Categories
мэдээ нийгэм

Өмнөд Монголын сар шинийн баяр болж байна

Өмнөд Монголчуудын сар шинийн баяр тохиож байна. Цагаан сар нь өвөг дээдсийн үеэс уламжлан ирсэн төрт ёсны хамгийн том баяр гэж үздэг. Манай улсын дуучид, жүжигчид жил бүр Хөх хотод очиж Өмнөд Монголчуудынхаа сар шинийн баярын нэвтрүүлэгт орж мэндчилгээ дэвшүүлдэг уламжлалтай болоод байгаа. Тэгвэл энэ удаа “Увертура” хамтлаг, дуучин Д.Болд, А.Хишигдалай, Зоригт, уртын дуучин Үүрийнтуяа нар ая дуугаа өргөөд иржээ. Дуучин Д.Болд бүх настан буурлуудад зориулж “Миний хоёр эрдэнэ” дуугаа дуулсан байна. Уртын дуучин Үүрийнтуяа “Хээрийн салхитай аялгуу” дуугаа өргөж ая дууны дуун цэнхэр хадаг өргөөд иржээ.

Цагаан сар бол Дундад улсын хамгийн өргөн хэмжээний уламжлалт баярын өдөр юм. Дундад улс Цагаан сарыг Баруун Хан улсын үеэс тэмдэглэж эхэлсэн бөгөөд өнөөг хүртэл уламжлагдсаар байна.

Өмнөд Монголын Сөнид нутагт монголчууд цагаан сарыг хэрхэн тэмдэглэдэг ёс заншлаас хүргэж байна.

Сөнид монголчууд хамгаас эрхэмлэн дээдэлдэг хүндэтгэл бэлгэдлийн идээ болох учир нарийн тогтсон ёс жаягтай байдаг. Цагаан сараар айл өрх болгон уламжлал ёсоороо маш ихэмсэг сайхан идээ засаж ахмад настан, айлчин гийчиндээ амсуулж, шинэ жилийн өөд хийморь, өлзий хишиг сайн сайхныг харилцан бэлгэдэж хүндэтгэлээ илэрхийлдэг.

Сөнид нутагт эрт дээр үеэс цагаан сарын шанз боовоор гурван үеийн идээ, таван үеийн идээ, долоон үеийн идээ гэж айл болгон өөрийн дээдсийн уламжлалын ёсоор засдаг. Идээ засахдаа тусгай идээ засах зориулалттай хайрсан шанз боовоо цар /идээ засах тавгийг манайханд “Цар” хэмээдэг/ дээрээ өнцгийг нь зөрүүлэн, өө сэвгүй тэгшхэн сайхан зэрэглэж, дөрвөн өнцөг дээр нь цагаан тос тавьж, гол дунд нь нударган чинээ цагаан тос тавиад боов боорцог, цагаан идээ, үзэм, чавга, чихэр, ёотонгоор чимж засна. Ямар ч айл гээд эцэг дээдийнхээ идээнээс давсан үетэй идээ засдаггүй. Гэхдээ гэгээн хувилгаан бол арван гурван үеийн идээ тавьж болдог байжээ. Ер нь Сөнид нутгийн айл болгон нөхцөл бололцоо дотроо аль болох л цагаан сарын идээгээ сайхан хийхийг хичээдэг. Шинийн идээний боовны өнгөөр тэр жилийн аз хийморийг шинждэгээс шинийн идээг ихэд эрхэмд үздэг. Цагаан сарын идээ нь монгол хүний хамгийн хүндэтгэлийн идээн болохоор ямар ч айл гэсэнгүй идээгээ битүүн засаж тавьдаг. Сөнид нутагт цагаан сарын шинийн нэгэнд шинийн идээ, тэнгэрийн идээ, битүүний идээ /битүүнд айл гэртээ тавьж амссан ууц шүүсийг хэлж буй./гэж гурван идээг хамт тавьдаг уламжлалтай байжээ.

Шинийн идээний ялгамжид гурван зүйлийн идээ байдаг. Үүнд Хас идээ /идээний дээд үеийг шанзаар хас хэлбэртэй засдаг/, Шанзан идээ, саман идээ гэж засдаг байжээ. Эрт дээр үед Сөнидийн ихэнх нутагт хас идээ тавьж байсан бол 19-р зууны дунд үеэс шанз идээ засах болсон байна. Ихэнхдээ энгийн айл таван үеийн шанз идээ тавих нь нэлээд түгээмэл байж, тайз язгууртан, ноёд түшмэдүүд есөн үеийн идээ засаж, гэгээн хувилгаан, ихэс лам нар бол есөн үеийн шанз идээ засан, дээр нь өрөм хуруудаар дөрвөн үе нэмж арван гурван үеийн идээ тавих ч бий.

Шинийн нэгэнд идээний нэг болох битүүний шүүс идээнд битүүнд хөндсөн ууцаа тавина. Битүүнд хөндөж талласан ууцаа сээр, дал, дөрвөн өндөр, шаантын хамт тэвшинд хийж ууцан дээр цагаан идээ тавьдаг. Зарим айл нь бүхэл шүүс тавих ч бий. Хэрэв зээ / нар нь ирвэл тавьсан битүүний шүүсэн дээрээ битүү толгой, сүвээний хавиргыг заавал нэмж тавьдаг. Хадамд гарсан хүүхэн буюу бүсгүй хүн ирвэл өвчүү нэмдэг уламжлалтай юм.

Сар шинээр гийчин зочид айлын цайг амссаны дараа, заавал шинийн идээ, тэнгэрийн идээ, битүүний идээнээс амсдаг ёстой.

Цагаан сарын мэндлэх ёс

Сөнидчүүд жил цагаан сараар уулзаж учирсаар даруй, “За Амар байна уу?”, “Сар шинэ сайхан шинэлэв үү?”, “Сайхан өвөлжиж, сайн хаваржиж байна уу?”, “Мал сүрэг мэнд сайн уу?”, “Шинэ хуучин жил таны бие лагшин тунгалаг уу?” гэж харилцан мэнд сайнаа мэдээд, сууж тавласны дараа, “Шинийн хүн олон уу?”, “Шинээр хол явж байна уу?”, “Морь хурдалж байна уу?”, “Шинэ жилийн өнгө сайхан байна уу?” гэх мэтээр сайн сайхны тухай харилцан үг солин, шинийн идээг бүртгэн, шинийн золголтоо өндөрлүүлж, дараа нэг айлд шинийн золголт хийхээр морддог байна.

Цагаан сарын золголтод хүн бүр хадаг, хив дурдан барьж, харилцан гар зөрүүлэн шинэлэх бөгөөд ахмад настай хүмүүстэй шинэлэхдээ хөөргөө хадгийн дээр нь тавьж баруун гартаа атгаж, ахмадынхаа гарын доогуур нь гараа зөрүүлэн бие бөхийн амар амгаланг нь асуун золгодог. Хүүхэд багачууд нь аав ээж болон настан буурлуудтайгаа золгохдоо хадаг барьж, хормой тосон мөргөөд золгоход ахмадууд нь “Урт насалж, удаан жаргаарай”, “Мөргөсөн толгой чинь мөнх болог, мөнгө доргоор элбэг яв”, “Тэнгэр ивээж тэгш жарга”, “Сайн явж санаагаараа жарга” гэх мэтийн сайхан ерөөлийг хариу болгон хэлдэг билээ. Нас жил, үе зэргийн хүмүүс нь харилцан хадаг барьж, гар зөрүүлэн шинэлэх буюу хөөрөг солилцох зэргээр шинийн золголт хийдэг ажээ.

Шинийн золголтод ахмад томоотон буюу буурлуудтайгаа гэрийн гадна шинэлдэггүй, заавал гэрт орж, суудалд суусны дараа шинэлэх ёстой байдаг. Жил цагаан сар шинийн золголтод дээл хувцасныхаа товч шилбийг тоо ёсоор нь товчилж, энгэр заамаа засаж, малгайгаа төв ёсоор өсөж, дээлийнхээ нударгыг эргүүлэн байж, хойморт саатаа буурлуудтай хормой дэвсэн мөргөн золгодог байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *