Categories
мэдээ нийгэм

Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийг Сүхбаатарын одонгоор шагнав

Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн 90 жилийн ойн баярын хурал өнөөдөр Соёлын төв өргөөнд боллоо. Арга хэмжээнд Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, УИХ-ын даргын ахлах зөвлөх С.Ламбаа, Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн Ерөнхий захирал Б.Бямбадорж тэргүүтэй хүндэт зочид, тус эмнэлгийн өнөөгийн болон үе үеийн удирдлага, эмч, сувилагч, ажилтнууд хүрэлцэн ирсэн байв.

Хурлыг нээж Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн Ерөнхий захирал Б.Бямбадорж үг хэлсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар тус эмнэлгийг Сүхбаатарын одонгоор шагнасныг гардууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт “Тулгар төрийн 2224 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 809 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 104 жил, Ардын хувьсгалын 94 жил, Үндэсний их баяр наадам, Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн 90 жилийн ойг тус тус тохиолдуулан хүн амын эрүүл мэндийг хамгаалах, нөхөн сэргээх, эмнэлгийн үйлчилгээний чанарыг сайжруулах, сургалт-судалгааг хослуулан хөгжүүлэх үйлсэд мэргэжил, ур чадвараа зориулан хөдөлмөрлөсөн тус байгууллагын үе үеийн ажилтан, албан хаагчдын хичээл зүтгэлийг өндрөөр үнэлж, Монгол улсын эрүүл мэндийн ууган байгууллага-Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийг Сүхбаатарын одонгоор шагнасугай” хэмээжээ.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан Сүхбаатарын одонг гардуулж хэлсэн үгэндээ:

“Эрхэм хүндэт эмч, сувилагч, асрагчид аа,

Хүндэт зочид, хатагтай, ноёд оо,

Анагаахын шинжлэх ухааныг хөгжүүлэх үйлсэд хичээнгүйлэн зүтгэж, эрдэнэт хүний эрүүл энхийн манаанд өргөсөн тангаргаа нэр төртэй биелүүлэн ажиллаж буй үе үеийн эмч, сувилагч, асрагч, ажилтнууд Та бүхний амар мэндийг айлтган, баярын мэндчилгээ дэвшүүлье.

Эртний түүхтэй монголчууд ХХ зууны эхээр үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулж, улмаар дэлхий нийтийн хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн алхах, шинжлэх ухааны ололт амжилтыг нутагшуулах их үйлсийг эхлүүлсэн түүхтэй билээ. Бид “эрүүл биед саруул ухаан оршино” гэж хэлдэгчлэн нүүдлийн соёлын онцлогт тохирсон амьдралын хэв маяг, эмчилгээний уламжлалт арга барилтай байж ирсэн. Гэвч нийгэм, цаг үеийн өөрчлөлт, шинэчлэлтээр уламжлалт эмчилгээг шинжлэх ухааны орчин үеийн нээлт, ололттой хослуулан өөрчлөн хөгжүүлэх ажил эхэлж, Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийг 1925 онд байгуулсан байна.

“Ардын эмнэлэг”-ийнхэн байгуулагдсан цагаасаа хүн амын эрүүлийг хамгаалах үйлсийг оройлон, бэрхшээл, сорилт бүрийг даван туулж, хөгжиж ирсэн бахархам түүхтэй гайхамшигтай хамт олон. Та бүхэнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу олгож буй Сүхбаатарын одонг гардуулж буйдаа маш их баяртай байна.

Тус эмнэлгийнхэн хүн амын эрүүлийг хамгаалах үндсэн үүргээ биелүүлэхийн сацуу гадаадын мэргэжилтүүдийг урьж ажиллуулан, арга туршлагаас нь мэдэж, улмаар эмчилгээ, үйлчилгээгээ өргөжүүлэн, шинэ тасгуудыг нэмэн байгуулсаар иржээ. Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг хөгжлийн түүхэн замдаа Сувилагчийн курс, Анагаах Ухааны Дунд сургууль, Сэтгэц мэдрэлийн эмнэлэг, Түргэн тусламжийн станц, Арьс өнгөний больниц, Цус сэлбэх станц, Хүүхдийн поликлиник зэрэг олон эмнэлэг, сургалтын байгууллагыг үүсгэн, анагаах ухааны салбарыг нарийвчлан хөгжүүлэх, эрүүл мэндийн үйлчилгээг төрөлжүүлэх, шуурхай чанартай болгоход анхаарч ирснийг тэмдэглэхэд таатай байна.

Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг мэргэжилтнүүдийг бэлтгэхэд сургалт, эрдэм шинжилгээний түшиц газар болж, анагаахын бүхий л чиглэлээр орчин үеийн оношилгоо, эмчилгээний ололт нээлт, амжилтыг түүчээлсээр ирсэн билээ. Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг бол монгол өрх бүрт хүрч үйлчилдэг их айл юм. Ялангуяа, хөдөө орон нутгийн иргэд аврал, ачлал, итгэл, горьдлого тээсээр ирдэг гол газар нь Нэгдүгээр эмнэлэг. Итгэл бол хариуцлага гэдгийг ямагт санаж, монгол хүн гадаад улс руу явж эмчлүүлдэггүй болтол үйлчилгээгээ сайжруулах хэрэгтэй болж байгааг саяхан тус эмнэлгийн Ерөнхий захирал Б.Бямбадорж тодорхой хэлсэн. Зөвхөн Монголынхоо хэмжээнд бодох бус дэлхийн түвшинд сэтгэж, амжилт бүтээлээ ахиулж, урагшлуулах цаг ирж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч тус эмнэлгийн үе үеийн алтан гартай эмч, сувилагч, ажилтнуудын байгуулсан гавьяа зүтгэл, олсон амжилт бүтээлийг өндрөөр үнэлж, дэлхийд өрсөлдөх чадвартай хамт олон болж, их үйлсийг хийж бүтээхийг хүсэн ерөөсөн, итгэл дайсан төрийн дээд шагнал Сүхбаатарын одонгоор шагнах зарлиг гаргасныг ийнхүү гардуулсандаа баяртай байгаагаа дахин илэрхийлье. Та бүхэнд эрүүл энх, ажлын амжилт, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Монгол хүн бүрийн бие эрүүл, ухаан саруул байх болтугай” хэмээв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *