Categories
мэдээ нийгэм

Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг хэлэлцлээ

Туушин зочид буудалд “Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн өмнө” эрдэм шинжилгээний бага хурал боллоо. Тус хурлыг МУИС-ийн Улс төр судлалын тэнхим, ХБНГУ-ын Конрад Аденауэр сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газар хамтран зохион байгуулав.

Хурлын үеэр УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “УИХ-ын ажлын хэсгээс боловсруулсан Монгол улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар мэдээлэл хийлээ. Мөн ХБНГУ-ын улс төр судлаач Йонас Урбах “ХБНГУ-ын парламентат ёс” сэдвээр илтгэл тавьсан юм. Тус эрдэм шинжилгээний бага хуралд Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин, эдийн засагч С.Дэмбэрэл, МУИС-ийн Улс төр судлалын тэнхмийн эрхлэгч, доктор Ж.Төртогтох болон бусад судлаач, улс төрчид мэдээлэл хийж, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн тодорхой асуудлаар эерэг болон сөрөг талуудыг харилцан ярилцаж, хэлэлцүүлэг өрнүүлэх хүмүүст мэдээлэл өгч мэтгэлцэхээр зорьсон юм байна. Сэдэв бүр дээр хоёр мэргэжилтэн хөтлөгчийн хамт хэлэлцүүлэг өрнүүлж мэтгэлцэж дууссаны дараа танхимд цугласан зочид асуулт асуух замаар хэлэлцүүлэг өрнөв.

Мөн бусад орны хууль эрх зүйн системийг Монголын нөхцөл байдалтай холбож тайлбарлав. Жишээлбэл парламентын болон Ерөнхийлөгчийн засаглалтай улс орны ерөнхийлөгчийн эрх мэдлийг харьцуулан шинжилж дүгнэлт гаргасан судалгааг дэлгэн тавьсан. Энд манай улсын Ерөнхийлөгч харьцангуй хүчтэй байр суурьтай институт гэдгийг онцолж байв. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хасах, Засгийн газарт чиглэл өгөх эрхийг хязгаарлах, зарим томилгооны эрхийг болиулах тухай яригдаж байгаа юм.

Хуралд оролцогч Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин хэлэхдээ:

-Үндсэн хуулийн цэц, АТГ-ыг өөрийнхөө зэвсэг хэрэгсэл болгодог. Тус байгууллагууд хуулийн хүрээнд ажиллаж шударга ёс, хүний эрх гэдэг зорилт руугаа явах ёстой атал Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрх, томилгоогоор дамжиж тэр байгууллагууд зөвхөн нэг хүнд үйлчилж, нэг хүний талд зогсдог хамгаалагч байгууллагууд болж хувираад байна. Энэ нь томилгоо, хууль санаачлах эрхээрээ дамжаад тэр байгууллагуудыг цааш нь иргэддээ үйлчлүүлэх гэхээсээ илүү өөртөө үйлчлүүлэх систем болгож байна. Тиймээс ийм системтэй орнууд байна уу гэх судалгааг хийхээс өөр аргагүй. Өөр улсад Ерөнхийлөгч хууль санаачлах эрхгүй байна гэсэн судалгааны дүн бий гэлээ.

Б.АМАРТҮВШИН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *