Categories
мэдээ цаг-үе

Улсын харцага Б.Бат-Өлзий: Бөхийн дэвжээнд зохисгүй үйлдэл гаргасан нь миний буруу

Өнгөрөгч ням гаригт болсон улсын арслан цолтнуудад хүндэтгэл үзүүлэх барилдааны дөрвийн даваанд Ховд аймгийн Зэрэг сумын харьяат улсын харцага Б.Бат-Өлзий, Булган аймгийн арслан Э.Сумъяабаттай таарсан. Тус барилдаанд аймгийн арслан Э.Сумъяабат давж дэвээд ирэхэд нь харцага Б.Бат-Өлзийгийн өшиглөсөн үйлдэл нь олны дургүйцлийг хүргэсэн юм. Барилдааны дараа МҮБХ-ны Цэцдийн зөвлөлөөс Б.Бат-Өлзий харцагын гурав давсан байг нь хураах шийдвэр гаргасан. Бөхийн хүрээнийхэн харцагын байг нь хураасан нь хангалтгүй, барилдах эрхийг нь гурван сараар хасах хэрэгтэй гэж үзэж байв. Хэрвээ харцагын барилдах эрхийг гурван сараар хасвал удахгүй болох үндэсний их баяр наадамд барилдах боломжгүй болох юм. Энэхүү зохисгүй үйлдэлдээ Б.Бат-Өлзий харцага бөх сонирхогч олноосоо уучлал хүссэн. Бид харцагатай цөөн хором хөөрөлдлөө.


-Арслан цолтны хүндэтгэлийн барилдааны үеэр аймгийн арслан Э.Сумъяабат нарын барилдаан хэл ам их дагууллаа. Тухайн үед ямар шалтгаанаар өрсөлдөгчөө өшиглөсөн юм бэ?

-Арслан цолны хүндэтгэлийн барилдаан өргөн дэлгэр болж өндөрлөлөө. Үзэгчид Бөхийн өргөө дүүрэн цугласан нь сайхан санагдсан шүү. Өмнөх барилдаануудад нь амжилттай барилдчихсан учраас аварга арслангууд цугласан наадамд сайхан барилдчихъя гэж бодож зодоглосон юм. Барилдааны дөрвийн даваанд нэг үеийн хүчтэн аймгийн арслан Э.Сумъяабаттай оноолт таарсан. Барилдааны явцад би давуулж гуядуулаад тохойлдчихсон юм. Өрсөлдөгч маань тохойлдчихсон байхад дугтарч гуд татсан. Тухайн үйлдэлд л бухимдаж зохисгүй үйлдэл гаргасан. Үүнд бөх сонирхогч олноосоо албан ёсоор уучлал хүсч байна.

-Таны барилдах эрхийг хэдэн сараар хасах хэрэгтэй гэсэн байр суурьтай бөхийн хүрээнийхэн олон байна лээ. Энэ талаар та ямар бодолтой байна?

-Миний гаргасан зохисгүй үйлдэлд хариуцлага тооцож байг хураах шийдвэр гаргасан. Эрх хасах эсэхийг би хэлж мэдэхгүй юм. Миний хувьд үзэгчдээ хүндлээд барилдаан алгасалгүй зодоглодог. Ер нь бөхийн өргөөнд зохион байгуулагдаж байгаа барилдаануудыг алгасалгүй зорьж үздэг. Сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдааныг ч тэр. Гоё үзүүштэй барилдаан тэндээс л гарна шүү дээ. Хараад суралцах ч юм бий. Миний өдий зэрэгтэй амжилттай барилдаж яваагийн нэг шалтгаан нь үүнтэй холбоотой болов уу гэж боддог юм. Бөх хөгжсөн өнөө үед гар амар өрсөлдөгч гэж үгүй. Нэг хоёрын давааны учраа ч гарын үзүүрээр унадаг цаг ард хоцорсон. Амны залуусын барилдааныг хараад арга барилыг нь нэг харчихад гэмгүй. Дараа учраа таарахад нь унахгүй.

-Үндэсний их баяр наадам эхлэхэд хоёр сар орчмын л хугацаа үлджээ. Харцагын бэлтгэл сургуулилт жигдэрч байна уу?

-Долоо хоногийн таван өдөр бэлтгэлээ базаагаад л амралтын өдрүүдэд нь барилдаад явж байна даа. Бэлтгэл жигдрээд сайхан л болж байна. Наадам дөхөх тусам л барилдааны хий зайгаа багш нартайгаа зөвлөж, унасан барилдаанууддаа дүгнэлт хийж байгаа.

-Барилдааны бэлтгэлээ та хэн багшийн удирдлага дор базааж байна?

-“Ховд” дэвжээнд улсын харцага Н.Батзаяа, улсын харцага Г.Алтангэрэл, улсын өсөх идэр начин Ц.Лхагвасүрэн нарын удирдлагад нутгийн залуустайгаа барилдааны бэлтгэлээ базааж байна. Хааяа Говь-Алтай аймгийн “Хантайшир” дэвжээний бэлтгэлд очиж залуустай хөлсөө гаргадаг юм.

-Өнгөрсөн жил та баяр наадмын өнгө шинждэг сар шинийн барилдаанд түрүүлсэн. Тийм ч учраас улсын наадмын өндөр даваанд гарах болов уу гэж харж байсан ч чадаагүй. Баянхонгорын Н.Золбоотой тунана гэж тооцож байсан уу. Тунасан барилдаанд хэрхэн барилдахаар тооцож байв?

-Өнгөрсөн жил бэлтгэл сургуулилт ханачихсан байсан шүү. Сар шинийн барилдаанд хүчтэй арслан П.Бүрэнтөгсийг өвдөг шороодуулж анх удаагаа түрүүлсэн. Наадмаар ч эхний даваануудад учраа бөхчүүдээ түвэггүй өвдөглүүлсэн. Тавын даваанд тунах болов уу гэж тооцож байлаа. Харин Н.Золбоотой тунана гэж санаагүй. Бид хоёр ч сумын цолтой байхаасаа л таарч барилдаж ирсэн. Өнгөрсөн жил наадмын тавын даваанд өөрт байгаа боломжоо дайчилж барилдаад болоогүй. Золбоо ч хий зай гаргахгүй нягт барилдаж байна лээ. Тунаж барилдаад цол ахих сайхан шүү дээ.

-Энэ жилийн тухайд наадмын өнгийг яаж харж байна. Өөрийн барилдаануудаа хэрхэн тооцоолж байна?

-Наадмын барил-даануудыг ч таах аргагүй шүү дээ. Бүгд л наадмын сэргээлтийн бэлтгэлд гараад жигдэрчихээд ирнэ. Амар даваа гэж нэг ч үгүй. Заалны барилдаануудаас тэс өөр. Миний хувьд өнгөрсөн жилийнхтэй ижил тунаж барилдах болов уу л гэж тооцоолж бэлтгэлээ чамбайруулж байна.

-Тавын даваанд сайн барилдаж байгаа харцага начингуудтай л тунах байх даа. Нэг дэвжээний хүчтэн О.Хангай харцагатай тунах магадлал өндөр шүү дээ?

-Шилэгдсэн бөхчүүд л тунаж барилддаг. Заалны барилдаанд түрүүлж үзүүрлэж, шөвгөрч байгаа харцага начингуудтай л тунах болов уу. О.Хангай харцагатайгаа ч тунахыг үгүйсгэх аргагүй. Надад тооцоолсон барилдаан байгаа.

-Та өнгөрсөн намраас хойш хэд хэдэн томоохон барилдаанд түрүүлээ. Дараа дараагийн цол, наадмын түрүү хэр хол харагдаж байна. Харцага цолтнууд наадамд сайн барилдаж байгаа шүү дээ?

-Бэлтгэлээ цалгардуулахгүй үнэнчээр хийгээд явж байхад наадмын дэвжээ ивээдгийг жишээ харуулж байна. Барилдаанд алгасалгүй барилдаад, бөх сонирхогч олноо хүндлээд хөдөлмөрлөөд явахад дараа дараагийн цолд хүрэх байх аа. Намайг дэмждэг, давахад минь хамт давж, унахад нь харуусч суудаг бөх сонирхогчид олон бий. Тэднийхээ итгэлийг алдахгүйн тулд илүү хичээнэ дээ.

-Сүүлийн жилүүдэд монгол бөхөд ховордсон өхийлдөх мэхийг даацтай хийж байгаа харагддаг. Арслангуудыг өхийлдөөд л суулгачихаж байгаа харагдсан?

-Миний барилдааны арга барил онцлогт тохирсон мэх юм даа. Өхийлдөх мэхээ илүү боловсруулж ажиллаж байна.

О.ДАШ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *