Categories
мэдээ спорт

Улсын өндөр цолны төлөөх найраагүй наадам болно гэцгээж байна

Улсын баяр наадам хаяанд ирлээ. Наадам сайхан болох нь хүчит бөхчүүдийн өнгөөс шалтгаалдаг хэмээн наадамчин олон ярьдаг. Өнөө жилийн баяр наадмаар ир бяр нь жигдэрчихсэн, энэ цагийн шилдэг аварга, арслан, гарьд, заан, харцага, начингууд болоод аймаг, сумын цолтой, залуу бөхчүүд зүлэг ногоон дэвжээгээ зуларттал, үнэн хүчийг үзэн барилдах гэж байна. Нутаг, нутгийн бөхчүүдээ ард олон уухайлан дэмжиж, захыг нь мушгиж суух цаг ойртсоор. Наадмаар хэн түрүүлэх бол, ямар бөх цолоо ахиулах вэ, хэнийх нь од гийж, улсын том цолонд очих бол. Ингэж бодохоор наадмыг наашин нь татчихмаар санагдаж буй. Өнөө жилийн баяр наадмын хүчит бөхийн барилдааны зүүн талын тэргүүн магнайд Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат дархан аварга Гэлэгжамцын Өсөхбаяр, баруун талын тэргүүн магнайд Архангай аймгийн Хашаат сумын харьяат улсын аварга Чимэдрэгзэнгийн Санжаадамба, зүүн талын дагавар магнайд Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат улсын аварга Гунаажавын Эрхэмбаяр, баруун талын дагавар магнайд Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат улсын аварга Сүхбаатарын Мөнхбат нарын дөрвөн аварга тэргүүлэн зодоглоно. Аваргуудын араас Д.Ганхуяг, Х.Мөнхбаатар, П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, Р.Пүрэвдагва, Э.Оюунболд нарын залуу арслангууд, түүний араас улсын хүчит гарьд Д.Рагчаа, Н.Ганбаатар, Б.Гончигдамба, Ш.Жаргалсайхан нар, удаалж улсын заан Ц.Мягмарсүрэн, Б.Батмөнх, Б.Пүрэвсайхан, Б.Соронзонболд, Ч.Батзориг нар зогсоно. Заануудын араас Ш.Уламбаяр, Д.Батболд, Ц.Содномдорж, Т.Баасанхүү, Б.Бат-Өлзий нарын харцгууд зогсож, харцагуудын ард Э.Энхбат, И.Ёондонсамбуу, Э.Даш, Ч.Ганзориг, Ч.Цогбаяр нарын идэр начингууд хоёр талын 32 засуулаасаа дэвэн дэвсээр гарч, наадамчин олны уухайн түрлэгтэй, нэгийн даваа эхэлнэ. Дээрх улсын цолтонгуудтай нэгийн даваанд цэргүүд, сумын заан, аймгийн цолтонгууд гарж барилдах нь ойлгомжтой.

Image result for содномдоржНаадамчин олон өнөө жил улсын харцага Цэдвийн Содномдоржийг цолоо ахиулж, түрүүлж магадгүй хэмээн итгэл хүлээлгэн, харж сууна. Жил жилийн наадмаас наадмын хооронд болдог заал, танхимийн барилдаанд тогтмол барилдаж, барилдах болгондоо түрүү, үзүүрт үлдэн, шөвгөрдөг өнөө цагийн шилдэг харцагуудын нэг яах аргагүй Ц.Содномдорж. Бөх хүнд байх бүхий л шинж, тэр хүнд бий. Бие, хаа, нуруу, туруу, барилдааны арга техник, уран мэх, мэдрэмж, зориг тэвчээр, ёс жудаг гээд харцагын онцлогийг тоочоод байвал дуусахгүй. Өнөө жилийн баяр наадмаар Со харцага гурвын даваанд улсын харцага, начингуудын нэгтэй нь тулна.

Мөн улсын заан Б.Пүрэвсайханыг цолоо ахиулах болов уу хэмээн баттайяа ярьж байна. Б.Пүрэвсайхан дөрвөн мөчөндөө тэнцүүхэн тэнхээтэй, шуудагны барьцнаас толгой зөрүүлж, түрж хөөн давдаг онцлогтой бөх. Тэрбээр гурвын даваанд аймгийн цолтонгуудаас амлан авч хүчийг үзэх болов уу. Харин тавын даваанд улсын харцага, начингуудтай тунан барилдаж магадгүй юм.

Өнөө жилийн наадмаар Санжаа аваргыг түрүүлнэ хэмээн олон түмний дийлэнх нь тааварлаж байгаа болов уу. Санжаа аваргын барилдаан тавын даваанаас л эхлэх байх. Тавын даваанд дөрөв даваад гараад ирсэн аймгийн цолтонгуудаас амалж, улсын начин хэмээх цолны босго өндөр байдгийг харуулна биз.

Related imageХэрэв Санжаа аварга түрүү, үзүүрт гараад ирвэл түүний өрсөлдөгч нь П.Бүрэнтөгс байх хэмээн бөх сонирхогчид ярьж сууна. Өнөө цагийн шилдэг аварга, арслан нар тунан үлдэж, од хийморь, үнэн хүчээ үзвэл наадам ч сайхан болох нь тодорхой болж таарна. Өмнө энэ хоёр бөх таарч барилдаж байсан нь тийм ч их биш болов уу. Таарлаа гэхэд хэн нь давах нь тун чиг эргэлзээтэй юм. Улмаар наадамчин олон өнөө жил даян аварга төрөх үү шинэ аваргатай болох уу гэдгээ хэлэлцэн суух авай. Энэ жилийн наадамд улсын том цолтой бөхчүүд их тул мөн 512 бөх барилдаж байгаа болохоор гурвын даваанд улсын харцага, начин цолтонгууд ам бөх авахад хэцүү байхаар байна. Үүнээс харахад чансаа өндөр наадам болно гэсэн үг юм. Ийм наадамд начин цолтон ганц, хоёр л төрдөг хэмээн ахмад бөхийн зүтгэлтнүүд ярьдаг. Улсын шинэ цолтон цөөн төрөх нь найраагүй наадам болно гэж ойлгохоор. Тийм болохоор энэ цагийн шилдэг аварга, арслан, заан, харцагууд ёстой л хөлс хүчээ үзэн, улсын өндөр цолны босго ямархан хатуу байдгийг мэдэрч, наадамчин олондоо харуулж, бахдан цэнгүүлэх болой. Өнөө жилийн наадмын гол онцлог нь ерөөсөө л энэ. Идэрхэн үеийн хүчтэнгүүд улсын өндөр цолонд хүрэхийн тулд үнэн хүчийг үзнэ. Тийм нөхцөл бүрдсэн учир улсын өндөр цолны төлөөх найраагүй наадам болно хэмээн бөх сонирхогчид, судлаачид, олон нийт ярьж байна.

Э.МӨНХ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *