Тавантолгойгоос Гашуунсухайт хүртэлх нүүрс тээврийн машины оочир 120 километрийг даваад байна. Байдал улам бүр хүндэрснээс жолооч нар нэг рейс хийх гэж гэж өвлийн хүйтэнд кабин дотроо 14-15 хонож байна.
Холбогдох чиглэлийн яамнууд энэ талд арга хэмжээ авна гэж амлаж, Засгийн газраас өнгөрсөн сарын 29-нд шийдвэр гарган, уртын урт тээврийг зогсоосон. Тавантолгойн уурхайгаас Цагаан хадны гаалийн бүсэд нүүрсийг буулгаж, дахин тээвэрлэх зохицуулалт хийснээр түгжрэлийг бууруулна гэж үзсэн ч бодит байдал дээр оочир улам нэмэгджээ. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Засгийн газрын шийдвэр газар дээрээ огт хэрэгжихгүй байгаа аж. Өөрөөр хэлбэл түр хугацаагаар хориглосон уртын урт тээврийг одоо ч явуулсаар байгаа аж. Гашуунсухайт дахь гаалийн газар, төрийн өмчийн Эрдэнэс Тавантолгой компани зэрэг байгууллага, аж ахуйн нэгжүүд Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байгаа нь машины очерыг нэмэгдэхэд хүргэжээ.
“Цэций хөдөлгөөн” ТББ-ын тэргүүн А.Бүддорж хэлэхдээ “Тавантолгойгоос Цагаанхад, Ганцмод хүртэлх нүүрс тээвэрт 7000 орчим жолооч явж байна. Уртын урт тээврийг зогсоогоод Монгол Улсад ашигтай юу гэвэл ашигтай. Гэтэл хятадууд богинын тээврээ өөрсдөө авах гээд машинуудаа татаад эхэлчихлээ. Тэгэхээр 7000 жолоочийн 4000 орчим нь ажилгүй болох нь. Монголчууд ажлын байраа алдаж болохгүй. Ингэхийн тулд Монголчууд дотоодоосоо богинын тээврийн хоёр компани гаргаад ажиллавал ашигтай. Ингэхгүй бол ямар нэг бүртгэлгүй жолооч нар их яваад байгаа юм” гэв.
“Цэций хөдөлгөөн” ТББ-аас санаачлан Өмнөговьд оочирлож буй жолооч нарт туслах хүмүүнлэгийн аян зохион байгуулахаар болжээ. Жолооч нарт туслах аян зохицуулагч А.Батсайхан хэлэхдээ “Аян энэ сарын 13-16-ны хооронд Өмнөговь аймагт болно. Тэнд оочирлож байгаа 7000 орчим жолоочид гурван өдрийн хугацаанд халуун цай, аарц өгнө. Төрийн өндөрлөгүүдэд дайх жолооч нарын үгийг сонсоно. Дээрээс нь эмчийн анхан шатны үзлэг, эмчилгээ хийлгэх шаардлагатай жолооч нар байгаа. Тэдэнд тусламж үзүүлнэ. Санаачлагчаар нь Цэций хөдөлгөөн ТББ ажиллаж буй бөгөөд “Нүүрс тээвэрлэгч, жолооч нарын эрхийг хамгаалах үндэсний хөгжлийн сан” ТББ хамтран зохион байгуулж байна.
Тэнд нүүрс тээвэрлэж байгаа жолооч нарын эрх ашгийг хамгаална гэдэг бол ганцхан бидний хийдэг ажил биш. Олон олон жолооч нарын өөрсдийнх нь оролцоо маш чухал. Тиймээс жолооч нартайгаа хамтарч энэ бүх асуудлаас яаж гарах вэ гэдэг гарц хайх юм. Тэнд оочирлож хэдэн сар болж байгаа жолооч нар энэ байдлаараа хэр удаан байх ёстой вэ. Хэрвээ энэ асуудлыг шийднэ гэвэл тэр нь хэзээ вэ. Шийдэхэд жолооч нарын өөрсдийнх нь дуу хоолой хэрэгтэй байна уу үгүй юу гэдэг олон асуудал яригдана. Энэ ажлуудыг хийхийн тулд ТББ-ийн зүгээс тодорхой хэмжээний санхүүжилт гарна. Мөн Өмнөговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүдээс дэмжлэг хүсч хандана” гэлээ.