Categories
амьдралын-өнгө мэдээ цаг-үе

Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говь-Алтай аймагт өвөлжилт, хаваржилт хүндрэх магадлалтай

Ирэх өвөл хаврыг өнтэй давах зорилгоор улсын хэмжээнд 1.2 сая тонн хадлан авахаар төлөвлөсөн ч энэ сарын 1-ний байдлаар 800.000 орчим тонн өвс тэжээлийг базаасныг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ.

Түүнчлэн 2021-2022 оны өвөл хаврын улиралд нийт бэлчээрийн 66.7 хувь хүрэлцээтэй, үлдсэн 33,3 хувь нь хүрэлцээ бага тухай Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Батмөнх хэллээ. Тэрээр цааш нь ”Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говь-Алтай аймагт өвөлжилт, хаваржилт хүндэрнэ. Иймээс малчдад аравдугаар сарын сүүлээр өвс тэжээл ханган нийлүүлэх, тус засаг, захиргаанд оновчтой бодлого боловсруулах чиг зүг, заавар зөвлөмж хүргүүлсэн. Малчдын гар дээр худалдан авах өвсний үнэ 9500-10500 төгрөгтэй байна” гэлээ.

2019-2020 оны хувьд Хөвсгөл, Архангай, Завхан аймагт ургамлын гарц байсан ч 10 сарын сүүлээр их хэмжээний цас орсны улмаас бэлчээр цасанд бүрэн дарагдаж, өвөлжилт хүндэрсэн юм. Иймээс өвөлжилт хаваржилтын бэлтгэлээ сайн хангахыг Ус, цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс анхааруулж байна.

Нийт нутгаар зуншлагын байдал 7 дугаар дундаас сайжирч 50 гаруй хувьд хэвийн, 40 орчим хувьд дунд, 10 орчим хувьд муу байсан ч наймдугаар сарын сүүлч гэхэд нийт нутгийн 80 орчим хувьд сайн, 10 гаруй хувьд дунд, 10 хүрэхгүй хувьд буюу Говь-Алтай, Дундговь, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатарын ганц нэг сумдын нутгаар муу байжээ.

Өвөлжилт хаваржилт хүндрэх магадлалтай аймаг сумдын малчид өвсний нөөцөө сайтар базааж, онд орохгүй малаа эдийн засгийн эргэлтэнд оруулах шаардлагатай байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *