Categories
мэдээ спорт цаг-үе

Улсын начин цолны хүндэтгэлийн барилдаан болж байна

Улсын начин цолны хүндэтгэлийн барилдаан Монгол бөхийн өргөөнд эхэллээ. Цар тахлын улмаас гурван удаа өнжөөд байсан начин цолны хүндэтгэлийн барилдаанд улсын аварга П.Бүрэнтөгс, О.Хангай, улсын арслан Э.Оюунболд, Р.Пүрэвдагва тэргүүтэй улс, аймгийн цолтой 256 зодоглож байна.

Энэхүү барилдаан нь шинэчилсэн дүрмээр зохион байгуулж буй анхны барилдаан юм. Тодруулбал, Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчид болон барилдааны дүрмийн зөвлөлийн гишүүд хуралдаж барилдааны дүрэмд өөрчлөлт оруулсан юм. Монголын үндэсний бөхийн барилдааны дүрмийн 4.5 дахь заалтад “1-4-ийн давааны үндсэн хугацаа 15 минут, үндсэн хугацаа дуусахад дан, давхар шуудагны барьцнаас барилдуулах хугацаа 30 минут, санаачилга харах хугацаа 10 минут, нийт 55 минут байна. Таваас дээш давааны үндсэн хугацаа 20 минут, үндсэн хугацаа дуусахад дан, давхар шуудагны барьцнаас барилдуулах хугацаа 40 минут, санаачилга харах хугацаа 10 минут, нийт 70 минут байна. Барилдааны хугацааг дээрх байдлаар тогтоосноор аль ч даваанд санаачилгагүй барилдсан хоёр бөхийн барилдааны нийт хугацаа дуусахад хөлийн цэцүүд хэлэлцээд, санаачилга харах 10 минутад идэвх санаачилга, барьц барих, хорьж барих, илт хамгаалах гэх мэт хөдөлгөөний үйлдлийг харгалзан үзээд идэвх санаачилгагүй бөхийг хасаж, нөгөө бөхийг давуулах” гэсэн байдаг. Үүнийг “Аливаа барилдааны даваа бүрийн барьцгүй барилдах хугацаа 25 минут, барьцгүй барилдах хугацаа дуусахад дан, давхар шуудагны барьцнаас барилдуулах хугацаа 25 минут, нийт 50 минут байна. Аль ч даваанд барилдсан хоёр бөхийн барилдааны нийт хугацаа дуусахад хөлийн цэцүүд хэлэлцээд, тухайн барилдааны туршид идэвх санаачилга, барьц барих, хорьж барих, илт хамгаалах гэх мэт хөдөлгөөний үйлдлийг харгалзан үзээд идэвх санаачилгагүй бөхийг хасаж, нөгөө бөхийг давуулах” болгож өөрчилжээ. Өөрөөр хэлбэл, барилдааны нийт 70 минутыг 50 минут болгон багасгажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *