Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​Үндэсний чанарын хөтөлбөрийг баталлаа

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Үндэсний чанарын хөтөлбөр, хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, Чанарын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталлаа. Төлөвлөгөөнд тусгагдсан ажлууд, шаардагдах хөрөнгийг жил бүрийн төсөвт тусган гадаадын зээл, тусламж, төсөл, хөтөлбөртэй уялдуулан санхүүжүүлэх арга хэмжээ авч хэрэгжилтийг ханган ажиллахыг Шадар сайд Ц.Оюунбаатар, Сангийн сайд Б.Болор, Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо. Мөн Үндэсний хөтөлбөрийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангаж, хяналт тавьж ажиллахыг Шадар сайд Ц.Оюунбаатарт даалгав.

Үндэсний чанарын хөтөлбөр нь 6 бүлэгтэй, хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө нь 4 зүйл, 10 зорилттой бөгөөд 10 үндсэн зорилтыг хэрэгжүүлэх 154 арга хэмжээг 2016 оноос эхлэн 2020 он хүртэл хэрэгжүүлэхээр тооцоолсон байна.
Тус хөтөлбөрийг хэрэгжүүлснээр 2020 он гэхэд Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай, Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай, Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хуулиудыг шинэчлэн, Бүтээгдэхүүний ерөнхий хууль, техникийн зохицуулалтын баримт бичгийг шинээр боловсруулан батлуулж, эрх зүйн орчныг боловсронгуй болгохоор болжээ. Мөн олон улсын стандартыг өөрийн орны нөхцөлд тохируулан нутагшуулснаар бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар дээшлэх юм байна. Хүнс, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, барилгын салбарын үйлчилгээний стандарт олон улсын жишигт хүрч, экспортын бүтээгдэхүүнд хийсэн тохирлын үнэлгээний дүн худалдааны түнш орнуудад хүлээн зөвшөөрөгдөх зэрэг олон ач холбогдолтой аж.