Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн 16-ийн тоглолтууд өнгөрсөн шөнө явагдлаа.
Дэлхийн таван удаагийн аварга Бразилийн шигшээ энэ удаа нэг тивийн төлөөлөл Мексикийг 2:0-ээр сөхрүүлж аяллаа цааш үргэлжлүүлэхээр болов. Тоглолтын эхний үед “Самба” илүүрхэж Коутино, Нэемар нар гоолын боломж үүсгэж байсан ч Мексикийн Гилермо Очоа хаалгаа найдвартай манаж эхнй үе тэнцээгээр өндөрлөсөн. Харин хоёрдугаар үеийн эхэнд Уиллиан баруун жигүүрээр довтолгоо өрнүүлж төврүү дамжуулсан бөмбөгийг Нэемар чихэж тоглолтын тооны харьцааг нээсэн юм. Гоол алдсан Мексик довтлох боломж хайж байсан ч Бразилийн хамгаалалтыг сэтэлж хараахан чадсангүй. Тоглолтын төгсгөлд сэлгээгээр орж ирсэн Роберто Фирмино Нэемарын дамжуулалтаар гоол оруулж эцсийн цэгийг тавьсан юм.
Бразил их шөвөгт шалгарахын төлөөх тоглолтоо Эдэн Азар, Ромелу Лукаку нараар ахлуулсан Белгийн шигшээтэй хийнэ.
О.ДАШНЯМ