“Forbes” сэтгүүл энэ удаагийн дугаартаа дэлхийн хамгийн өндөр орлоготой видео блогеруудын жагсаалтыг гаргажээ. Шведийн иргэн Феликс Аврик Кельберг жагсаалтыг тэргүүлсэн байна. Олон нийтийн сүлжээнд PewDiePie нэрээр алдартай тэрээр 2015 оны зургадугаар сараас 2016 оны зургадугаар сар хүртэлх нэг жилийн хугацаанд 15 сая ам.долларын ашиг олжээ. “PewDiePie”-ийн суваг 50 сая хүн бүртгэлтэй. Зөвхөн “Youtube”-д байршуулсан “A Funny Montage” гэх нэртэй дүрс бичлэгийг нь 75 сая хүн үзсэн аж. Тэрээр тоглоом тоглох, болж байгаа үйл явдлыг тайлбарлан ярих маягаар бичлэгээ хийдэг нь олны таашаалыг хүртжээ. Форбес сэтгүүлээс гаргасан дээрх жагсаалтын хоёрдугаарт пранк бичлэг хийдэг Роман Этвуд найман сая ам.долларын орлоготойгоороо багтсан байна. Харин гуравдугаарт хошин шогч Лилли Сингх оржээ. Түүний орлого 7.5 сая ам.доллар аж. Форбес сэтгүүлээс гаргасан дээрх жагсаалтад өөр есөн хүн багтсан бөгөөд нийтдээ 70.5 сая ам.доллар болж байгаа юм байна.