Categories
мэдээ нийгэм

Үндсэн хуульд нийцүүлж шүүх байгуулна гэв

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан өчигдөр Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар мэдээлэл хийлээ. Одоо мөрдөж байгаа хууль нь Үндсэн хууль зөрчсөн гээд ирэх долдугаар сарын 1-нээс хүчингүй болгох тогтоолыг Үндсэн хуулийн цэц гаргасан билээ. Тиймээс Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Шүүх байгуулах тухай хуулийн төслийн саналыг боловсруулж, Засгийн газартай зөвшилцөн Ерөнхийлөгчид уламжилсан билээ. Хуулийн төслөөр шүүхүүдийг тоогоор дугаарлаж байсан нэршлийг өөрчилж, тухайн шүүхийн байрших газрын нэрээр нэрлэхээр тусгасан. Мөн давж заалдах шатны шүүх нь харьяалж буй бүх аймагт байрлан үйл ажиллагаагаа явуулах бөгөөд хэргийн оролцогчийн хүсэлтийг харгалзан аймаг бүрт шүүх хуралдаан хийх боломжтой болох аж. Энэ нь Энэ нь аймаг бүр шүүхтэй байх Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцэж байгаа юм. Үүнээс гадна сум дундын шүүхийг шүүн таслах ажлын төрлөөр дагнан байгуулахаар хуулийн төсөлд тусгажээ. Харин Захиргааны хэргийн анхан шатны шүүхийг нийт 21 аймаг, нийслэлд байгуулах аж.

Дүүргийн шүүхийг урьдынх шиг Баянзүрх дүүргийн, Чингэлтэй дүүргийн гэх мэтээр нэрлэхээр болжээ. Ингэснээр дүүрэг тус бүр харьяалах шүүхтэй болох гэнэ. Хууль батлагдсанаар шүүхийн тамгын газар шинээр нэмэгдэхгүй бөгөөд шүүхийн дэд бүтцэд өөрчлөлт орохгүй, шүүх, шүүгч, хөрөнгийн шилжилт хөдөлгөөн, нүүлгэн шилжүүлэлтийг дахин хийхгүй, орон сууцаар нэмж хангах асуудал гарахгүй, шүүгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүйн зэрэгцээ их хэмжээний хөрөнгийн нэмэлт зардал гарахгүй байхаар боловсруулсан талаар Т.Мэндсайхан онцолоо.

Сум дундын шүүхийг дагнан байгуулахтай холбогдуулан 21 ерөнхий шүүгч, 15 шүүгч нэмэгдэнэ. Мөн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийг Булган, Сэлэнгэ аймагт шинээр байгуулахтай холбогдон хоёр ерөнхий шүүгч, зургаан шүүгч тус тус нэмэгдэж байгаа боловч энэ нь УИХ-ын 2013 оны 12 дугаар тогтоол “Шүүгчийн орон тоог батлах тухай”-оор баталсан орон тооны хязгаарт багтаж байгаа аж. Давж заалдах шатны шүүхийн үйлчилгээг иргэдэд ойртуулах зорилгоор шүүгч томилолтоор ажиллахтай холбогдон нэмэлт зардал гарах боловч эдгээр нь 2015 онд батлагдсан шүүхийн төсвийн хэмжээнд санхүүжигдэх боломжтой тул нэмэлт төсөв батлах шаардлагагүй гэдгийг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *