Categories
мэдээ нийгэм

Өндөр-Улаан, Чулуут сумдын цахилгааныг хэвийн ажиллагаанд орууллаа

Архангай аймгийн Өндөр-Улаан, Хашаат сумдын нутгаар долдугаар сарын 25-ны өдрийн 20:00 цагийн орчим аадар бороо орж, хүчтэй салхилсны улмаас Өндөр-Улаан, Тариат чиглэлийн “Эрдэнэт-Булган Цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн хариуцдаг 35 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын 10, Тариат сумын нутаг дэвсгэрт тав, Өндөр-Улаан сумын төвд нам хүчдэлийн сүлжээнд 0,4 кВ-ын 40 гаруй тулгуур багана унасан.

Дээрх гэмтлийн улмаас Архангай аймгийн зургаа, Хөвсгөл аймгийн гурав, Завхан аймгийн нэг, нийт гурван аймгийн 10 сум цахилгаангүй болсон байна. Гэмтлийг сэргээн засварлахаар Эрдэнэт, Булган “Цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Архангай аймгийн Жаргалант, Өвөрхангай, Хархорин сумын нийт гурван бригадын 50 хүн, 10 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 35 кВ-ын 16 ширхэг цахилгаан дамжуулах агаарын шугамыг босгон, 0,4 кВ-ын 22 ширхэг модон тулгууруудыг сэргээн засварлаж, Архангай аймгийн Өндөр-Улаан, Чулуут сумдын цахилгааныг хэвийн ажиллагаанд оруулжээ.

Одоогоор гурван аймгийн долоон сумын цахилгааныг холбохоор ажиллаж байна. Мөн Архангай аймгийн Онцгой байдлын газар, нутгийн захиргааны байгууллага, сумын ерөнхий зориулалтын мэргэжлийн анги, орон нутгийн нийт 381 хүн, 10 нэгж техник хэрэгсэлтэйгээр ажиллан, 33 айл өрх, гурван аж ахуйн нэгж, байгууллагын хохирлын үнэлгээг гарган, 95 айлын хашааг босгож, 45 айлын байшингийн дээвэр болон таван айлын гэрийг засварлаад байгаа ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *