Categories
мэдээ үндэсний-бөx

​Улсын начин Д.Амаржаргал: Аав ээж, ах нарынхаа үг захиасыг хазайлгачихгүй юмсан гэж хичээдэг DNN.mn

“Алтан цомын барилдаан” анх удаа зохиогдож байгаа юм. Энэхүү барилдаанд Булган аймгийн баг ганц унаагүй тэргүүн байрын төлөө барилдаж байгаа бөгөөд үзэгчид тэднийг “Булганы бузгай зургаан начин” хэмээн нэрийдээд байгаа билээ. Тэгвэл энэ удаа “ Бузгай зургаан начны” нэг Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Сод Монгол” групп, Булганхангай дэвжээний бөх, улсын начин Д.Амаржаргалтай ярилцлаа.


Юуны түрүүнд “Алтан цом”-ын барилдаанд амжилттай сайхан барилдаж байгаа танай багт баяр хүргэе. Энэ барилдааны талаар ярилцлагаа эхэлье?

-Баярлалаа. “Алтан цом”-ын барилдаан урьд өмнө нь зохиогдож байсан барилдаануудаас онцлог сайхан барилдаан болж байна. Учир нь өндөр шагналын сантай үүнээс гадна аймаг аймгаас баг болон барилдаж байна. Ойрын хэдэн жил бөхчүүд аймгаа төлөөлж баг болж барилдаагүй. Энэхүү “Алтан цомын барилдаан” маань өнгөрсөн оны намраас эхлэн 21 аймаг, есөн дүүргээс зургаан хүний бүрэлдэхүүнтэй баг сугалаагаар хоорондоо барилдаж эхэлсэн. Манайх эхний тойрогтоо Хөвсгөл аймгийн чанга багтай сугалаа таарч барилдан ялсан.

-Танай аймгийн зургаан начин уран сайхан барилдаанаараа бусад аймгуудаа ялж хошуучилж байна. Үзэгчид “Булганы бузгай зургаан начин” хэмээн нэрлээд амжсан байна. Багийнхаа талаар яривал?

-Манай аймаг арваад улсын начнууд байна. Анх “Алтан цом” эхэлж байхад манай багт талийгаач улсын начин Б.Бат-Эрдэнэ маань байсан. Манай нутгийн бөхчүүд бид зургааг ярилцаж байгаад нэг баг болгохоор шийдсэн. Багийн барилдаан гэдэг бол тухайн хүнийг маш хариуцлагатай байхыг шаарддаг. Багийнхаа амжилтыг хойш нь татахгүй байх, бэлтгэл сургуулилтаа сайн хийх зэрэг хувь хүнээс шалтгаалах олон зүйлс бий. Нутгийнхнаас залуу таван сайхан начинтай нэг баг болон барилдаж байгаадаа баяртай байна.

-Алтан цомын эзэн Архангай аймаг аль эсвэл Булган аймаг болно гэсэн таамаг яригдаж байна. Та өрсөлдөгч аймгаа дүгнэж хэлбэл?

-Архангай аймаг бол олон сайхан том цолтон төрөн гарсан. Яах аргагүй бөхийн өлгий нутаг. Тийм учраас хүнд өрсөлдөгч баг. Тэгэхдээ бөх хүн бол дэвжээн дээр ялагдана гэж гардаггүй. Өрсөлдөгч багтайгаа харгүй сайхан барилдана даа л гэж бодож байна даа.

-Өнгөрсөн жил уламжлалт болон зохион байгуулагддаг “Наурыз”-ын баярт зориулсан барилдаанд улсын арслан Ц.Содномдорж арслангаар давж их шөвөгт шалгарч байсан. Арслангаас тахим авч байгаа давсан бөхөө хүндэтгэж байгаа байдал тань үзэгчдийн сонирхлыг их татсан. Энэ талаар яривал?

– Энэ барилдааны тухайд арслантай өмнө нь би хоёр удаа таарч барилдаад хоёуланд нь өвдөг шороодож байлаа. Арсланг харцага цолтой байхад нь таарч барилдаад унаж байсан түүний дараа нь улсын наадамд начин болдог жилээ Ц.Содномдорж арслантай зургаагийн даваанд таарч барилдаад унасан. Харин өнгөрсөн жилийн тухайн өдрийн барилдаад ахин таарч барилдаад давсан Тахим авч өгөхөд бөх хүн унасан ч давсан ч хүндэтгэлтэй хандах ёстой гэж боддог. Миний бодож явдаг зүйл бол авсан цолондоо дүүрэн сайхан барилдаж, амжилтаа ахиулж цолоо нэмж олны хүндэтгэлийг дааж явахыг хүсдэг. Аав ээж, ах нарынхаа үг захиасыг хазайлгачихгүй юмсан гэж хичээж явдаг даа.

Таны бага насны тухай яриагаа үргэлжлүүлье. Та аав ээжийнхээ аль нэг талаас бөхийн удамтай юу?

– Би ээжийнхээ талаас бөхийн удамтай. Манай ээж улсын гарьд И.Доржсамбуу, улсын өсөх идэр начин И.Ёндонсамбуу нарын төрсөн эгч нь. Харин манай аав залуудаа цэрэгт явахаасаа өмнө барилддаг байсан гэнэ лээ. Цэрэгт явж ирээд барилдаагүй гэж ярьдаг.Би багадаа эмээ дээрээ өссөн манай эмээ их том биетэй хүн байсан.Бөх ээж талаасаа илүү удамшдаг гэж ярьдаг шүү дээ. Эмээ дээрээ өссөн болохоор хоёр ахынхаа барилдахыг нь харж өссөн.

-Хоёр ахынхаа барилдахыг хараад л бөхөд илүү дурлажээ дээ. Үндэсний бөхийн юу нь тэгтлээ таны сэтгэлийг татсан юм бэ?

– Тэгэлгүй яахав барилдаж эхлэхэд хоёр ахын нөлөө маш их байсан.Одоо ч хоёр ахынхаа заавар зөвлөгөөгөөр бэлтгэлээ сургуулилтаа хийгээд явж байна. Бага байхдаа тийм их барилдах их дур муутай хүүхэд байдаггүй байлаа. Тэгтлээ сонирхдоггүй байв. Том болоод малчин болно гэж боддог байсан. Харин ахлах ангид ороод аймгийн аваргын тэмцээн зэрэг ганц нэг тэмцээнд оролцдог болсноор бөхөд илүү дурлах болсон. Үүнээс хойш яг тууштай 2006 оноос бэлтгэлээ хийж эхэлсэн. Үүнийхээ дараа жил нь сумандаа тун санамсаргүй байдлаар түрүүлж сумын заан цолыг хүртэж байлаа.

-Тун санамсаргүй байдлаар түрүүлсэн сумын наадмаа эргээд нэг дурсвал?

– Миний бодлоор хамгийн сайхан наадам бол сумын наадам гэж боддог л доо. Тухайн наадмын тухайд тэр жил манай сумын талийгаач улсын начин Б.Бат-Эрдэнэ, одоогийн аймгийн арслан А.Отгонбаатар хоёр сумынхаа наадамд барилдахаа явсан юм.Тэр үед хоёулаа аймгийн цолтой залуучууд. Тэгтэл замдаа машин нь эвдрээд манай аавын машиныг гуйсан юм. Аавыгаа дагаад би ч явлаа.Тэгээд л очоод барилдчихсан хэрэг. Хоёр ахынхаа зодог шуудгийг өмсөөд л барилдсан. Барилдсаар байгаад үзүүр түрүүнд үлдлээ. Хамгийн сонирхолтой нь хамт очсон Б.Бат-Эрдэнэтэй таарч барилдаад түрүүлсэн. Үүнээсээ их урам авч хэдхэн хоногийн дараа болсон Эрдэнэт хотын наадамд очиж барилдаад үзүүр түрүүнд үлдэж аймгийн заан цолыг авч байлаа. Нэг жил хоёр цол хүртсэндээ маш их урам авч бөхийн замыг нэг мөсөн сонгосон доо.

-Аймгийн цол хүртчихээр залуу бөхийн хувьд сэтгэл зүй ч өөр болоод ирэх байх. Аймгийн заан цолтойгоо ямар том барилдаануудад зодоглож байв?

– Би аймгийн заан цолтой 1024 бөхийн барилдаанд барилдаж байсан.Тэр барилдаанд хоёр давж гурвын даваанд Бүрнээгийн Баянмөнхтэй нугалаагаар таарч барилдаад их удаан барилдаад унаж байлаа. Оюутан байхдаа И.Доржсамбуу гарьд ахыгаа дагаад цүнхийн бариад л өргөөнд их очно. Ах үзүүр түрүү,их дунд шөвөгт голдуу шалгарна Харин өөрөө өргөөнд анх барилдахдаа их сүрдэж байлаа. Учир нь зурагтаар үздэг байсан бөхчүүдтэйгээ хамт зогсож байгаа учраас тэр л дээ. Өргөөнд анх барилдаж байхдаа өөрөөсөө том цолтой улсын начин У.Балжиннямыг давчхаад их урам авч байлаа. Үүнийгээ дагаад залуу бөх даваад ирвэл сэтгэл сууна. Өөртөө итгэх итгэл орно. Харин 2011 онд аймгийнхаа наадамд барилдаж үзүүр түрүүнд үлдэж одоогийн улсын начин Д.Амарсайхантай таарч барилдаад би заанаа баталсан юм. Манай Д.Амарсайхан маш мэдрэмжтэй барилдаантай бөх, мөн маш их хөдөлмөрч хүн. Бид хоёр олон ч таарч барилдсан би цөөхөн давсан байх. Үүнийхээ дараа жил нь аймагтаа ахин түрүүлж аймгийн арслан болж байлаа.

Аймгийн арслан цолыг хүртсэний дараа хэдий хугацааны дараа улсын цолтоны босгыг алхав?

– Аймгийн арслан цол хүртсэнээс хойш зургаан жил улсын наадамд зодоглож байж улсын цолтны эгнээнд багтсан.Миний амьдралын хамгийн сайхан дурсамжийн маань нэг. Гончигдамба гарьдаар дав тав давж улсын начны болзол хангасан тэр мөч юутай ч зүйрлэшгүй гоё мэдрэмж байсан л даа. Бөхөөр хичээллэснийхээ арван нэгэн жилийн хөдөлмөрийг үнэлүүлсэн учраас тэр.Дараагийн даваанд гарахдаа би арай тайвширчихсан байсан .Улсын цолтны эгнээнд багтчихлаа гэсэн тайвшрал надад жаахан ирчихсэн байсан.

-Харцагын даваанд хамаагүй тайван барилдаж байв уу?

– Би ер нь дэвжээн дээр барилдахдаа их нервтдэггүй. Бөх хүн ер нь барилдахдаа өөртөө итгэлтэй зоригтой сайхан барилдах хэрэгтэй. Их нерв өөрийгөө зовооно шүү дээ. Би начны дараагийн даваанд улсын арслан Ц.Содномдоржтой барилдсан. Арсланг би мордож яваад хөмрүүлээд унасан. Хийх юмаа хийгээд унасан болохоор тэр барилдаад унасан болохоор би огт харамсдаггүй. Түүнээс юу ч хийгээгүй гуд татуулаад унасан бол хүн харамсах байх л даа. Аливаа зүйл цаг хугацаатай зүй шүү дээ. Цаг нь арай болоогүй байсан юм байлгүй. Надад хамгийн сайхан санагддаг цол улсын заан. Учир нь намайг багад аавын маань хамаатан хөгшин “Заан гуай,заан гуай гэж дууддаг.Миний хүү заан болох ёстой гэдэг байсан”: Тэр ахынхаа хүслийг гүйцээж улсын заан цол хүртэх юмсан гэж боддог.

-Улсын цол хүртчихээр тухайн бөхөд олон түмний өмнө биеэ зөв авч явахаас авхуулаад их хариуцлага ирдэг. Ийм хариуцлагыг үүрэх хэцүү юу?

– Монголчууд эртнээс л бөхдөө хайртай ард түмэн. Тийм учраас хүмүүсийн хайр хүндэтгэл ирэлгүй яахав. Үүнийг зөв сайхан дааж явах учиртай. Миний хувьд улсын цол авлаа гээд зан ааш өөрчлөгдсөн юм байдаггүй. Хүүхэд байхаасаа л хоёр ахын үгийг сонсож өдий хүрсэн. Ямар ч төрлийн спорт хүнийг маш сайн хүмүүжүүлж байдаг л даа. Ах захаа мэднэ, мэндэлж хүндлэхээс авхуулаад хүнээс хатуу үг дааж сурна. Дэвжээн дээр унасан бол тахимаа зөв сайхан өгч сурахаас авхуулаад л олон хүмүүжлийг л олгож байдаг. Ганцхан би дэвжээн дээр гараад барилдаж байгаа хэрэг биш надтай аав ээж ах дүү гэр бүл минь хамт л барилдаж байдаг. Намайг унахад хамт унаж давахад хамт давж байдаг. Тэр тусмаа эмэгтэй төрсөн дүү надаас илүү барилдаанд маань санаа зовж унахад минь надаас илүүих нервэтэнэ. Нэг ёсондоо миний сэтгэл зүй ч л дээ. Энэ бүх хүмүүсийн итгэлийг алдахгүй юмсан аав ээжийнхээ нэрийг нь хугалахгүй юмсан гэж бодож явдаг.

-Та сайн барилдахаас гадна их сайхан дуулдаг. Таны удамд дуучин хүн бий юу?

-Манай удамд дуучин хүн байхгүй.Харин эмээ , ээж минь хоёр ах маань их сайхан дуулдаг. .

Та өнөөгийн бөхийн хөгжилийн талаар санал бодлоо хэлвэл. Мөн “тэгш барьцны” талаар ямар бодолтой байна вэ?

-Одоогийн бөхийн холбоо маш сайн ажиллаж байна.Олон зүйл дээр санал нийлж байгаа. Саяхан шинэчлэгдсэн “тэгш барьц”-ны тухайд идэвхтэй барилдсан бөх нь сугадаа барьцаа авдаг болбол барилдаан арай хурдан шийдэгдэх юм болов уу гэж бодож байна.Харин ганц нэг хэлчихмээр зүйл байдаг. Зодог шуудагны стандарт дээр бүгдийг нь ижил болгох, уутан зодог гэдгийг нь хасаад анх ямар зодог шуудаг өмсдөг байсан түүгээрээ хийвэл зүгээр болов уу. Илүү танаастай энэ тэр байдаг юм шиг байна лээ. Том бага цолтой гэлтгүй бүгдээрээ ижил зодог шуудаг өмсөх нь зөв. Мөн аймгийн наадмуудыг нээлттэй хийж байгаасай. Амжилтын төлөө яваа залуус хаана ч очоод барилдах эрхтэй байх хэрэгтэй.Манайх танайх гэлгүй барилдуулчихдаг байгаасай . Мөн бөхчүүд хоорондоо эв эеийг эрхэмлэж яваасай гэж боддог.


А.Доржханд

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *