Categories
мэдээ нийгэм

“Үндэсний оношилгоо, эмчилгээний төв”-ийн барилгын ажил 93 хувийн гүйцэтгэлтэй байна

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Үндэсний оношилгоо, эмчилгээний төв” байгуулах МОН-8 төслийн Удирдах хороог хуралдуулж, барилгын ажлын явцтай газар дээр нь танилцлаа.

Уг төслийн хүрээнд Монгол Улсад анх удаа өндөр хүчин чадал бүхий хавдрыг эрт үед нь оношилдог орчин үеийн дэвшилтэт болон алсын зайн оношилгооны иж бүрэн тоног төхөөрөмж, програм хангамжтай, мэргэшсэн эмч мэргэжилтэн бүхий иж бүрэн оношилгоо, эмчилгээний төв ашиглалтад орох юм.

Мөн төслийн Монгол талын хөрөнгөөр санхүүжих хэсэгт Эмчийн хөгжлийн төвийг байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд энэхүү төв ашиглалтад орсноор резидент эмч, мэргэжилтнүүдийн дадлага хийх, манекан дээр ажиллах, сурах орчинг сайжруулах таатай нөхцөл бүрдэнэ.

Одоогийн байдлаар барилгын ажил 93 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд 215 нэр төрлийн 1870 ширхэг эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэхээс Монгол Улсад 190 нэр төрлийн 1580 тоног төхөөрөмж суурилуулахад бэлэн болжээ. Тус төвийг 2019 оны гуравдугаар сарын 31-ний өдөр Улсын комисст хүлээлгэж өгөх аж.

Орчин үеийн шаардлага, стандартад нийцсэн Үндэсний оношилгоо эмчилгээний төвийн үндсэн 103 ортой, 15,468 м2 талбайтай барилга болон туслах барилга байгууламжууд, тэдгээрийн гадна шугам сүлжээ, зам талбай, тохижилтыг бүтээн байгуулалтыг хийж байна. Мөн эрүүл мэндийн нарийн мэргэжлийн болон нэгдсэн эмнэлгүүдэд зайн оношилгооны систем, таван бүсийн оношилгоо эмчилгээний төвд зайн оношилгооны тусгай зориулалт бүхий автомашин, зайн оношилгооны системийг нийлүүлэх аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *