Categories
мэдээ цаг-үе

Улсын заан Н.Жаргалбаярын ангийнхан

2008 оны намар цаг. Монголчууд олимпийн аваргатай болсон жил “Шонхор” дээд сургуулийн Үндэсний бөхийн багш дасгалжуулагчийн ангид 54 шижигнэсэн залуу элссэн байдаг. Бие бялдар нь илтэд хөгжиж, бөхийн эрдмийг хар бага наснаасаа заалгачихсан, аймаг, сумынхаа наадамд зодоглодог унаж даваад сурчихсан хүүхдүүд нэг ангид оржээ.

Дээд сургуулиа төгсөж, том бөх болох хүсэл эрмэлзэл өвөртөлсөн залуусын ангийн багш нь засуул, дуучин Батмэндийн төрсөн ах аймгийн начин Баасанхүүгийн Батбаатар.

Увс, Хөвсгөл, Баян-Өлгий, Говь-Алтайдаа сайн барилдаж нэр нь түгчихсэн залуус бөхийн өргөөний барилдаануудад тус тусын нутгийнхаа нэрийг дуурсгаж сайн барилдаад эхэлсэн байна.

Увсын Д.Энхбаяр гэж үндэсний бөхийн өсвөр залуучуудын улсын аварга шалгаруулах барилдаанд түрүүлсэн уран барилддаг залуу ангийнхнаасаа хамгийн түрүүнд буюу 18-хан насандаа аймгийн арслан цол хүртэж нөхдөө хурцалж өгсөн байна.

Бөхийн бэлтгэлээ цалгардуулалгүй өдөр бүр хийж байсан энэ ангийн залуусын ур чадвар өдрөөс өдөрт л ахиад ирж. Сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаанд тогтмол 3-4 давж, зарим тохиолдолд шөвгөрдөг болжээ.

Өдөржин бэлтгэл сургуулилт хийгээд хөлсөө гаргачихаар хамаг хоол унд нь шингэчихдэг. Өглөө хичээлдээ ирэхдээ цайгаа уулгүй ирдэг болохоор их өлсдөг. Тэр болгондоо сургуулийнхаа ойр хавийн цайны газруудад очно. Ихэнх нь мөнгөгүй. Тиймээс цайны газрын эгч нарыг панаалдаж хоол идэх гэж аргаа бардаг байж. Мөн ангийнх нь нэг хүү виза карт авчихсан байжээ. Тэгсэн ангийнх нь хүүхдүүд хоорондоо “За ингээд нийтийн унаанд үнэгүй явдаг болж байгаа юм даа” гэж хэлжээ. Тэгсэн нөхөр таксинд үнэгүй явж болох юм байна гэж ойлгоод таксинд суугаад гэр рүүгээ явчихсан гэнэ. Таксины жолооч гэрийнх нь гадаа ирээд “За 4500 төгрөг” гэхэд өөдөөс нь виза картаа үзүүлж байжээ. Картаа яагаад үзүүлж байгаа юм гэсэн үнэгүй явдаг гэсэн биз дээ” гээд таксины жолоочтой ам мурийж хөглөж байсан аж.

Ангийнхан наадмын бэлтгэлд ч хамтдаа гарна. Ойр хавийн уул, овоо тахилгын наадмуудад зодоглож түрүүлж үзүүрлээд байныхаа мөнгөөр ойр зуурын хүнсээ цуглуулчихдаг байжээ. 2010 оны зун наадмын бэлтгэлд ангиараа гарч Дугана хаданд зохион байгуулагдсан Эрдэнэ хайрханы тахилга наадамд барилдсан байна. Шөвгийн найман бөх үлдэхэд бүгд эдний ангийнхан байсан гэнэ. Тэр жилийн наадмын бэлтгэл ч үр дүнгээ өгч бүгд сум аймгийнхаа наадамд цолоо ахиулцгаасан гэнэ.


Б.Батбаатар багш ангийнхаа хүүхдүүдийн талаар “Манай ангийн хүүхдүүд бөх болно гэдгээ бүгд мэдэрчихсэн. Үүрэг хариуцлагатай болчихсон, бэлтгэл сургуулилт тасална гэсэн зүйл огт байхгүй. Бэлтгэл дээр бие биенийхээ дээр гарах гээд үзэж тарна. Тэр тийм мэх сурчихсан байна лээ. Би сурна. Тэр мэхийг тэгж хамгаална гэнэ. Эхний жилүүдэд бие биенийхээ барилдааны онцлогийг мэдчихэж байгаа юм. Дараа нь тэрийг тийм мэхээр давах боломжтой гээд тус тусдаа мэх боловсруулчихсан байдаг. Тийм ч болохоороо оюутан байхдаа аймгийнхаа наадамд түрүүлчихдэг болсон. Бүгд цолонд хүрцгээсэн” гэж ярьж байна.

“Шонхор” дээд сургуулийнхнаас ангиараа цолд хүрсэн тохиолдол байдаггүй гэнэ. Улсын заан Н.Жаргалбаяр, улсын начин Д.Энхбаяр, Ш.Шинэбаяр гээд гурван улсын цолтой бөх энэ ангиас төрж гарсан.

2011 онд гуравдугаар курсийн оюутнууд монгол бөхийг Гиннесийн номонд бүртгүүлэх 6002 бөхийн барилдаанд ангиараа зодогложээ.

Тэр үед залуу бөх байсан улсын заан Н.Жаргалбаяр ангийн багшдаа хандаж “Би том цолтой бөх болж энэ дэвжээн дээр нэрээ дуурсгана” гэж амлаж байсан нь өнөөдөр биеллээ олоод байгаа юм. Заан Жаргалбаяр ийм л өөртөө итгэлтэй, бэлтгэлээ цалгардуулдаггүй оюутан байсан гэнэ. Ангийнхан нь Жагаа зааныг наадамд түрүүлэх бүрэн бололцоотой гэж үнэлдэг юм билээ.

Мөн улсын начин Шоовдойхүүгийн бага хүү, улсын начин Ш.Тогтохбаярын төрсөн дүү Шинэбаяр гиннесийн номонд бүртгүүлэх ойн барилдаанд сайн барилдаж байжээ.

Гуравдугаар курст ороод л энэ ангийн оюутнууд улс аймгийн цолтнуудыг айлгадаг болж ирсэн гэнэ.

2012 онд Увс аймгийн харьяат аймгийн арслан Л.Цээсүрэн тухайн үед аймгийн начин цолтойдоо Богд ханы хишиг барилдаанд улсын арслан До.Ганхуяг, Ц.Содномдорж, улсын харцага А. Бямбажав, улсын начин Ц.Одбаяр нарын шилдгүүдийг орхиж түрүүлж том шуугиан тарьж байжээ. Ангийнхан нь бөөн баяр болж сургууль дээрээ хүндэтгэлтэйгээр хүлээж авсан байна.


Дорноговь аймгийн арслан М.Бямбадорж, Ховдын Г.Хишигбат, Увсын Л.Цээсүрэн нарын улсын цолны эрэмбэтэй залуус энэ үед бие биенээ хурцалж хамтдаа сайжирч байсан гэнэ. Эдгээр залуусыг улсын том цолд хүрнэ гэж бөхийн хүрээнийхэн үнэлдэг. М.Бямбадоржийн тухайд улсын харцага Б.Бат-Өлзий, О.Хангай нарын мундаг бөхчүүдийг өвдөг шороодуулж цаашид сайн барилдах бололцоотойгоо баталж харуулсан байдаг. Үүнээс гадна Ховд аймгийн харьяат аймгийн арслан Г.Хишигбат энэ ангийн төгсөгчдийн нэг. Ховдын наадамд түрүүлж үзүүрлэж байсан залуу арсланг дараагийн улсын цолтноор нэрлэх хүмүүс олон.

Хөвсгөл аймгийн заан Г.Бат-Эрдэнэ, Баян-Өлгийн аймгийн заан С.Бат-Үүл, Увс аймгийн харцага Б.Мөнх-Эрдэнэ, Өмнөговь аймгийн харцага Б.Амар-Амгалан нарын сайчуул ч энэ ангид дөрвөн жил суралцаж төгсчээ. Мөн сумын цолтнуудын барилдаанд тогтмол шөвгөрч сайн барилддаг байсан Өвөрхангайн аймгийн харцага Б.Мөнх-Өрнөх мөн эдний ангийнх. Оюутан ахуйгаасаа л тодорсон тэрбээр өдгөө аймагтаа ажиллаж амьдарч байгаа гэнэ.

Ангийн багш Б.Батбаатар сургууль дээрээ багийн бооцоот барилдааныг тогтмол зохион байгуулдаг байжээ. Улсын арслан П.Бүрэнтөгс, улсын харцага Б.Бат-Өлзий гээд өнөө цагийн шилдэг бөхчүүд бүгд оролцдог байсан гэнэ.

Барилдаанд зодоглохын хэрээр л ур чадвар өсч байсан талаар ангийн багш нь хэлж байна. Сайн барилдсан оюутнуудыг багш нь хувиасаа урамшуулдаг байжээ. Тус барилдаанд сайн барилдсан оюутнууд Бөхийн өргөөнд дээгүүр үздэг байсан гэнэ.

Батсуурь аваргын аав улсын харцага Г.Намсрайжавын уран, сийрэг барилдаан энэ ангийнхнаас харагддаг билээ. Намсрайжав харцага тэдэнд бөхийн эрдэм зааж байжээ.

Мөн Увс аймгийн арслан Навааны Хүрэлсүх, Дорнод аймгийн арслан Ганбаатарын Эрхэмбаяр, аймгийн заан Б.Батжаргал нар энэ төгсөлтийнх учир хамт бэлтгэл хийдэг байсан гэнэ. Сонирхуулахад, Г.Эрхэмбаяр Б.Батжаргал нар өнгөрсөн зун аймгийнхаа баяр наадамд түрүү үзүүрт шалгарч Эрхэмбаяр давж аймгийн арслан цол хүртсэн юм. Ер нь аймгийн арслан болох эрэмбэтэй залуус энэхүү ангид хэд хэд бий. Ховд аймгийн харьяат аймгийн нэмэх начин О.Очбат гэж залууг бөхийн хүрээнийхэн том цолд хүрнэ гэж үнэлдэг. Тэрбээр аймгийнхаа наадамд гурван удаа шөвгөрч байсан юм. Мөн Ховдын Н.Амарсайхан сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаанд тогтмол амжилттай барилдаж явна. Түүнийг цол ахихыг хүлээж буйгаа Батбаатар багш дуулгаж байна лээ.

Түүнчлэн нэг ангид суралцаж төгссөн 60 орчим залуусын тэн хагас нийслэлд бэлтгэл сургуулилтаа базааж заал танхимын барилдаанд зодоглож байна. Харин үлдсэн нь хөдөө орон нутагт багш дасгалжуулагчаар ажиллаж үндэсний өв соёл, үндэсний бөхийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж явна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *