Categories
мэдээ нийгэм

Умайн хүзүүний хөхөнцөрийн вирус бэлгийн замаар халддаг

“Монгол Улсад умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл, нас баралтыг бууруулах” чиглэлээр хамтрагч талуудын зөвлөлдөх уулзалт өнөөдөр боллоо. Уулзалтад Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл болон ЭМЯ-ны удирдлагууд, НҮБ-ын төрөлжсөн байгууллагын төлөөлөгчид, элчин сайд оролцлоо. Хорт хавдрын статистик мэдээнээс харахад, 2012 онд Монгол Улсад хорт хавдрын 4466 шинэ тохиолдол, 3264 нас баралт бүртгэгдэж байсан бол 2017 онд 6073 шинэ тохиолдол, 4004 нас баралт бүртгэгдсэн байна. Үүнээс эмэгтэйчүүдийн дунд зонхилон тохиолдох хорт хавдрын дунд умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл хоёрдугаар байранд орж байна.

Умайн хүзүүний хорт хавдраар өвчлөгдсдийн 90 хувь нь 30-60 насны эмэгтэйчүүд байна

Хавдар судлалын үндэсний төвийн захирал Ж.Чинбүрэн ярихдаа “Манай улсад жилд 400 гаруй умайн хүзүүн хорт хавдар оношлогддог. Үүний 200 гаруй нь эрт үедээ оношлогдож байна. Монголд зонхилон тохиолдож байгаа хавдар дотроос умайн хүзүүн хавдрын эрт илрүүлэг бусад хавдраа бодоход илүү хурдан. Уг хавдрын 50 хувь нь эрт үедээ оношлогддог. Бусад хавдар 20 хүрэхгүй хувь нь эрт оношлогддог. Бид цаашдаа эрт илрүүлэх оношлогоог 70 хувьд хүргэхээр зорьж байна. Эрт илрүүлэгийн хөтөлбөр хийснээр 50 хувийг нь бид аварч байна гэж ойлгож болно гэв.

-Вакцинжуулах аянг ЭМЯ-наас хийхээр төлөвлөж байгаа юм байна? Урд нь энэ талаар сөрөг мэдээлэл нийгэмд гарч байсан?

-Вакцин хийх нас бэлгийн хавьталд орохоос өмнөх насны охидууд буюу 9-14 насныхан хамаардаг. Өнөөдөр бид Австрали улсын туршлагыг судалж байна. Туршлагааас харахад вакцинд хамрагдсанаар умайн хүзүүний хорт хавдраас 90 хувь сэргийлэх боломжтой байгаа юм. Энэхүү вакцин үр дүнтэй гэдгийг баталж байна. 2012 онд манай улс хөхөнцөрийн эсрэг вакцин нэвтрүүлэхэд нийгмээс сөрөг хандлага гарч байсан. Охидууд насанд хүрээд жирэмсэлж чадахгүй гэх асуудлууд яригдаж байлаа. Судалгаагаар жирэмслэхэд вакцин ямар нэгэн нөлөө байхгүй гэдгийг Австралийн 10 жилийн туршлагаас харж байна. Энэ вакцин зөвхөн умай хүзүүний хорт хавдартай холбоотой биш. Сүүлийн үед хошногоны амсарын хорт хавдар, эрэгтэй хүний шодойн хорт хавдар, залгиурын хорт хавдарт хөхөнцөр вирус гол шалтгаан болж байгаа. Австрали улс зөвхөн эмэгтэй хүүхэд гэхгүй эрэгтэй хүүхдийн вакциныг хийж эхэлсэн. Халдвар тарааж буй хүнийг эрэгтэй хүн гэж үзэж байгаа юм. Умайн хүзүүний хавдраар өвчлөгсдийн 90 хувь нь 30-60 насны эмэгтэйчүүд байна.

Вакцинд хамрагдсан насанд хүрсэн эмэгтэйчүүдэд үргүйдэл үүссэн тохиолдол гараагүй

Мөн үеэр ЭМЯ-н сайд Д.Сарангэрэл ярихдаа “Бид өнөөдөр олон улсын байгууллагуудтай хамтран чухал хэлэлцүүлэг хийж байна. Эмэгтэйчүүдийн дунд зонхилж байгаа хавдрын хоёрдугаарт бичигддэг умайн хүзүүн хавдрын талаар ярилцаж байна. Үүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх, илрүүлэх, эмчлэх талаар туршлага судалж байна. Манайд 2008 онд хүний хөхөнцөр вирусын эсрэг вакциныг хийж эхэлсэн. Энэ үеэр үргүйдэл үүсгэнэ гэх мэт шүүмжлэл нийгэмд гарч байсан. Зарим эцэг эхчүүд үүнээс болгоомжилж охидуудаа вакцинд хамруулаагүй юм билээ. Австралийн Элчин сайдын яам манай төрийн бус байгууллага хамтран вакцинд хамрагдсан, хамрагдаагүй эмэгтэйчүүдийн дунд судалгаа явуулсан. Тухайн үед вакцинд хамрагдсан насанд хүрсэн эмэгтэйчүүдэд судалгаанаас харахад үргүйдэл үүссэн тохиолдол гараагүй. Харин вакцинд хамрагдаагүй эмэгтэйчүүдийн дунд хөхөнцөр вирусын халдвар илэрсэн байна. Манайд жилд 400 гаруй эмэгтэй умайн хүзүүн хорт хавдар тусдаг. Үүний 160 гаруй нь амь насаа алдаж байна. Харамсалтай тоо баримт. Бид шууд вакцин хийж эхлэхгүй. Вакцин хийхийн өмнө хүмүүсийн хандлагыг эерэг болгох хэрэгтэй. Мөн судалгааны дүнг харна. Үүний дараа ЭМЯ судалгаа тооцоогоо хийж, ДЭМБ-ын зөвлөмж, чанарын сертификатад үндэслэн вакцинжуулах ажилд орох зорилготой байгаа. Манайх хавдартай тэмцэх үндэсний хөтөлбөртэй. Үндэсний хөтөлбөрүүдтэйгээ уялдуулан төсөвт хөрөнгө мөнгө оруулж ирдэг. 2019 онд хөтөлбөр бүрээр хэрэгжилттэй холбоотой хэдэн төгрөг суулгах шаардлагатайг судлан Сангийн яаманд хүргүүлнэ гэв.

Умайн хүзүүний хөхөнцөрийн вирус бэлгийн замаар халддаг

Австрали улсын Кёрбийн институтын бэлгийн замын эрүүл мэндийн судлалын хөтөлбөр хариуцсан захирал доктор, профессор В.Донован “Хөхөнцөрийн эсрэг вакцин нь 100 хувийн үр дүнтэй гэдэг нь батлагдсан. Шинжлэх ухааны нотолгоотой вакцин юм. Монгол Улсад олон жилийн өмнө хөхөнцөрийн эсрэг вакцин хийгдэж байсан. Үүн дээр тулгуурлан судалгаа явуулахад монгол эмэгтэйчүүдэд үр дүнтэй, сайнаар нөлөөлсөн байна. Энэхүү вакцин нь дэлхий даяар олон мянган эмэгтэйчүүдэд хийгдэж байгаа. Ямарваа нэгэн урвал, хүндрэл, гаж нөлөө, эрсдлийн судалгааг бид заавал хийдэг. ДЭМБ-ийн зүгээс энэхүү вакциныг хамгийн аюулгүй вакцинуудын нэг хэмээн үзсэн. Монголд тухайн үед үргүйдэл үүсгэдэг гэх ташаа мэдээлэл цацагдсан. Энэ ямар ч үндэслэлгүй юм. Охид хөхөнцөр вирусын халдварыг авах магадлал бэлгийн идэвхтэй амьдрал эхэлснээр үүсдэг. Энэ вирус нь бэлгийн замаар халддаг. Бэлгийн идэвхтэй амьдрал эхлэхээс өмнө охидын 9-14 насанд нь вакцинд хамруулснаар илүү үр дүнтэй байгаа нь ажиглагдсан. Уг өвчнөөс урьдчилан сэргийлэхэд чухал алхам болж байгаа юм. Австрали улсын хувьд вакциныг охид, хөвгүүдэд хийдэг. Ингэснээр нийт хүн амынхаа эрүүл мэндийг хамгаалж чаддаг. Урьдчилан сэргийлэхийн тулд эрт үзлэг оношлогоог тогтмол хийдэг. Вакцины үнэ харьцангуй гайгүй. Дунд болон бага орлоготой орнуудад хямдралтай худалддаг. Монгол Улсын хувьд үнийн хөнгөлөлт эдлэх боломжтой гэлээ.

Б.НОМИН-ЭРДЭНЭ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *