Categories
мэдээ нийгэм

Үндэсний номын сангийн бүх ном судар баринтагтай боллоо

Монголын Үндэсний Номын Сангийн сан хөмрөгт буй 35000 орчим хуучирсан соёлын үнэт өв болсон ном судруудад баринтаг хандивлах ёслол боллоо. “Түүхээ хадгалъя” төслийг 2015 оноос JCI Капитал ТББ санаачлан Үндэсний номын сантай хамтран зохион байгуулжээ. Монголчуудын түүх, соёлын тухай мэдлэг, мэдээллийг тээсэн үнэтэй ховор номыг баринтагласнаараа хойч үе, судлаач, эрдэмтдэд өвлүүлэн үлдээх зорилготой аж.

Энэ үеэр JCI капитал ТББ ерөнхийлөгч Ж.Сандагдорж “Номын баринтаг” төслийг гурав дахь жилдээ хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд хадгалалтын шаардлага хангахгүй 35000 мянган ном судрыг баринтаглах зорилт тавьсан. Мөн Завхан аймгийн Засаг даргын тамгын газраас 10000 гаруй номын баринтагыг Төв номын санд хүлээлгэн өглөө. Ингээд бид зорьсондоо хүрээд байна. Цаашлаад манай байгууллага Төв номын сантай хамтран залуу эрдэмтэн, судлаачдад шаардлагатай байгаа Монголын түүхийн талаарх 108 номын жагсаалтыг гаргасан. Ингээд бид гадаадын байгууллагуудтай хамтран эхний 30 номыг Үндэсний Номын Санд хандивлах ажлыг эхлүүлнэ” гэлээ.

“Номын баринтаг” төсөлд 80 гаруй байгууллага, анги хамт олон, айл өрх идэвхи санаачлагатай оролцож өнгөрсөн онд нийт 15000 орчим баринтаг хүлээлгэн өгсөн. Харин 2018 он гарснаар долоон сарын турш 3720 баринтаг, Завхан аймгийн иргэд 888 баринтаг хүлээлгэн өгсөн байна.

Үндэсний Номын Сангийн захирал Б.Ичинхорлоо “Номыг баринтагласнаараа хадгалах хугацааг уртасгадаг”

Үндэсний Номын Сан, Завхан аймгийн ард иргэд хамтран “Өв соёлоо өлгийдье” гэсэн хөдөлгөөн өрнүүлсэн. Бид 8888 баринтаг хийж өгөх зорилготой энэхүү аяныг анх эхлүүлсэн. Харин өнөөдөр 10000 баринтаг хийж зорилгодоо хүрч чадлаа. Аяны хүрээнд бүх ном судрууд баринтагтай болсон. Энэ нь манай номын сангийн олон жил хүлээж байсан том ажил байлаа. Номыг баринтагласнаараа хадгалах хугацааг уртасгадаг. Мөн баринтаглахдаа номуудыг давхар катлогжуулж байна.

Үндэсний номын санд 100-300 жилийн өмнөөс Монголчуудын бичин туурвиж байсан соёлын үнэт өв хадгалагдаж байгаа аж.

Завхан аймгийн Утга зохиолын нэгдлийн тэргүүн Б. Баяржавхлан “Хангай хааны оргил сэнтийд хаан Отгонтэнгэр хайрханаараа овоглосон завханчууд маань “Өв соёлоо өлгийдье” аяныг гурван сарын хугацаанд өрнүүлж 10146 баринтгыг цуглуулж чадсан. Аянд давхардсан тоогоор 15200 гаруй хүн оролцсон. Дэмжлэг тусламж үзүүлсэн нутгийн ард түмний маань баринтгууд улсынхаа Төв номын санд өнөөдөр заларч байна. Сэтгэл зүтгэл гарган оролцсон бүх хүмүүстээ талархаж байгаа илэрхийлье” гэв.

С.ОЮУНЖАРГАЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *