Categories
мэдээ соёл-урлаг

Унгар улсын уран бүтээлчид Монголд кино зураг авалтаа хийнэ

Соёлын сайд Ч.Номин Унгар улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Борбала Анна Обрушанскитай уулзах үеэрээ Монгол Улсад кино зураг авалт хийх асуудлаар ярилцлаа.

Уулзалтад Элчин сайд өөрийн улсын “Mozgo Mozi” компанийн продюсер Корнел Сипоштой хамт ирсэн юм. Монгол Улсад Кино урлагийг дэмжих тухай хууль баталснаар гадаадын кино уран бүтээлчид хөнгөлөлттэй виз мэдүүлэх, Монгол Улсад зарцуулсан зардлын тодорхой хувийг буцаан авах боломжтой болсон бөгөөд 2020 оны нэгдүгээр сараас хэрэгжүүлж эхлэх юм.

Тухайлбал, Монгол Улсын нутаг дэвсгэрт бүтээж буй, Монголын өвөрмөц соёл, өв уламжлалыг онцлон харуулсан, монгол уран бүтээлчдийг оролцуулсан, соёл өв уламжлалыг олон улсад эерэгээр сурталчлан таниулсан бол кино бүтээгчдэд зардлын тодорхой хувийг буцаан олгох юм.

Иймд Унгар улсын тал манай улсад кино зураг авалтынхаа зарим хэсгийг хийх саналтай байгаа бөгөөд Унгарын Үндэсний кино урлагийн хүрээлэн Унгар-Англи-Монгол гэсэн гурван талт кино төсөлд 3.3 сая орчим ам.долларын санхүүжилтийг хэдийнэ шийдвэрлэсэн байна.

Энэ кино төсөл нийт 7.5 сая ам.долларын төсөвтэйгээс Унгарын тал 4.5 сая ам.доллартай тэнцэх санхүүжилтийг гаргаж байгаа юм. Энэ нь манай хоёр улсын соёлын салбарын хамгийн том хамтын ажиллагаа болно.

Унгарын кино баг ирэх оны хавар Монголын нутаг дэвсгэрт кино зураг авалтаа хийхээр төлөвлөснөөс хоёр сая орчим ам.доллар нь 100 хувь Монгол Улсад зарцуулах тооцоо гарчээ.

Уулзалтын үеэр дээрх кино төслөөс гадна Монгол Улсын Соёлын яам Унгар Улсын Хүний хөгжлийн яам хоорондын кино студи, кино сургалт, кино хамтран бүтээх тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулахаар ажиллаж байгаа асуудлаар дэлгэрэнгүй ярилцаж, санал солилцов.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *