Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг дэмжлээ

Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдлаа. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх зарим зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхи дэмжлээ.

Тухайлбал, УИХ-ын С.Бямбацогтын саналаар төслийн хоёрдугаар зүйлд “төрийн өмч” гэснийг “төрийн нийтийн өмч” гэж өөрчлөхөөр болов. Энэ санал дэмжигдсэнээр Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч байхаар томьёологдож байгаа юм.

Байнгын хороо өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаараа Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийх явцад төслийн 1.6 дахь заалт буюу Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 5 дахь хэсгийг “Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн тавыг шүүгчид дотроосоо сонгоно; нэгийг Засгийн газар, хоёрыг УИХ-ын холбогдох Байнгын хороо, хоёрыг мэргэжлийн холбооноос нээлттэйгээр нэр дэвшүүлж, УИХ томилгооны сонсгол хийн хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар томилно. Тэдгээр нь зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа ажиллах бөгөөд Зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо сонгоно. Зөвлөлийн үйл ажиллагааны тайланг Улсын дээд шүүхэд танилцуулна. Зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавигдах шаардлага, сонгох, томилох журмыг хуулиар тогтооно” гэж бүхэлд нь өөрчлөн найруулах саналын томьёоллыг ярилцаад Зөвшилцлийн ажлын хэсэг болон УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар дахин хэлэлцэж, нэгдсэн ойлголцолд хүрэх хүртэл түр хойшлуулаад байсан.

Энэ саналыг намын бүлгээр ярилцаж, зөвшилцсөнний үндсэн дээр төслийн 3 дугаар зүйлийн “Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн тавыг шүүгчид дотроосоо сонгож, бусад таван гишүүнийг нээлттэйгээр нэр дэвшүүлж томилно. Тэдгээр нь дөрвөн жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа ажиллах бөгөөд Зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо сонгоно. Зөвлөлийн үйл ажиллагааны тайланг Улсын дээд шүүхэд танилцуулна. Зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавигдах шаардлага, томилох журмыг хуулиар тогтооно” гэж өөрчлөн найруулахаар Ажлын хэсгээс гаргасан саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь дэмжив.

Мөн төслийн “Монгол Улс өөрийн тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг үгүйсгэх аливаа оролдлогыг үл зөвшөөрөх бөгөөд ийм зорилгоор ард нийтийн санал асуулга явуулахыг хориглоно” гэсэн агуулгатай 2 дахь өгүүлбэрийг нэмэхээр тогтов. Түүнчлэн төрийн албаны зарчим, үйл ажиллагаатай холбоотой төслийн “Төрийн жинхэнэ алба нь мэргэшсэн, тогтвортой, ёс зүйтэй, хариуцлагатай байх, шатлан дэвших чадахуйн зарчимд үндэслэх бөгөөд хараат бусаар ажиллана. Төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөх, халахыг хориглоно” гэж өөрчлөн найруулахаар боллоо.

Ингээд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж дууссантай холбогдуулан гишүүн З.Нарантуяа, Д.Хаянхярваа нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Дараа нь Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэх санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон 83.3 хувь нь дэмжив.

Ийнхүү Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлэгт бэлтгэн чуулганы хуралдаанд шилжүүлэхээр болсон юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ улс-төр

Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг энэ долоо хоногт дуусгана

УИХ-ын даргын зөвлөл хуралдаж, энэ долоо хоногийн чуулган, байнгын хорооны хуваарьт өөрчлөлт оруулсан байна. Ямартай ч энэ долоо хоногт Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг дуусгахаар төлөвлөжээ.

Өнөөдөр УИХ дахь нам, эвслийн бүлэг хуралдаж, дараагаар нь УИХ-ын чуулганы хуралдааныг товлосон байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *