Categories
мэдээ улс-төр

Үндэсний батлан хамгаалахын их сургуультай боллоо

Үндэсний батлан хамгаалахын их сургуультай боллоо зурган илэрцүүд

Аюулгүй байдал, цэрэг, батлан хамгаалах чиглэлээр сургалт, судалгаа эрхлэх чадавхийг нэмэгдүүлэх зорилгоор Батлан хамгаалахын их сургуулийг Үндэсний батлан хамгаалахын их сургууль болголоо.

Ингэснээр батлан хамгаалахын бодлого, эрдэм шинжилгээ, судалгаа, инновацийн “Сургууль төвт” тогтолцоо бий болох үндэс бүрдэж, дэлхийн олон орны ижил төрлийн сургалтын байгууллагатай адил төвшинд очих, ижил стандартаар сургалт явуулах бололцоотой болох юм. Мөн багшлах боловсон хүч чадваржиж мэргэшин, зохион байгуулалт, нөөцийн бодит дэмжлэг бий болно.

Манай улсын батлан хамгаалах салбартай хамтын ажиллагаатай АНУ, БНХАУ, Турк, БНСУ зэрэг олон орны Үндэсний батлан хамгаалахын сургууль, бүс нутгийн болон олон улсын байгууллага, холбоотой харилцахад “Үндэсний” гэх тодотгол нь статусыг нь өргөж, илүү өргөн хүрээнд, харилцан итгэлцэлд тулгуурлан адил түвшинд хамтран ажиллах нөхцөл, боломж бүрдэнэ гэж Батлан хамгаалах яам үзжээ.


Засгийн газрын өнөөдрийн хуралдааны товч мэдээг


– Хөрс, бэлчээрийг хамгаалах, нөхөн сэргээхтэй холбоотой асуудлаар “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн төслийг хэлэлцэн зарчмын хувьд дэмжиж хэд хэдэн саналыг уламжлахаар болов.

– Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас 2017 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалт, Хөгжлийн банкны эх үүсвэрээр хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний жагсаалтыг тус тус баталлаа.

– Монголын оюутны спортын IY их наадмыг 2017 онд орон даяар зохион байгуулахаар Засгийн газрын тогтоол баталлаа.

-Энэ оны гуравдугаар улиралд Засгийн газрын гишүүд, яам, агентлагийн удирдлагад хандан иргэдээс 40 орчим мянган өргөдөл, гомдол, санал хүсэлт ирсний 37 мянга гаруйг нь хуулийн хугацаанд шийдвэрлэсэн байна. Энэ нь 95 орчим хувьтай гэсэн үг юм. Иргэдийн дийлэнх нь нийгмийн халамжид хамрагдах, мөнгөн тусламж, тэтгэвэр, тэтгэмж, хөдөлмөр эрхлэлт, газар эзэмших, ашиглахтай холбоотой асуудлаар ханджээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *