Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Үндэсний номын баярын өдрийг улсын хэмжээнд тэмдэглэнэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 158 дугаар зарлигийг хэрэгжүүлж, ард иргэд хүүхэд залуусын ном эрдэмд дурлан нөхөрлүүлэх ном унших хөдөлгөөнийг дэмжих зорилгоор “Үндэсний номын баяр 2018”-ыг энэ сарын 14-15-нд улсын хэмжээнд “Ном бол таны гарт барих мөрөөдөл юм. Мөрөөдлийнхөө төлөө…” уриан дор 100 гаруй арга хэмжээг зохион байгуулна.

БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Монголын Зохиолчдын Эвлэл, “Номын соёлт ертөнц” ТББ хамтран зохион байгуулах номын баярт зохиолч, яруу найрагчид, аймаг, нийслэл, орон нутгийн номын сангууд, хэвлэн нийтлэгчид, хэвлэлийн газар, ном, эрдмийг сурталчилж түгээн дэлгэрүүлдэг байгууллага, уншигчид оролцох юм.

Энэ удаагийн номын баярыг онцлог нь Соёл урлагийн ууган байгууллага Монголын Зохиолчдын Эвлэлийн 90 жилийн ойг угтан Ардын уран зохиолчдод хүндэтгэл үзүүлж, тэдний уран бүтээлийг сурталчлахын зэрэгцээ Төрийн гурван удаагийн шагналт, Ардын уран зохиолч, нэрт эрдэмтэн Ц.Дамдинсүрэн /110 жил/, Төрийн шагналт, зохиолч, найруулагч, орчуулагч Э.Оюун /100 жил/, Төрийн хошой шагналт эрдэмтэн зохиолч Ш.Нацагдорж /100 жил/, хүүхдийн нэрт зохиолч, яруу найрагч Д.Содномдорж /90 жил/, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт Б.Нямаа /90 жил/ нарын тэгш ой нь тохиож буй зохиолчдын намтар, ном бүтээлийн үзэсгэлэнг номын сангуудтай хамтран жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна.

Номын баярын хоёр дахь өдөр “Уншигч таны оюуныг дайлья” сэдвийн хүрээнд “Болор цом”-ын тэргүүн шагналт яруу найрагчид болон зохиолчид өөрсдийн шүлэг, яруу найргаа толилуулахаас гадна дууны уран бүтээлийг сурталчлах, МЗЭ-ээс хуучин нэн ховордсон номыг хямдралтай худалдах зэрэг үйл ажиллагаа явагдах юм.

Түүнчлэн аймаг, нийслэл, орон нутгийн 200 гаруй номын санчид хуран чуулж, “Mongolian librarу update:Номын сангуудын туршлагаас” зөвлөгөөн, “Номын сангийн алсын хараа” сургалт, хэвлэлийн газар, хэвлэн нийтлэгчдийн үйл ажиллагаа, нийтээрээ номтой нөхөрлөх нийтийн уншлагыг дэмжих сурталчилгаа, уулзалт, ярилцлага, яруу найргийн чөлөөт уншлага, номын төрөлжсөн үзэсгэлэн, шинэ номын нээлт, номын хямдралтай болон зохиолчдын гарын үсэгтэй худалдаа, эцэг эх, хүүхдүүдийн хөгжөөнт тоглоом, номын бэлэг, урамшуулалтай уралдаан, тэмцээнийг улс зохион байгуулах юм.

Номын баярын өдрүүдэд “Монголчуудын эрдэм ухааны уламжлал”, “Улаан судар”, “Аяны богц”, “Залуу нас”, “Мөрөөдлийн хүч”, “Сүүтэй уулын савдаг”, “Учрал дүүрэн хорвоо”, “Тэргүүнгүй Монгол”, “Оршихуйн гэрэлт хүрээн дотор”, “Зүүд манагч”, “Бид”, “Дугаар тэг”, “Цагаан идээ”, “Үй Хуа амьдархуй” зэрэг шинэ ном зохиолч, орчуулагчдынхаа гараас уншигчдын гарт хүрнэ. “Монголын хүүхдийн зохиолчдын шилдэг бүтээлийн түүвэр”, шилдэг өгүүллэгийн “Утгын чимэг” зэрэг шинэ номын нээлт болох аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *