Categories
мэдээ спорт

Улсын ой тогтоолтын аваргууд тодорчээ

Монголын Оюун ухааны академиас 5 дахь жилдээ санаачлан зохион байгуулж буй “Ой тогтоолтын улсын аварга-2015” оюуны спортын тэмцээн 2 үе шаттай явагдаж өндөрлөжээ. Тэмцээнд 120 тамирчин найман төрлөөр өрсөлдсөнөөс эцсийн шатанд 50 тамирчин оролцсон байна. Тэмцээний сүүлийн шалгаруулалт өнгөрсөн амралтын өдөр буюу 4 сарын 4-нд Монгол-Япон төв дээр явагджээ.

Энэ удаагийн тэмцээнд оролцсон тамирчдаас бага насны ангилалд улсын 2, дунд насны ангилалд улсын 4, насанд хүрэгчдийн ангилалд улсын 5 дээд амжилт мөн дунд насны ангилалд дэлхийн 3, насанд хүрэгчдийн ангилалд дэлхийн 1 дээд амжилтыг тус тус шинэчлэн тогтоосон байна.
Тэмцээний 10 төрлийн дараах нийлбэр оноогоор их мастер С.Цогбадрах (6538 оноо) нийт тамирчдаа манлайлж, ОУ-ын их мастер Ө.Сэнгэсамдан (6126 оноо), дунд насны ангилалд өрсөлдөж түрүүлсэн Э.Пүрэвжав (6051 оноо) нар удаах байруудыг эзэллээ. Ингээд дэлхийн чансаанд 3000 гаруй тамирчдаас ОУ-ын их мастер Ө.Сэнгэсамдан өнгөрсөн жилийн дэлхийн аваргын тэмцээнд авсан 6598 оноогоор 6-р байрт хэвээрээ бичигдэж, их мастер С.Цогбадрах 18-р байраас 7-р байр руу, 16 настай их мастер Э.Пүрэвжав 29-р байраас 11-р байр руу тус тус урагшиллаа.
Энэ дашрамд сонирхуулахад, тавдугаар сард АНУ-ын Сан Диего, Лос Анжелес, Лас Вегас хотуудад болох ой тогтоолтын шилдэг 24 тамирчны дунд явагдах тэмцээнд манай 5 тамирчин багш, дасгалжуулагч нарын хамт оролцох юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *