Categories
мэдээ улс-төр

Үндсэн хуулийн цэцийн 12 дугаар дүгнэлтийг хэлэлцэж, хүлээн авах нь зөв гэж үзлээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 12 дугаар дүгнэлтийг хэлэлцэж, хүлээн авах нь зөв хэмээн үзлээ.

Уг дүгнэлтэд, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.5 дахь заалтад “төлбөр гаргуулж болох хөрөнгө, орлого байхгүй бөгөөд хуульд заасан аргаар түүний хөрөнгө, орлогыг албадан гаргуулах боломжгүй бол төлбөр төлөгчийг хөрөнгөтэй болох хүртэл” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн хоёр дахь хэсгийн “шударга ёс, тэгш байдал нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын “эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах эрхтэй” гэж заасныг зөрчсөн байна.

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 73.5-д зааснаас бусад тохиолдолд дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй үл хөдлөх хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэхдээ түүний үнийг 50 хувиар бууруулж тооцон олгоно” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн нэг дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэж заасныг зөрчсөн байна” гэжээ.

Уг дүгнэлтийг УИХ-ын Хууль зүйн байнгын хороо энэ сарын 17-нд хэлэлцэж, хүлээн авах нь зөв хэмээн үзсэн байна.

Дүгнэлтийг хэлэлцэх үед Л.Болд гишүүн, “Үндсэн хуулийн цэцээс Хэнтий аймагт болох нөхөн сонгуулийн товыг хойшлуулсан. Үүний улмаас Хэнтий аймгийн иргэдийн сонгох, сонгогдох эрх зөрчигдөж, УИХ 75 гишүүнтэй ажиллаж байна. Энэ асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэх шаардлагатай” гэсэн санал хэлж байлаа.

Ийнхүү санал хураалт яваалахад хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авахыг дэмжсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *