Categories
мэдээ нийгэм

Өндөр гэгээн Занабазарын 380 жилийн ойн хүрээнд хийсэн ажлаа тайлагнав

Энэ онд Монголын түүхэнд тохиолдсон олон чухал үйл явдлын дотор Анхдугаар Богд, төр, шашин, соёл урлагийн нэрт зүтгэлтэн, их соён гэгээрүүлэгч, Өндөр гэгээн Занабазарын түмэн өлзий гийсний 380 жилийн ой томоохон байр суурь эзэлж байна.

Энэхүү ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах Үндэсний хороог Засгийн газрын 2015 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдрийн 143 дугаар тогтоолоор байгуулж, Ойн комиссын даргаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт, ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж ажилласан юм.

Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсгийн тайлангийн хурал өнөөдөр боллоо. Ойн хүрээнд “Монголын бурханы шашин өнгөрсөн, одоо, ирээдүй” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Унгар улсын Будапешт хотод, “Өндөр гэгээн Занабазар: Амьдрал, өв” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Улаанбаатар хотод зохион байгуулж, бүтээлүүдээр ном гаргасан байна.

Мөн Өндөр гэгээн Занабазарын Монголын төр, шашин, соёл урлагт оруулсан гавьяа зүтгэл, үнэлж баршгүй хувь нэмрийг үнэн бодитоор гаргаж ирэх, түүний бүтээсэн их үйлсийг хойч үедээ сурталчилан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор 60 минутын баримтат кино, түүний төрсөн нутаг Есөнзүйл сумын “Тав толгой” хэмээх газар Гэрэлт хөшөө, Өндөр гэгээн Занабазарын зохиосон “Соёмбо” үсгээр төрийн дууллыг бичиж, түүний хосгүй үнэт бүтээлүүдийн дээжсээр зурагт альбом бүтээжээ.

Хархорин хотод “Баторшил өргөх” даншиг наадмыг зохион байгуулсан бол Арвайхээр хотод Өндөр гэгээн Занабазарын сэрэг дүр бүхий цэцэрлэгт хүрээлэнг байгуулж бэсрэг наадам хийсэн. Ойн үеэр Занабазарын өөрийн бүтээсэн Аюуш бурханыг гадагш гарсан байсныг эх оронд нь авчирсан, Монгол банкнаас түүний сэрэг дүр бүхий мөнгөн зоос гаргасан гээд олон түүхэн хувь нэмэр бүхий ажлыг зохион байгууллаа. Цаашид Занабазар судлалын ажлууд үргэлжлэн явна гэж ажлын хэсгийн дарга Р.Гончигдорж хэллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *