Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Улстөржилтөөс салж найман хувийн хүүтэй зээл олгох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулъя

Сонгууль дөхсөний дохио сүүлийн үед улам тодруун харагдах боллоо. Бүх зүйл дээр улс төрийн намууд “хаалт” хийж, шатаах үйлдэл гаргах болов. Эцсийн бүлэгтээ ард түмнээ хагаралдуулах зүйл рүү турхирч байгаа гэдгээ эрх биш мэддэг байх. Улстөржүүлж боломгүй зүйлсийг хүртэл улс төрийн тогоондоо хэдэнтээ эргүүлэн сэгсэрч байна. Үүнийг нь дагаад ард түмэн сэнсэрч байгаа юм. Ипотекийн зээл ирэх долоо хоногт хүрээгээ хумьж, бага орлоготой иргэд орон сууцанд орох явдал өмнөх шигээ мөрөөдөл болон үлдэх нь. Хэнээс, хаанаас хавирсан оч нь түймэр болон дэгдэж байгаа нь тэр бүр тодорхой биш байгаа ч “Найман хувийн ипотекийн зээл зогслоо”. “Ипотекийн зээлийн хүү найм биш 20 хувь болох нь” гэсэн мэдээлэл иргэдийг цочролд оруулсан.

потекийн зээлд хамрагдсан иргэд фэйсбүүкт “Найман хувийн зээлтэй иргэдийн эрхийг хамгаалъя” түр хороо байгуулаад байгаа аж. Тэдний зүгээс УИХ дахь нам эвслийн бүлгүүдэд хандан “Сүүлийн үед орон сууцны найман хувийн зээлийг Ардын намын санаачилгаар Үндсэн хуулийн Цэц зогсоох шийдвэр гаргасан тухай мэдээлэл гарч, энэ зээлээр байр авсан 75 мянган өрх болон байр авахаар бэлтгэж байгаа иргэдийн итгэл найдварыг үгүй хийлээ. Үүний дараа банкуудын холбоо хуралдаж, зээлийг зогсоож байгаагаа мэдэгдсэн нь бидний амьдралд хүнд цохилт болж байна. Банкууд зээлээ зогсоож байгаагаа мэдэгдсэн даруйд гэнэтийн шалгалтууд хийж, зээлтэй иргэдийг дарамтад оруулж байгаа гэсэн мэдээлэл бидэнд ирсэн бөгөөд энэ зээлд хамрагдаж ирээдүйд байртай болохоор бэлтгэж байгаа хүмүүсийн зорилго нь хүршгүй мөрөөдөл болж хувирах гээд байна. Зээлийн хүү 20 хувьд хүрнэ гэсэн асуудал яригдаж байгаа нь монголчууд бид хэзээ ч орон сууцанд тухтай амьдарч чадахгүйд хүрэх нь гэсэн үг. Тиймээс эрх баригч Ардчилсан намынханд хандаж, уг асуудлыг иргэддээ нааштайгаар шийдүүлж өгөхийг хүсч байна. Сөрөг хүчин болох Ардын намынханд хандан иргэдийнхээ халаасыг тэмтэрч бүү улс төр хийгээч гэж найман хувийн зээлтэй иргэдийн эрхийг хамгаалъя хуудасанд нэгдсэн 1000 гаруй иргэдээс хүсч байгааг хүлээн авна уу” хэмээн шаардлага гаргаад байгаа гэнэ.

Өнөөдрийн улстөржилтөөс илүү найман хувийн зээлийг аль нам нь ч хамаагүй буцаан хөдөлгөөнд оруулах ёстой гэдэг иргэдийн байр суурийг хэд хоног хангалттай харлаа. Одоо улстөржилт гэхээсээ илүүтэйгээр ипотекийн зээл авсан иргэдээ нам харгалзалгүй дэмжих ганц алхам үлдээд байна. Ер нь бол ард түмэн аль ч нам эвслийн бүлэглэлийн золиос болох ёсгүй гэдгийг иргэд дуу нэгтэй хүлээн зөвшөөрч байгаа юм. Манай ч нам тэдэн мянган орон сууц барих ажил эхлүүлсэн, тэдний намын үед тэдэн орон сууц барьсан гэж сайрхах дуртай нам, улстөрчид одоо тогтож хайрла. Өрсөлдөгч намаа тонгорох гэсэн буруу арга чинь ард түмнээ давхар тонгорчихоод байна. Ипотекийн зээлд хамрагдсан иргэд чинь өөртөө өвлийн гутал, куртка, үр хүүхдэдээ талх, таван чихэр ч авч өгч чадахгүй өөрт байгаагаа хуу хаман байрныхаа зээлд өгч байгаа нь маргаангүй үнэн.

УИХ-ы гишүүд иргэддээ хандсан ганц дорвитой ажил нь УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж найман хувийн зээлийг цааш нь үргэлжлүүлэн олгох боломжийг нээж өгөх явдал юм. Уг боломжийг УИХ-ын гишүүд бүрэн эрхийнхээ хүрээнд гаргаж чадна. Энэ долоо хоногт Их хурлын гишүүдийн хийх ганц ажил нь уг хуулийн төсөлд нэлэмт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн мэдүүлж, хэлэлцэж эхлүүлэх юм. Та нарыг УИХ-ын гишүүн болох визийг нь олгосон иргэддээ төр ингэж хариу барихаас өөр шинэ оны бэлэг одоогоор алга.

Э.БОЛД

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *