Categories
мэдээ нийгэм

Улсын хэмжээнд 92 сургууль, цэцэрлэгийн барилга баригдаж байгаагаас 20 нь есдүгээр сарын 1-нд ашиглалтад орно

Хичээлийн шинэ жил хаяанд ирлээ. Хүүхэд багачууд, оюутан залуус, эцэг эхчүүд есөн сарын 1-дээ бэлтгээд эхэлчихжээ. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн бэлтгэл ажил ямар түвшинд байгаа болон сурах бичиг, хичээлийн хэрэгслийн үнэ ханшийн талаар сурвалжиллаа.

ЦЭЦЭРЛЭГИЙН ЦАХИМ БҮРТГЭЛ ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ДУУСНА

Төрийн өмчийн цэцэрлэгт цахим бүртгэлд бүртгүүлж шинээр 18,849 хүүхэд элсэх боломжтой бөгөөд шинээр хоёр настай 11,913 хүүхэд элсүүлэх юм. “Цахим бүртгэл” 2019 оны долдугаар сарын 22-ны өдрөөс наймдугаар сарын 22-ны өдрийг дуустал 30 хоног үргэлжилнэ. “Цахим элсэлт”-ийн үйл ажиллагаа 2019 оны наймдугаар сарын 23-ны өдрийн баасан гаригийн 09:00 цагт нийслэлийн хэмжээнд нэгэн зэрэг явагдана.

Шинээр элсэх хүүхдийн бүртгэлийн тоо нь хяналтын тооноос хэтэрсэн тохиолдолд тухайн цэцэрлэгийн элсэлтийн комисс систем дээр санамсаргүй түүврийн аргаар “Цахим элсэлт”-ийн үйл ажиллагааг иргэд, эцэг эхчүүдэд нээлттэйгээр зохион байгуулна. Өмнөх хичээлийн жилд төрийн өмчийн цэцэрлэгт хамрагдаж байсан хүүхдийн бүртгэлийг хийхдээ 2019 оны наймдугаар сарын 26-30-ны өдрүүдэд харьяа цэцэрлэг дээр очиж гэрээгээ сунгуулах юм байна.

Цахим системд бүртгүүлэх боломжгүй иргэд зөвхөн ажлын өдрүүдэд тухайн дүүргийн тойргийн цэцэрлэгт өөрийн биеэр очиж бүртгүүлэх боломжтой. “Цахим элсэлт”-ийн дүнгийн мэдээллийг эцэг эх, асран хамгаалагчдын системд бүртгүүлсэн гар утсанд мессэжээр илгээнэ. Мөн tsetserleg.ulaanbaatar.mn системийн “Шалгах”цэс рүү орж хүүхдийнхээ бүртгэлийн дугаарыг оруулж, цэцэрлэгтээ элссэн эсэхийг шалгах боломжтой.

Тусгай, сувиллын, 24 цагийн цэцэрлэгт элсэж байгаа болон зорилтот бүлгийн хүүхдийн бүртгэлийг цахимаар зохион байгуулахгүй аж. Эцэг эх, асран хамгаалагчид холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн цэцэрлэг дээр өөрийн биеэр очиж бүртгүүлнэ. Бүртгүүлэх цахим хаяг: tsetserleg.ulaan­baatar.mn, www.edub.edu.mn. Цэцэрлэгийн хүүхдийн хичээлийн хэрэгсэл, ариун цэврийн хэрэглэл нь багцаар худалдаалагддаг. Харин энэ жилийн цэцэрлэгийн хүүхдийн багц хараахан худалдаанд гараагүй байна.

НЭГДҮГЭЭР АНГИЙН СУРАГЧДЫН ДАХИН БҮРТГЭЛ ЭНЭ САРЫН 21-30-НЫ ӨДРҮҮДЭД ЯВАГДАНА

2019-2020 оны хичээлийн жилд нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэн суралцах сурагчдыг тавдугаар сарын 13-наас 27-ны өдрүүдэд бүртгэсэн. Дахин бүртгэл энэ сарын 21-30-ны хооронд явагдана гэдгийг Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга мэдээллээ.

Статистик үзүүлэлтээр

• Баянгол дүүрэг 5577,

• Баянзүрх дүүрэг 6838,

• Багануур дүүрэг 465,

• Багахангай дүүрэг 110,

• Сүхбаатар дүүрэг 3396,

• Сонгинохайрхан дүүрэг 5616,

• Хан-Уул дүүрэг 3883,

• Чингэлтэй дүүрэгт 2408,

• Налайх дүүрэгт 676 хүүхэд бүртгүүлжээ.

Харин нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэх, үргэлжлүүлэн суралцах хүүхдийн бүртгэлийг долдугаар сарын 22-ны өдрөөс эхлэн наймдугаар сарын 22-ны өдрийг дуустал цахим хэлбэрээр зохион байгуулж байна. Цахим бүртгэлд энэ сарын 15-ны өдрийн байдлаар 28181 хүүхэд бүртгүүлсэн байна.

2019-2020 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД ГУРВАН ЭЭЛЖЭЭР ХИЧЭЭЛЛЭЖ БОЛЗОШГҮЙ 18 СУРГУУЛЬ БАЙНА

Энэ хичээлийн жилд 23 сурах бичиг шинээр хэвлэгдэх аж. Эдгээр сурах бичгүүдийг есдүгээр сарын 15-нд сурагчдын гарт хүргэхээр ажиллаж байна. Дүрэмт хувцасны дундаж үнийн хувьд бага анги 60-70 мянга, дунд анги 90-100 мянга, ахлах ангийн сурагчдынх 120-130 мянган төгрөг байна. Дүнжингарав худалдааны төвд үзэг бал 600-3000 төгрөг, цүнх бага дунд анги 20000-60000 төгрөг, ахлах анги 60000-90000 төгрөгийн хооронд худалдаалагдаж байна. Дэвтэр 12 хуудастайгаас 96 хуудас хүртэл 250-1550 төгрөгөөр худалдаалж байгаа юм.

Сургалтын хөтөлбөр төлөвлөгөөний бүтэц батлагдаж бүх сургуулиудад тараагдсан бөгөөд шинэ хөтөлбөр төлөвлөгөөний дагуу 44,000 мянган багшид энэ сарын 27-30 -ны хооронд сургалт явуулах аж. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2018-2019 онд он дамжин 92 сургууль, цэцэрлэгийн барилга баригдаж байна. Түүнээс 13 цэцэрлэг, долоон сургуулийн барилга есдүгээр сарын 1-нд ашиглалтад орно. Улс, нийслэл, дүүрэг, орон нутгийн хөгжлийн сан, гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр 2019 онд нийслэлийн нийт 83 сургууль, цэцэрлэгт 5.3 тэрбум төгрөгийн их засварын ажил хийгдэх төлөвлөгөө батлагдан хэрэгжиж байгаа талаар нийслэлийн боловсролын газраас мэдээллээ.

Тээврийн цагдаагийн албаны ЗЦГ-ын замын хөдөлгөөн зохицуулах хэлтсийн дарга Б.Батболд “Нийслэлийн Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн орчимд шаардлагатай тэмдэг тэмдэглэгээний судалгааг гаргаж холбогдох албаныханд өгсөн. Замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг учраас зарим хөдөлгөөнийг нэг чигийн урсгалтай болгосон. Цаашид замын хөдөлгөөн ихтэй байршлуудад судалгаа хийж байна ” гэлээ.


ӨНӨӨДРӨӨС НИЙТИЙН ТЭЭВРИЙН ТООГ НЭМЭГДҮҮЛНЭ

Нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газрын орлогч дарга Х.Булгаа “Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан есдүгээр сарын 1-нээс өмнө хүүхдийн автобусны үзлэг оношлогоог хийж байна. Өнөөдрөөс нийтийн тээврийн тоог нэмэгдүүлэх ажлыг хийхээр судалж байна” гэв.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Эрдэнэцэцэг “Шинэ хичээлийн жил эхлэхтэй холбогдуулж 33 байршилд сурагчийн дүрэмт хувцас, үзэсгэлэн худалдаа, бичиг хэргийн өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна” гэж мэдээлэв.

ҮДИЙН ЦАЙ ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТЭД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙНЭ

НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын ахлах мэргэжилтэн Т.Улзмаа “Боловсролын хяналтын чиглэлээр хоёр үе шаттай хяналт шалгалтыг гүйцэтгэнэ. Энэ сарын 16-наас ирэх сарын 03-ны өдрүүдэд боловсролын байгууллагын барилга байгууламжийн засвар үйлчилгээ, гадна талбайг тохижуулсан байдал, багшийн хүрэлцээ хангамж, хамран сургах хүүхдийн тоо хамрагдалтын хувь, анги дүүргэлтийн урьдчилсан төлөв байдал, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн суралцах нөхцөл боломж бүрдсэн эсэх шалгалтыг эхний ээлжинд хийнэ. Дараагийн шалгалт нь энэ сарын 26-наас ирэх сарын 16-ны өдрүүдэд сургууль цэцэрлэгийн хүүхдүүдийн хоол хүнсний хангамж, нийлүүлэлт болон Үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн байдалд хяналт шалгалт хийнэ” гэлээ. Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа “Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт сургууль, цэцэрлэгийн барилга шинээр барих, өргөтгөх ажлын гүйцэтгэлд тогтмол хяналт тавьж хугацаанд нь бүрэн дуусгах, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш ажилтнуудыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд бүрэн хамруулахыг нийслэлийн Эрүүл мэндийн газар болон дүүргийн Засаг дарга нарт үүрэг болголоо. Мөн сургууль, цэцэрлэгүүдийн орчны аюулгүй байдал хангагдсан эсэхэд хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын албаныханд үүрэг болгож, дараагийн хуралдаанд дүүргүүдийн Засаг дарга нарыг хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын явцын талаар мэдээлэл хийхийг үүрэг болголоо” гэв.

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН СУРАХ БИЧГИЙГ ТҮРЭЭСЭЭР ХЭРЭГЛЭХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

Сурах бичиг хүрэлцдэггүйн улмаас өндөр үнээр ном худалдан авах шаардлага тулгардаг. Харин энэ жил бага ангийн сурагчдыг сурах бичгээр үнэ төлбөргүй хангана. Харин VI-XII ангийн сурагчид сурах бичгээ худалдаж авахгүй түрээсээр ашиглах боломжтой боллоо. БСШУСЯ-наас VI-XII ангийн сурагчдын сурах бичгийг сургуулийн номын сангаар нь дамжуулан түрээсээр олгох аж. Өнгөрсөн жилүүдэд бага ангийн сурах бичгийг үнэгүй тарааж, VI-XII ангийн сурах бичгийн 40 хувийг төрөөс, 60 хувийг өөрсдөө худалдан авдаг байсан. Ийнхүү сурах бичгийг худалдахгүй түрээслэх болж буй нь зохиомол хомсдол үүсгэхээс сэргийлж байгаа хэрэг юм. Сурах бичиг 1,200-5,000 төгрөгийн үнэтэй зарагддаг ч зарим хэвлэлийн компани, дамлан худалдаалагчид замаас нь их хэмжээгээр хомсдол үүсгэн, үнийг 2-3 дахин нэмж худалддаг. Түрээсийн сурах бичгийн үйлчилгээ нь цаашид сурах бичиг худалдаалахыг зогсоож байна. Ирэх сарын эхний хагас гэхэд бүх сургуульд сурагчдын тоогоор сурах бичиг тараагдана. Жилийн эцэст сурагчдаас сурах бичиг ашигласны мөнгийг авах юм. Энэ нь сурах бичгийн үнийн 20-40 хувиас хэтрэхгүй байхаар төлөвлөжээ. Энэ мөнгө нь дараа жилийн сурах бичгийн дахин хэвлэлт болон нөхөн олголтод зарцуулагдах юм. Харин энэ хичээлийн жилд шинээр хэвлэх шаардлагатай бүх сурах бичгийг хэвлэн нийлүүлэх ажил 80 хувийн гүйцэтгэлтэй явж байгаа аж. Энэ жил Ерөнхий боловсролын сургуулийн 95 төрлийн 2.5 сая сурах бичиг, 65 төрлийн 100 гаруй багшийн ном шинээр хэвлэгдэж байна.

Ц.ЧИМЭДЦЭЕЭ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *