлын өвийг гайхалтай хадгалж хамгаалж ирсэн эртний сурвалжит хотуудаар аялсан. Аль 1561 онд 70000 номын цуглуулгатай байсан эртний Хятадын нэрт яруу найрагч эрдэмтэн судлаач Фан Шиний номын гэр музей, XVIII-XIX зуунд ажиллаж байсан мөн л нэн эртний мужийн банкны өрөө тасалгаа ширээ сандал, төмөр зоосон мөнгөө хадгалдаг байсан газар доорх агуулах нь хүртэл тэр хэвээрээ хадгалагдаж байх юм. Жөүшань хотод дэлхийд ганцад тооцогдох далай дээгүүр 45 км тавьсан гүүр, Дорно дахины Венец гэж алдаршсан Шаошинь хотын дундуур урсах нууранд хөвөх тосгоны завьчдын ховор сонин агшинг харахуйяад нээрээ л Азийн Венецид ирсэн мэт сэтгэгдэл яахын аргагүй төрнө. Шаошины эртний суурин Аньчанд Хятадад төдийгүй дорно зүгт алдаршсан 20 жил дарсан тансаг амтат шар архинаас тамшаалж, хүнсний жанг хэрхэн 30 жил дарж бий болгодог тухай нүдээр үзэж сонирхов оо.

Дэлхийн 100 гаруй оронтой интернэт онлайн сүлжээний худалдаа хийж байгаа “Алибаба” нь Зүүн өмнөд Азидаа төдийгүй Латин Америк, Европод ч хүрээгээ тэлж амжжээ. Дэлхийн аль ч өнцөг булангаас онлайн сүлжээгээр өөрсдийн хүссэн бараа бүтээгдэхүүнийг захиалж хамгийн богино хугацаанд авч, худалдан борлуулж болох арилжаа наймааны орчин үеийн энэ аварга сүлжээнд 4000 орчим мэргэжлийн маркетер менежерүүд ажилладаг юм байна. Бидний хальт ороод гарсан “Алибаба” төв нь бүхэл бүтэн орон сууцны томоохон хороолол аятай үргэлжилж байсан нь ямархуу нүсэр бүтэц, баг тэнд ажиллаж байгааг нотолж байв. Хятадын эдийн засгийн эрчимтэй хөгжлийг өсөлт дэвшлээрээ харуулж чадсан онлайн худалдааны компани болох “Alibaba Group Holding” нь АНУ-ын биржид хувьцаагаа арилждаг хамгийн өндөр үнэлгээтэй компаниудын нэг болж чаджээ. “Alibaba” Нью-Йоркийн биржид IPO хийсэн даруйдаа хувьцаа нь 38 хувиар өссөнөөр тус компанийн үнэлгээ $231.4 тэрбум хүрсэн юм байна. Өөрөөр хэлбэл, Хятадын тэргүүн баян Жак Магийн энэхүү компани Америкийн өрсөлдөгчид болох Amazing.com болон EBay-ийг нийлүүлснээс ч том компани болчихоод байгаа аж. Тодруулбал, “Standart & Poor/s” 500 индекс бүртгэлтэй 500 компанийн зөвхөн 10 нь л “Alibaba”-аас томд тооцогдохоор болж байна. Тус компани яг биднийг энд аялж явах үед Нью-Йоркийн биржид IPO хийж $21.8 тэрбумын хөрөнгө босгож түүхэн амжилт гаргасан тухайгаа бидэнд мэдээлж байсан. Дэлхийн бараг 1 номерын тэрбумтан Жак Ма 1999 онд Ханжоу муж дахь байрандаа “Алибаба” компанийнхаа үйл ажиллагааг анх эхлүүлж байсан бөгөөд тухайн үед 60 мянган ам.долларын хөрөнгө оруулалт хийж байжээ. Харин одоо түүний хөрөнгө $26.5 тэрбум болж өсөөд байна.

Манай аяллын багийн очсон нэг гол газар нь БНХАУ-ын хамгийн томоохон хэвлэлүүдийн нэг болох “Өдрийн сонин”-ы газар байлаа. Миний ажилладаг сонинтой ижил нэртэй болоод ч тэр үү нэрнээсээ эхлээд дотно санагдаж байсан. Өдөр бүр хагас сая ширхгээр хэвлэгдэж бүх Хятад даяар тардаг энэ сонин өглөө, оройн тусгай дугаар гаргадаг атлаа сонирхолтой нь зах хязгаар муж нутгууддаа өөрчилсөн ямар ч хувилбаргүйгээр шууд хүргэдэг юм байна. Учир нь Японы “Юмури Шинбун” зэрэг өдөр тутмын томоохон хэвлэлүүд орон нутаг зах хязгаар нутагт хүргэдэг тухайн өдрийн дугаарынхаа тодорхой хэсэг нүүр талбайг тэрхүү орон нутгийн аж амьдрал, нөхцөл байдалд нь тааруулан бэлтгээд тараадгийг бид мэдэх билээ. Энэ сонин төр засаг, улсын мэдлийн хэвлэл болоод ч тэр үү ганцхан намын системтэй энэ оронд хэвлэлийн эрх чөлөө, сэтгүүлчийн эрх ашиг, хэвлэлийн консул, нийтлэлийн талаарх аливаа гомдол санал, шүүхдэх, цагдаадах зэрэг Монголын хэвлэл мэдээлэлд хэдийнэ танил, өдөр болгоны шахуу яригддаг сэдэв, асуудлууд огт байдаггүй юм байна.

6000 сэтгүүлч, ажилтан албан хаагчтай энэ аварга хэвлэлийн байгууллагын гаргасан бүтээлээс ямар ч гомдол санал манайхны хэлж хэвшсэн нөгөө нэр төр сэргээлгэх, шүүхэд дуудагдах хэрэг гардаггүй юмуу гэсэн бидний асуултанд зар рекламын асуудал дээр нэр томьёог буруу нийтэлснээс болж ганц нэг удаа гомдол ирж байсан гэж ерөнхий редактор нь хэлэхэд бараг л долоо хоног бүр алгасалгүй бичиж нийтэлсэн зүйлийнхээ төлөө шүүхэд дуудагддаг Монголын сонингуудын хувьд нэг талаар амар ч юм шиг атлаа нөгөө талаар ээ дээ энэ нэг л биш ээ хэмээн гайхахад хүргэснийг нуух юун. “Өдрийн сонин”-ы энэ редакци бүх Хятад даяар сониноо хийж тараадаг атлаа 8 сая гаруй хүн амтай Өмнөд монголчуудад зориулсан монгол хэлний хавстралтгүй монгол хэлний редакци, хэлтэс тасаггүй гэнэ лээ. Аль ч хэвлэл сонины газар тохиолддог сэтгүүлч ажилд авах солих, урамшил шагнал олгох, дундаж цалин гээд нийтлэг зүйлүүдээс нь сонирхоход манай сонингуудын жишигтэй ойролцоо санагдсан. Ажилд шинээр орж байгаа хүн гурван сар хүртэл 3000, хамгийн тогтвортой ажилласан авьяаслаг нэгэн нь 10000-15000 юанийн цалин урамшуулалтай байдаг, оны шилдэг ажилтан шилдэг бичлэгийн шагналыг эдийн засгийн, улс төрийн, урлаг соёлын шилдэг бичигч гэх маягаар маш өргөн хүрээнд шалгаруулж алдаршуулдаг тухайгаа танилцуулж байсан. Редакцийн нэг давхарт сониныхоо анхны дугаараас эхлээд бүх л дугааруудыг электрон дэлгэцээр хэдхэн секундын дотор гаргаад үзэж ашиглан хувилаад авчихаж болох цахим самбарууд нь манайд шууд нэн даруй хэрэглэж нэвтрүүлж болох хувилбар санагдсан.

Сэтгүүлчдийн уйгагүй хөдөлмөрөөрөө үлдээж буй улс гэрийн түүхийн нандин өв болох сонины хуудаснуудыг хүссэн болгон номын санд биш тухайн редакци дээр нь ирээд ийнхүү үзэж авч хэрэглэж болох нь нэн таатай. Харин Монголын сэтгүүлчид бид мэргэжил нэгт хятад нөхдийнхөө редакцийн дотоод нөхцөл, байр байдал, өрөө тасалгааг орж үзэх санал тавьсан ч тийш нэвтрүүлээгүй нь сонирхолтой санагдсан. Гэхдээ тэнгэр баганадсан 20, 30 давхар зэргэлдээ хоёр аварга шилэн барилга зөвхөн “Өдрийн сонин”-ы редакцийн байр гэсэн нь яавч гайхалтай орчинд ажилчин “зөгийнүүд” ажлаа амжуулан оволзож байгаа байх даа гэх бодол төрж байсан юм. Ер нь бидний очсон, орсон нүдээр харсан болгоноос Хятад орны эдийн засаг ямар хурдацтай хөгжиж байгаа, яалт ч үгүй аварга их гүрэн болж байгаа нь тэр тусмаа Америк хөгжил америк хэв маягийг тун удахгүй ардаа орхих нь бэлхнээ харагдаж байсан юм.

Монголчууд бид харин тэрхүү их хурдацтай хөгжилтэй хөл нийлүүлж зэрэг алхаж чаддаггүй юмаа гэхэд хол хоцрохгүй юмсан даа.

NTV телевизийн захирал Ц.Энхбатаар ахлуулсан энэ удаагийн манай багт М.Наранбаатар (МҮОНТВ), Б.Энхбат (NTN телевиз), Б.Нармандах (UBS телевиз), Ц.Баяраа (MCS групп), Т.Дашням (Өдрийн сонин), Ж.Жаргалсайхан (Сайтын холбоо) Т.Дархан-Хөвсгөл (News.mn), Ц.Батбаатар (Монгол Фото сэтгүүл), Д.Догсом (МОНЦАМЭ агентлаг), М.Гантулга (МСЭ-ийн Дархан салбар), О.Бат-Ундрах (Өнөөдөр сонин), Ш.Отгожаргал (Ардчилал сонин) Д.Цэдэн-Иш (Интерком компани), Г.Пүрэвдорж (Сэтгүүлчдийн эрүүл мэндийн салбар) нарын сэтгүүлчид оролцсон юм. Энэ дашрамд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн хэвлэлийн алба, ӨМӨЗО-ны Засгийн газрын Хэвлэлийн албаныхан болон эрхэм нөхөр Гэ Гун Жы, Баянжаргал, Уртын дууч Сурнаа нартаа аяллын багийнхны өмнөөс талархлаа илэрхийлье.

Т.ДАШНЯМ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *